Зээлийн сайн түүх хүн бүрт байхгүй ч, сэтгэл зүйн нөөц бүгдэд нь бий

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Зээлийн эрсдэл үүсгэх хоёр хүчин зүйл байдаг нь зээлээ төлөх чадамж (санхүү) ба зээлээ төлөх хүсэл (сэтгэл зүй) юм. Өөрөөр хэлбэл, хүн зээл авсны дараа хугацаандаа зээлээ эргүүлэн төлөх эсэхэд нэг талаас тухайн хүний санхүүгийн нөхцөл байдал хамааралтай ч нөгөө талаас сэтгэл зүйн хүчин зүйлүүд хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг СЗХ-ноос гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлд бичсэн байна.

Сэтгэл зүйн нөлөө нь зээлээ төлөх санхүүгийн чадамжтай хүнийг ч үр ашиггүй шийдвэр гаргуулж, зээлийг төлүүлэхгүй байх боломжтой гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн турш сэтгэл судлал болон зан төлөвийн эдийн засгийн салбарын судлаачид хүн төрөлхтөнд батлан харуулсаар ирсэн.

Гэвч дэлхий дахинд тус нөлөөг бүрэн анзааралгүй, өнөөг хүртэл зөвхөн сайн зээлийн түүхтэй, орлогоо нотлох баримттай хүнд л зээл олгохыг сонгосоор байна. Шинжлэх ухааны нээлтийг үл ойшоосноос болж дэлхий дахинд зээлийн түүх, барьцаа нотолгоогүй улмаас зээл авч чаддаггүй 1.7 тэрбум гаруй хүн ядууралд ойртсоор байна. Гэвч хүн бүрт зээлийн түүх, санхүүгийн нөөц байхгүй ч сэтгэл зүйн нөөц бүгдэд нь бий. Тиймээс сэтгэл зүйн үнэлгээний аргачлалыг ашигласнаар эрсдэлгүй зээлийн үйлчилгээг хүргэх боломж бүрэн нээлттэй.

Сэтгэл зүйн үнэлгээ буюу психометрик 20-р зуун хүртэл шинжлэх ухааны судалгааны арга зүйд нэвтрээгүй байсан (Thurstone, 1932) бөгөөд Spearman болон Thurstone зэрэг эрдэмтэд сэтгэл зүйн үнэлгээг оруулж ирснээр фактор анализын хэрэглээнд үнэтэй хувь нэмэр оруулсан. Бие хүний сэтгэхүйн чадамж болон зан байдлын хэв загварыг хэмжих зорилготой статистикийн болон судалгааны хэмжигдэхүүнд тооцогддог бөгөөд зорилгоосоо хамааран олон төрөл байдаг ба бодол, мэдрэмж, хандлага, үйлдлийг судлахад чиглэсэн энгийн ойлгомжтой асуултуудаас бүрдэнэ.

Орчин үед технологитой хослуулснаар орон зайнаас үл хамааран хүнийг богино хугацаанд судлах чухал хэрэглэгдэхүүн болоод байгаа билээ. Ажиглалтын аргаас ялгаатай нь хүн өөрийн мэдэрч буйгаараа асуултад хариулдаг тул үр дүнд гадны нөлөө орохгүй бодитой байдаг. Гэвч хүнийг судалж байгаа аргачлал нь шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн, найдварт чанарыг хангасан байх ёстой. Сэтгэл зүйн тест гэсэн нэрээр хүнээс юуг ч хамаагүй асууж хариултад нь тулгуурласан дүгнэлт гаргаж болохгүй.

Аливаа судалгааны зорилгоор ашиглагдаж буй сэтгэл зүйн үнэлгээ нь хамгийн наад зах нь найдвартай, баталгаат чанар ба тохирох чанарын шинжилгээний шалгуурыг давсан байх шаардлагатай.

Сэтгэл зүйн үнэлгээ нь үүссэн цагаасаа эхлэн боловсрол, сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм судлалд түлхүү ашиглагддаг бөгөөд санхүүгийн зах зээлд зээлийн эрсдэлийн үнэлгээнд ашиглагдаж эхлээд 10 гаруй жил болоод байна. Гэвч энэ хугацаанд дэлхий нийтээрээ хэрэглэж болохуйц зээлийн эрсдэлийг бүрэн тодорхойлж чадахуйц сэтгэл зүйн үнэлгээний аргачлал өнөөг хүртэл бүтээгдээгүй. Энэ нь зээлдэгчийн зан төлөв, эргэн төлөлтийн хандлагад харьяалагддаг улс орон, үндэстний сэтгэл зүйн онцлог, газар нутгийн соёл, үнэт зүйл, нийгмийн хэм хэмжээ нөлөөлдөгтэй холбоотой байж болзошгүй юм.

Иймээс 2018 онд хамгийн анх Монгол хүний хариуцлага, хэлсэндээ хүрэх байдал, зарчимч зэрэг зан төлөвийн онцлогийг онол болон туршилт судалгаануудад тулгуурлан тодорхойлсон байдаг. Тус сэтгэл зүйн аргын тусламжтай хувь хүн зээлээ цагт нь буцаан төлөхөд санхүүгийн боломжоос нь илүүтэйгээр тухайн хүний хариуцлага, мөнгөнд хандах хандлага, өөрийн хяналт, өгөх хандлага гэсэн сэтгэл зүйн хүчин зүйлс нөлөөлдөг болохыг илрүүлжээ. Энэхүү судалгааны ажлаа батлан, дэлхийн нэр хүндтэй MDPI (Academic Open Access Publishing)-н Behavioral Sciences сэтгүүлд “Effect of Psychological Factors on Credit Risk: A Case Study of the Microlending Service in Mongolia” нэртэйгээр нийтлүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top