Х.Батбилэг хүүгийн мөрөөдөл бол та бидний хэзээ ч мөрөөдөж байгаагүй мөрөөдөл. Би том болоод алхаж чаддаг болоод Ананд найзтайгаа уралдана гэж ярих нь зүрх зүсмээр өрөвдмөөр.....
Х.Батбилэг хүү 4 настай, тархины саажилттай. Тархины саажилтын улмаас түүний хөл чангардаг. Энэ нь түүний хөдөлгөөнд хүндрэл үүсгэж хүү өнөөдрийг хүртэл бие даан хөл дээрээ алхаж үзээгүй. Хэдийгээр хөдөлгөөний хоцрогдолд орсон ч хүү оюуны хоцрогдолгүй бөгөөд бэрхшээлгүй эрүүл хүүхдүүдтэй хамт цэцэрлэгт явдаг байна. Түүний ээж О.Жавхлантай ярьсан яриаг та бүхэнд хүргэе.
-Сайн байна уу. Та хүүгийнхээ талаар бидэнд ярьж өгнө үү.
-Сайн, сайн байна уу. Миний хүүг Х.Батбилэг гэдэг 4 настай. Тархины саажилттай. Хүү минь хөдөлгөөний хоцрогдолтой бөгөөд одоогоор өвдгөн дээрээ босоод алхдаг, дөрвөн хөллөөд мөлхдөг. Оюуны бэрхшээл болон хоцрогдол байхгүй. Тийм болохоор бид хүүгээ бусад хүүхдийн адилаар улсын цэцэрлэгт бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамт явуулдаг. Тэгш хамруулах боловсролд хамруулдаг. Энэ нь тухайн хүүхдэдээ ч тэр бусад хүүхдэдээ ч тэр маш ач холбогдолтой учраас бид хүүгээ хөгжих, нийгэмших тэр бүх бололцоогоор хангахыг хичээдэг. Хүүгээ анх цэцэрлэгт өгөхдөө эрүүл, бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамт сураад өөрийгөө улам дайчлаад хөлд орно байх хэмээн бодож өгч байсан юм. Бид ийм шийдвэр гаргасандаа маш их баяртай байдаг. Хүүхдүүд гэдэг цагаан цаас л гэсэн үг. Миний хүүгийн ангийн найзууд нь анх хүүг минь мэддэггүй байсан. Тэгээд яваандаа тэд нар сэтгэл зүрхээрээ мэдэрдэг юм билээ. Хүүд минь туслаад тоглоомыг нь хүртэл дөхүүлээд өгдөг гээд багш нар нь ярьж байсан. Тэгэхээр хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгуулж, бусдаас өөр гэдгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг бага наснаас нь зааж ойлгуулах хэрэгтэй санагддаг.
-Танай хүүг хөл дээрээ явдаг болох тухай хариу гадаад улсаас ирсэн гэж байсан энэ тухай та дэлгэрэнгүй ярьж өгнө үү.
-Тиймээ АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луис Хүүхдийн эмнэлгээс Selective Dorsal Rhizotomy гэдэг хагалгааг хийлгэснээр хөл дээрээ явж чаддаг болно гэсэн хариуг ирүүлсэн байгаа. Энэ хагалгаа нь нугасанд хийгдэх хагалгаа юм. Буруу дохио өгч хөлийг чангаруулж байгаа мэдрэлийг тасалдаг хагалгаа бөгөөд энэхүү хагалгааг тухайн эмч маш олон орны 5000 гаруй хүүхдэд хийж, бүгд хагалгааны үр дүнг хүртсэн байдаг. Энэ хагалгааг манай улсад хийдэггүй бөгөөд бид АНУ-ыг зорих гэж буй анхны хүүхэд болох юм. Хүүтэй минь ижил төстэй хүүхдүүдэд энэ мэдээллийг хүргэж олон хүүхэд боломжийг битгий алдаасай гэж хүсээд олон хүмүүст хүргэхийг хүсэж байгаа учраас бид пэйж хуудас www.facebook.com/gobillygo, вэб хуудас www.gobillego.com нээсэн байгаа. Энэ пэйж хуудсаа бид хандивын аян дууссан ч үргэлжлүүлээд явна. Хагалгаанд ороод ямар хугацаанд хэрхэн үр дүн гарч байгааг үзүүлэхийг хүсэж байгаа юм. Бид хагалгаа болон тэнд бүтэн сарын хугацаанд хөдөлгөөн заслын эмчилгээнд хамрагдах, хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг нийлүүлээд 90000$ бүрдүүлэхээр зорьсон бөгөөд өөрсдийн зүгээс чадлаараа хичээж үзгэн бал борлуулж, өөрсдийн гараар охидын үсний зүүлт хийж борлуулж, мөн хүүхдүүдийнхээ хайраар сэдэвлэж бүтээсэн хүүхдийн ном бүтээж борлуулж байгаа. Бидний хандивын тал хувь нь бүрдсэн байгаа. Бидэнд тусалж, хандив туслалцаа үзүүлж байгаа байгууллага, хувь хүмүүст энэ завшааныг ашиглаад маш их баярлалаа та бүхний ачаар хүү минь хөл дээрээ алхах өдөр удахгүй ирнэ байхаа хэмээн итгэж байгаа гэж хэлэхийг хүсэж байна аа. Удахгүй бид 2021.06.20-нд 13:30 цагаас UBS телевизээр хандивын тоглолт хийх гэж байгаа.
