Мөрөөдөл болсон МЕРИТ зарчим

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Мерит гэж их сайхан үг. Даанч Монголд байдаггүй гэмтэй. Байхгүй зүйлээ өөрсдөөсөө хайсаар 30 илүү жил болжээ. Уг нь бид байлгах гэж их үзсэн юм. Төрийн хуулиа 13 жилийн зайтай дөрвөн удаа шинэчлээд, сүүлд хоёр ч нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл мерит зарчим нь мөрөөдөл хэвээр үлджээ. Тээр жил Б.Ренчин гуай “Этик” гэдгийг юу гэж орчуулах вэ гэхэд “Орчуулаад хэрэггүй, угаасаа монгол хүнд байдаггүй юм” гэж хариулсан хууч яриа байдаг шиг, меритийн тухай монголчуудын ойлголт хууч яриа лугаа адил үлдэж хоцрох дээрээ тулаад байна.

Мөрөөдөл болохоос өмнө

Мерит гэдэг үгийг Оксфордын толь бичигт “Хүлээн зөвшөөрөгдсөн зохист чанар” гэж тайлжээ. Өөрөөр хэлбэл тухайн субъектын сайн чанарыг нийтээр хүлээн зөвшөөрөх гэж ухаж ойлгож болно. Мерит гэдэг үг нь л ганган болохоос сайн гэдгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нь хүн төрөлхтөн үүсэн бий болсноос хойш оршсон болж таарна. Тиймгүй бол Хүн гүрний Атилла, Ромын Юлий Цезарь, Македоны Александр, Монголын Чингис хаан тэмцэхгүй байсан нь лавтай. Тэдний үйл хэрэг, үүтгэсэн систем нь мерит болсон учраас л лагшин дүр нь үгүй ч алдар суу нь түгсээр байна. Тэгэхээр үзэн ядаад байдаг коммунист нийгэмд ч, үзэл бодол болгоод байгаа ардчилсан нийгэмд ч мерит зарчим хийгээд түүний төлөөх тэмцэл байгаа гэсэн үг. Коммунист ёс суртахуун, эв хамтач үзэл, коммунизмын эд эс бүрийг нүдний цөцгий лугаа хайрлана гэдэг нь үнэн хэрэгтээ мерит зарчмаа л хайна гэсэн санаа байж. Тухайн үед коммунизм гэдэг ухагдахуун нь Монголд байгаагүй учраас эртнээс байхгүй зүйлээ өөрсдөөсөө хайгаад байсан гэсэн үг. Монгол хүний нүнжиг гэдэг нь сайн хийгээд мууд юунд ч үл хувирах шинж чанар болохоос сайныгаа бусдад гайхуулаад хүлээн зөвшөөрүүлэхийг нүнжигтэй монгол хүн лав тэвчихгүй.

Мөрөөдөл, мөрөөдөл

Нийтлэлд яригдаад байгаа мерит зарчим бол төрийн албанд илүүтэй хамаатай учраас энэ талаас нь өгүүлэх болно. Уншигч та төрийн албаны дарга ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцорчээ гэдэг мэдээ уншиж байв уу, ихэнх нь үгүй байх. Учир нь хуульд энэ төрлийн үг өгүүлбэр байсан ч чухам амьдрал дээр буулгах систем нь тодорхойгүй байсан учраас хариуцлага гэдэг зүйл яригдахгүй байгаа юм. Ямар сайндаа “Батлан хамгаалах салбарт хүний амь нас эрсэдлээ, хариуцлага хүлээх үү” гэх асуултад салбарын сайд нь “Би ямар хүн алсан юм уу” гээд хээвнэг сууж байхав дээ. Төрийн алба бол үйлчилгээний салбар. Тиймээс төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх шаардлагатай.  Нийтэд үйлчилдэг учраас төрийн албанд элсүүлэх, томилох, тушаал бууруулах, цалин хөлс, үйлчилгээний чиг үүрэг нь тодорхой байх ёстой. Чухамдаа төрд ажиллаж байгаа этгээд бол нийтэд сайнаараа хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Тиймээс мерит зарчим гэх зүйл гарч иржээ. Мерит зарчим алдагдвал албан өрөөндөө архидах, хүний амь насанд хүрэх, оймсондоо мөнгө нуух зэрэг зохист бус харилцаа газар авдаг гэдгийг түүх харуулж байна.

