Нийслэлд хэрэгжиж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа
-2021 онд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ?
-Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын мэдээг сар болгон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс авдаг. Энэ мэдээгээр 2021 оны эхний зургаан сарын байдлаар шинээр бий болсон ажлын байр 1060, ажлын байрны захиалга 5386 байна.
Ажилд бүртгүүлсэн 4327 иргэн байгаагаас 2139 иргэн ажилд оржээ. Тавдугаар сарын 8-наас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажлын байрыг нэмэх, дэмжих чиглэлээр арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Энэ сарын 7-8-нд “Career expo” платформоор "Цахим төгсөлт-цахим ажлын байр" өдөрлөгийг хийж байгаа. Их, дээд сургуулийн дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 18 төвтэй мэдээлэл солилцож, 183 ажил олгогчийн 2100 ажлын байр одоогоор бүртгэгдсэн.
-Ажлын байрыг дэмжих арга хэмжээг цахимаар явуулах нь хэр үр дүнтэй байгаа вэ?
-Ажил хайгч иргэдийн хувьд шинэлэг үйлчилгээ нэвтэрч байгаа учраас бүрэн ашиглаж хэвшээгүй байна. Гэхдээ эхний арга хэмжээнд 269 иргэн бүртгүүлж, 150 иргэн ажлын ярилцлагад цаг товлолт хийж бол өнөөдөр 800 орчим оюутан "Цахим төгсөлт-цахим ажлын байр” арга хэмжээнд бүртгүүлж, давхардсан тоогоор 1000 гаруй төгсөгч ажлын байрны ярилцлагад цаг товложээ. Өмнө нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллага дээр заавал биечлэн ирж ажилд ордог байсан бол цахим үйл ажиллагаа ажил хайгч, ажил олгогч аль алинд нь илүү хүртээмжтэй байна.
-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хөдөлмөр эрхлэлтийн хэдэн төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, ажлын байранд зуучлах арга хэмжээ, цагийн ажилд зуучлах арга хэмжээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ зохион байгуулдаг. Жил болгон хөтөлбөрүүд хэрэгждэг. Энэ жил гол таван арга хэмжээ хэрэгжиж байгаа. Нэгдүгээрт, оюутан залуусыг цагийн ажилд зуучлах арга хэмжээнд энэ жил 7000 залуусыг хамруулна. Оны эхний улиралд хөл хорионы улмаас цагийн ажилд бага хамрагдаж байсан боловч одоо ажил олгогч байгууллага захиалгаа өгөх, иргэд бүртгүүлэх үйл ажиллагаа цахимаар хэвийн явж байна.
-Одоогоор цагийн ажилд хэдэн оюутан орсон бэ?
-Цагийн ажилд зуучилсан 1034 оюутан байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан гэдэг том зургаар авч үзвэл илүү тоо гарна. Манай байгууллагын цахим хуудас болон Багшийн дээдийн “Сонор” плазад 2017 оноос хойш цагийн ажлын тусгай бирж ажиллаж байгаа. Тэндээс мэдээлэл авч болно. Ажлын байрны захиалгаа их, дээд сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд рүү хүргүүлж, мэдээлэл солилцож байна. Зуны улиралд болон баяр ёслолын үед цагийн ажил илүүтэй гардаг. Жишээлбэл, “Номин Холдинг” ХХК-иас 50 оюутныг цагийн ажилд авах хүсэлтээ өгсөн. Тэднийг өөрсдөө сургаад цагийн ажил гарах бүртээ тогтмол ажиллуулж байх хүсэлтэй байгаа. “И-март” сүлжээ дэлгүүр ч гэсэн цагийн ажилтнаа өөрсдөө сургаж авах хүсэлтэй байдаг. Энэ мэтээр ажил олгогчид цагийн ажлын үйлчилгээнд нааштай хандаж байна. Цагийн ажлын бирж байнгын хамтрагч байгууллагуудтай болсон. Хувийн хөдөлмөрийн биржээс давуу талтай нь төлбөр авахгүй. Цагийн ажил гарсан тохиолдолд бүртгүүлсэн хүмүүс рүү холбоо барьж мэдээлэл өгдөг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг.
-Орон нутагт гэрээт малчнаар ажиллах иргэдийг бүртгэж байгаа гэсэн. Энэ ямар арга хэмжээ вэ?
-Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ хэрэгжиж байна. Нийслэлээс орон нутагт гэрээт малчин өрхөөр ажиллах хүсэлтэй 18-59 насны хоёроос доошгүй гишүүнтэй нийт 100 өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 38 өрх мал маллах хүсэлт өгсөн байна. Арга хэмжээний хүрээнд нэг өрхөд нийт гурван сая төгрөгийн дэмжлэг олгоно. Тухайн орон нутаг руу нүүх зардлыг нь өгнө. Ажил олгогч малчдын судалгааг 21 аймгаас авсан. Өнөөдрийн байдлаар 193 ажил олгогч малчны судалгаа ирсэн байна. Цаашдаа бүртгэл, судалгааг нэмэлтээр хийнэ.
-Мал маллах хүсэлтээ иргэд яаж бүртгүүлэх вэ?
-Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хороодын хөдөлмөр, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож бүртгүүлнэ. Хорооноос хэсгийн ахлагч нар мал маллах хүсэлтэй иргэд байна уу гэсэн зарыг хүргэж байгаа.
-Гэрээт малчнаар ажиллах хугацаа ямар байх вэ?
-Гэрээт малчин хоёр жилийн хугацаанд ажиллана. Гурван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй олгоно. Орон нутгаас хотод ирээд ажил олдохгүй удсан иргэдийг дэмжих зорилгоор арга хэмжээг зохион байгуулж байна.
-Ажил хайж буй иргэдийг сургалтад хамруулах, мэргэжил олгох чиглэлээр ямар ажил хийдэг вэ?
-Мэргэжлийн болон давтан сургалт явуулдаг. Танхимаар нэгээс зургаан долоо хоногийн хугацаатай мэргэжлийн үнэмлэх олгох сургалт зохион байгуулдаг. Энэ жил 300 орчим иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан 55 мэргэжлийн дагуу сонголтоо хийж сурна. Үсчин, гоо сайхан, маникюр, оёдол эсгүүр, хүнд машин механизмын оператор зэрэг мэргэжлийн дагуу сургалтад хамрагдахын тулд дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандаж бүртгүүлнэ.
-Мэргэжил олгох сургалт төлбөртэй юу?
-Сургалтын зардлыг улсаас төлдөг. Ер нь жилд 1000 гаруй хүн хамруулдаг сургалт. Энэ жилийн хувьд тоо харьцангуй бага батлагдсан. Учир нь энэ жил нийслэлд 2500, орон нутагт 2500 гээд нийт 5000 залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулахаар болсон шүү дээ.
-Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтыг хэлж байна уу?
-Тийм ээ. Энэ сургалтын бүртгэл зургаадугаар сарын 10-наас эхлэхээр төлөвлөсөн. Е-mongolia платформоор иргэдийг бүртгэнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй бол нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төвд нийслэлийн иргэдийг бүртгэнэ. Орон нутгийн иргэд е-mongolia эсвэл тухайн аймаг, сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хэлтэст хандаж бүртгүүлнэ. Бүртгэл долоо хоногийн хугацаатай, сургалт долоодугаар сарын 16-наас эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бүртгүүлсэн иргэд 14 хоногийн сургалтад хамрагдана. Дараа нь ажил олгогч байгууллага дээр 14 хоногийн дадлага хийнэ. Сургалт, дадлага тус тус 500 мянга, нийт нэг сая төгрөгийг олгож, иргэдийг чадавхжуулна. Залуусыг шууд ажлын байртай болгох, эх оронч төлөвшил, ажил хийх зөв дадлыг бий болгох зорилгоор энэ сургалт, дадлагыг хийх юм.
-Нийслэлд бүртгэлтэй ажилгүй иргэд хэд байна вэ. Цар тахал ажилгүйдэлд нөлөөлж байна уу?
-Нийслэлийн есөн дүүрэгт бүртгэлтэй ажилгүй иргэд буюу ажил хайгчаар 4327 иргэн бүртгүүлсэн байна. Цар тахалтай ч гэсэн ажил хайсан иргэн олон байгаа. Хөл хориогүй учраас ажлын байрны захиалга ч өсөж байна.
-Ажил олгогч компаниудын зүгээс ажил хайж байгаа иргэнд ихэвчлэн ямар шаардлага тавьдаг вэ?
-Мэргэжил, ур чадварыг эхэнд тавина. Ажил хайгчийн харилцаа хандлага, ажиллах чин хүсэл хамгийн чухал байна. Ажил хийх чин хүсэлтэй бол чадавхжуулж болно гэж ихэнх байгууллага үздэг.
-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд байрладаг. Уг төвөөр долоо хоногт хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрийн байдлаар ажилд орохоор 11 иргэн бүртгүүлсэн, өмнөх бүртгүүлсэн иргэдээс 20 иргэн ажилд орсон. 109 ажлын байрны захиалга ирсэн байна. Нийт ажлын байрны захиалгаас үйлчилгээний салбарт 100 ажлын байр, хөдөө аж ахуйн салбарт хоёр, эрүүл мэндийн салбарт хоёр ажлын байрны захиалга иржээ. Ер нь нийслэлд бүсчилсэн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван төв хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүрэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв барихаар судалгаа хийж байна.
-Энэ жилд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад арга хэмжээнээс танилцуулахгүй юу?
-Энэ жил залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ. Зургаадугаар сарын 4-ний өдрөөс есөн дүүрэгт бүртгэл эхэлсэн. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлэл авч болно. Энэ жил нийтийг хамарсан арга хэмжээнд буюу оюутан залуусыг нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх, мод тарих зэргээр хамруулахаар төлөвлөсөн. Дүүргүүдэд ажилгүй иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох, борлуулалтын дэмжлэг, аж ахуй эрхлэлтийн сургалт, ахмад мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих арга хэмжээ зэрэг хэрэгждэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
нийслэлд мал аж ахуй яриад байх юм. хөдөлмөрийн газарт тэр жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудаа нэгтгээд хүмүүсээ ажил хийлгэмээр байна. 4000 хүн ажилгүй байн гэдэгт итгэхгүй байна. гадуур хог түүдэг хүмүүс л гэхэд энэнээс их бгаа.