-Энэ бүхий л хугацаанд танд болон таны гэр бүлд ямар бэрхшээл, саад тулгарч байв?
-Бид хандивын аян эхлүүлээд удаагүй байхад манайх дотооддоо Ковид-19 алдсан нь бидэнд хамгийн том бэрхшээл байсан гэж хэлж болно. Хүүгээ 4 нас хүрэхээс нь өмнө амжаад аваад явчих санаатай эхэлсэн боловч бидний UB Palace-д хийх гэж байсан концерт бүр билетээ хэвлүүлж байхад цуцлагдаж байж билээ. Тэгээд түүнээс хойш дандаа л хөл хорио явагдаад борлуулж байсан зүйлсээ хүмүүст хүргэж чадахаа байсан. Хүмүүсээс зүгээр мөнгө гуйна гэдэг бас хандивын аян явуулна гэдэг амаргүй даваа юм билээ. Тийм учраас зарим зүйлийг өөрсдөө хийж бүтээж борлуулсан. Ялангуяа хүүхдийн ном бол олон сар хөөцөлдөж байж гарсан бүтээл болсон юм. Энгийн ном биш гэдгийг хүмүүс ойлгоосой. Энэ төрлийн ном манайд ховор байдаг учраас зорин зорин хийсэн минь учир утгатай. Номд гарах утга санааг олон хүүхэд эцэг эхчүүдэд хүргэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтыг эерэг, зөв тийш хандуулахад тодорхой хэмжээгээр өөрсдийн зүгээс хийж чадах зүйл гэж харсан учраас шантраагүй зүтгэсэн. Тийм ээ амар байгаагүй нь үнэн. Эцэг, эх болсон хүн үр хүүхдийнхээ төлөө зүтгэнэ угаасаа үүрэг шүү дээ. Хүү минь одоогоор жоохон байна хүүгийнхээ эрх ашгийн төлөө бид л дуугарч, хөдөлнө. Хүү минь том болоод яагаад хөл дээр минь босгох хагалгаанд намайг явуулаагүй юм бэ гэж бүү асуугаасай хэмээн өнөөдөр бид ингэж зүтгэж байгаа. Бид хүүгээ нийгэмд хариуцлагатай, хүнлэг, өөрийн хувь нэмрээ эх орондоо оруулах хүн болгож хүмүүжүүлнэ хэмээн хичээж яваа. Бид хүүгээ хэн нэгнээс хамааралтай, хүний гар харсан, халамжаар амьдардаг хүн болохыг хүсэхгүй байна. Тийм учраас л хүүгийнхээ ирээдүйн төлөө, хүүтэй минь ижил оноштой хүүхдүүдийн төлөө энэ мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа.
Та бүхэн энэ гэр бүлийг дэмжиж хандив өргөхийг хүсвэл доорх дансуудаар хандив өгөх боломжтой.
ХААН банк 5111577442
ГОЛОМТ банк 2025120186
ХХБ 404250524
ТӨРИЙН банк 341303448846
ХАС банк 5003757304
Хүлээн авагч: Х.Батбилэг
Сэтгэгдэл ( 0 )