Меритээ олох оролдлого

Монгол Улс Төрийн албаны тухай хуулийг 1994, 2002, 2008, 2017, 2020, 2021 онд нийтдээ зургаан удаа шинэчлэн найруулж баталжээ. Шинэчлэн найруулах бүрдээ мерит зарчмыг тусгах гэж, төрийн албаа тунгалаг болгох гэж хичээж ирсэн байна. Хамгийн анх 1994 онд төрийн албаны тухай хуулийг батлахдаа дараах хэд, хэдэн санаануудыг шигтгэжээ. Нэн түрүүнд төрийн албанд баримтлах зарчмыг мэргэжсэн, тогтвортой байх гэж томъёолсон байна. Түүнчлэн төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага тогтоожээ. Нөгөөтэйгүүр төрийн захиргааны албан тушаал эрхлэх шаардлагыг тодорхой болгоод төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нийтэд мэдээлэх, иргэдийг сонгон шалгаруулж авах тогтолцоог бий болгосон байна. Үр дүнтэй нь уялдуулан цалин хөлс олгох, тушаал бууруулах, нэгдсэн үнэлгээний систем бий болгосон юм. Тухайлбал, Албан тушаалд тавигдах мэдлэг чадварын шаардлага гэдгийг 1994 оны Төрийн албан тухай хуулийн 10.1.-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх ур чадвар, боловсрол, мэргэжлийн бэлтгэл, туршлагатай байх явдал мөн” гэж заажээ. Гэвч тухайн үедээ лоозон төдий тодорхойлсноос бус хэн энэ шаардлагыг хэрхэн, яаж тогтоох нь тодорхойгүй үлдсэн юм. Түүнчлэн хуучин системийн бааз суурин дээр ардчилсан тогтолцоо бий болсон учраас адил түвшний албан тушаалд тавигдах шаардлагууд уламжлалт хэв шинжээрээ явж ирсэн. Сонгон шалгаруулалт ч нэр төдий байсан учраас төрийн албанд ажиллагсдыг сонгосон нэртэй л явж иржээ. Өөрөөр хэлбэл тухайн ангилал, зэрэглэлийн албан тушаалд тавигдах шаардлагад тухайн этгээдийн мэдлэг, чадвар нийцэж байгааг шалгахаас илүүтэй батлагдсан хуулийн заалтуудыг мэддэг байхад л анхаарсан байв. Энэ байдал одоо ч арилаагүй. Мерит зарчим мөрөөдөл хэвээр үлдэхийг 1994 оны хууль бараг шийдчихсэн байв. Түр томилгоо гэх зүйл баталснаар түр нэртэй бүр дарга нар нэмэгдсэн. Тухайлбал тус хуулийн 22.4.-т “Төрийн байгууллага нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг зургаан сар хүртэл хугацаагаар түр томилж болно. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно”, түүнчлэн 22.5.-д “Иргэнийг төрийн захиргааны албан тушаалд түр томилоход энэ хуулийн 17 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан журам (төрийн албаны мэргэшлийн шалгалт) хамаарахгүй” гэж заасан байв. Мэргэшүүлж авах, сургаж авах системийг энэ хуулиар зохицуулаагүй нь албан тушаалыг сонгуульд ялсан нам нь бялуу хувааж байгаа мэт хуваарилдаг гажиг тогтолцоог энэ хууль, үүнээс хойшхи бусад хууль ч зохицуулж чадаагүй юм. Хэдийгээр Засгийн газрын 1997 оны 19 дүгээр тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангиллаас хамааруулан мэргэшүүлэх” тухай тусгасан ч энэ нь авралын гарц болж чадаагүй юм. Төрийн албан тухай хуулийн 2002 оны шинэчилсэн найруулга өмнөхөөсөө хэд, хэдэн зүйлээр ялгаатай байлаа. Хамгийн гол нь Түр томилох тухай заалтыг хүчингүй болгосон. Түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, албан тушаалд авах үйл явцыг хуульд илүү тодорхой заажээ. Түүнээс гадна өмнөх хуулиар тусгаагүй байсан мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан томилох, дэвшүүлэх, халах заалтуудыг тусгаж өгөв. Түүнээс гадна Төрийн захиргын албаны зөвлөллийн эрх хэмжээг илүү өргөжүүлэн тогтоож Төрийн албаны зөвлөл нэртэйгээр шинэчлэн байгуулсан юм. Гэвч сонгуульд ялсан намуудын бялуу хуваах явдал арилаагүй, нийгмийн шүүмжлэл ч үүн рүү чиглэж байлаа. Тухайн үед эрх баригч МАХН үнэмлэхүй ялалт байгуулан, нэг намын дарангуйлал гэх ойлголт газар авсан байсан тул энэ төрлийн заалт оруулах акц явагдаж эхэлсэн. Улмаар 2008 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ме­рит зарчмыг дэмжсэн хэд, хэдэн зүйл, заалт хуульд нэмэгдэн оржээ.

Тухайлбал албан тушаалд тавигдах мэдлэг чадварын шаардлагын хувьд төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг УИХ, Төрийн албаны зөвлө тогтоохоор тус хуулийн 5.5, 33.5 дугаар зүйлүүдэд тусгажээ. Хамгийн гол шүүмжлэл дагуулж байсан улс төрөөс ангид байх зарчмын тухайтад 10.6 болон 15.1.14 дүгээр заалтуудад улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохыг хориглосон юм. Дурдахгүй байхын аргагүй нэг заалт бол 23.2-т “Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол төрийн албанаас чөлөөлөгдсөн байх” гэж заасан юм. Түүнээс гадна хуульд заасныг зөрчсөн иргэнийг албан тушаалаас нь чөлөөлөх, буруутай нь тогтоогдсон албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг шүүх шийдэж, шүүхийн шийдвэрт Төрийн албаны зөвлөл хяналт тавих, тус зөвлөлийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй тухай хуульд тусгасан гэдгийг тэмдэглүүштэй. Тэмдэглүүштэй олон зүйл байгаа ч Монголд батлагдсан хуулиудын бараа хувь заяагаар хэрэгжилт хангалтгүй байсан юм.

Чадах, чадахгүйн ялгаа

Огт байхгүй мерит зарчмаа манай төр хайсаар байсныг уншигч та хэдийнээ анзаарсан байх. Гэхдээ мерит гэдгээ хуульд яг үндсээр нь тодорхойлоогүй байгааг ч анзаарсан байж таарна. Меритээ хайж явсан манай төр Төрийн албаны тухай хуульд 2017 онд орсон нэмэлт өөрчлөлтөд “Мерит буюу чадахуйн зарчим” гэж томъёолжээ. Энэ тухай дараа өгүүлэх учраас түр азная. Хуульд орсон өөрчлөлтөөс онцлууштай хэд, хэдэн зүйл бий шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэхээр тусгасан, сургалтаар бэлтгэгдсэн байх шаардлагатай болсон зэрэг олон арван ойлголтууд нэвтэрсэн нь сайшаалтай.

Төрийн албаны тухай хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 3.1.3-т “Чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заажээ. Үүнээс чадахуйн зарчим гэж томъёолсныг уншигч та анзаараарай. Мэдэх, чадах хоёр асар ондоо ойлголт. Тухайн хүн юу ч чадаж болно. Гэхдээ бидний хайгаад байгаа мерит зарчим нь чадахын тухай ойлголт бус тухайн субъектийн чадаж байгааг нийтээр хүлээн зөвшөөрөх тухай ойлголт юм. Үнэлэгдсэн гавьяатай этгээд төрийн алба хашна гэсэн л санаа. Түүнээс биш чадахыг хэн ч чадна. Бүрэн бус дунд эсвэл дунд боловсролтой хүн өөрийнхөө сурсандаа тааруулаад юуг ч чадаж болно, сургуульд ямар дүн авч байгаагаас үл хамааран чадах, эсвэл чадахгүйн тухай ойлголт парадокс болж хувирах юм. Зарчмын тухай томъёолж болох ч үүнийг нь харгалзан томилох этгээдийн тухай ойлголт байхгүй учраас улстөрчдийн сонгуулийн шагнал болсоор өнөөг хүрчээ. Тухайн намд чадаж байгаагаа харуулсан бол нийтээр хүлээн зөвшөөрөгдөх тухай ойлголт хамаагүй болж таарч байгаа юм.

Гаднын гоё үгийг бид олж чаддаг ч Монголдоо нийцүүлэн зохистой орчуулаагүй хар гайгаар анх тодорхойлсон ойлголт анхны агуулгаасаа гаждаг гэм манайд байна. Коммунизм гэдгийг бид эв хамт нийгэм гэж тодорхойлоод 80-аад оны сүүл хүртэл 70 жил “таваргасан” ч энэ нь бидний тодорхойлсноос тэс хөндлөн зүйл байсныг коммунизмаа нураахдаа л мэдсэн. Яг үүн шиг мерит зарчмаа бид бүр хөндлөн агуулгаар нь хараад түүнийгээ хуульчлаад явж байгааг анхаарууштай.

Мерит зарчим яавал тогтох вэ

Мерит зарчмыг уг нь олж тогтоох гээд манай төр яваад л байж, яваад л байж. Одоо ч явсаар байна. Мерит зарчмыг буруул томъёолчихсон болохоос хэрэгжүүлэх дүрэм, журам гаргаж, огт заагаагүй зүйлсийг ч нэмж тусгасаар хамгийн сүүлд 2021 нэгдүгээр сард оруулсан өөрчлөлтөөр улам боловсронгуй болгож. Гагцхүү хууль хэрэгждэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй, хүссэн ч хийдэггүй, хийсэн ч чаддаггүй байсаар өнөөтэй золгожээ. Шатлан дэвшүүлэх бус карьерийн тогтолцооны хэлбэр давамгайлсан байгаа учраас мянган сайхан томъёолол байгаад хэрэгжихгүйн үндэс болж байна. Хамгийн түрүүнд бид “мерит” зарчмаа яг агуулгаар нь тодорхойлъё. Дараа нь төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг улам нарийвчлах ёстой. Ингэж байж мөрөөдөл болоод байгаа мерит зарчим тогтоно. Түүнчлэн тухайн албан тушаалд тавигдах мэдлэг, чадварыг нийтлэг судалгаан дээр үндэслэн тогтоох, төрийн албаны шалгалтын материалыг уг судалгаан дээр үндэслэн зохиох, үүнд хяналт тавих өөр нэг албан тушаал бий болгох ёстой. Түүнчлэн төрийн удирдах албан тушаалд тавигдах мэдлэг чадварын шаардлагыг албан ёсоор тогтоож нийтэд ил зарлах, олон нийтийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай.

Мерит зарчим гэж юу юм бэ, чадахуйн зарчим юм уу, мэдэхүйн зарчим юм уу, мэдлэг чадвар хосолсон ойлголт юм уу. Үүнийгээ тодорхой болгож байж зарчмаа бий болгоно уу гэхээс одоо бидний дагаж мөрдөх гээд байгаа мерит тогтолцоо бол хэт ерөнхий, хялбаршуулсан, өрөөсгөл ойлголт байсаар байна. Мерит зарчмыг нийтээрээ мэдэж байж уучлал гуйдаг төртэй, хэмжээгээ мэддэг албаттай, ёс зүйгээ ухамсарласан ажилтантай болно. Тэгэхгүйгээр ямар нэгэн өнгөтэй нам, гоё зүстэй этгээд шийдчих асуудал биш.             

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.73.81) 2021 оны 05 сарын 31

MERIT BUYU ZALARUULAGA,BUR SAIN SUDALVAL ARGA HEMJEE AVAH SHIITGEL..

0  |  0
зочин(202.72.247.19) 2021 оны 05 сарын 31

1991 оноос хойш төрийн албанд мерит зарчим алдагдсан. Ардын хүүхэд өөдөө гарахгүй, авлигачид, рецедив гэмт хэрэгтнүүдийн үр төл төрд шургалдаг болсон. Үүний тод жишээ бол Цөмийн энэергийн газарт мэргэжлийн физикч нэг ч байхгүй, даргын цүнх баригч долдой нар шургалж уран хоргүй гээд хашгираад явж байна. МУИС-ийн физикийн анги элсэгчгүй хаагдаж, СУИС-ийн хошин урлагын анги тоогоо алджээ\n

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 05 сарын 31

MERIT zarchim ulgeriin dalai mongold heregjihgui. Yagaad gevel uls tur turiin alband mash ih nuluulj bna. neg bol said darga nariin hamaatai huuhduud. nogoo talaar bol untaj hevttdeg saltaanii huuhnuud darga tsereg boldog nuuts bish ee

1  |  0
zochin(122.201.23.226) 2021 оны 05 сарын 31

olon yanzaar tailbarlaj bolno,zugeer l mergejilteng ahlah,ahlahig heltsiin darga,heltsiin dargig gazrin darga gehmetchilen devshuuleh heregtei,gazrin darga boltloo 20 jil ajillana,turshlagtai ajiidaa setgeltei bolno,hamt olondoo tanigdsan bna,harin ahlah bolgohdoo olon mergejiltnuudeesee negiig sain songon shalgaruulah heregtei

0  |  0
Top