Сүүлийн сар гаруй хугацаанд КОВИД-19 халдвараар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өвчлөх нь нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна.
Тэр дундаа хүүхдийн халдвар эрс өссөн аж. Хэдхэн хоногийн өмнө найман настай хүүхэд КОВИД-19 халдварын улмаас нас барсан. Өчигдөр 0-18 насны 500 гаруй хүүхэд, өнөөдөр 618 хүүхэд шинээр халдвар авчээ. Тэдний цөөн хувь нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн байна. Харамсалтай нь, хүүхдийн халдварын 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.
Энд нэг зүйлийг анхааруулахад НЯМ гарагт батлагдсан хүүхдийн халдвараас ДАВАА гарагт 300 хүүхдээр огцом нэмэгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт 18 мянга гаруй хүүхэд КОВИД-19 халдвараар өвчлөөд байна.
Одоогоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа гэсэн мэдээлэл байна.
Ийнхүү халдвар нэмэгдэж байгаа шалтгаан нь зөвхөн ахуйн хүрээнд дэх халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байгаатай холбон эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хичээл, сургууль байхгүй тул ар гэрийнхнээсээ, зарим нь дугуйлан сургалтад хамрагдах явцдаа, ихэнхдээ тоглоомын талбайд халдвар дамжуулах эрсдэлтэй байна. Мөн эцэг, эхчүүд гадуур явахдаа бага насны хүүхдээ амны хаалтгүй авч явдгийг эмч, мэргэжилтнүүд шүүмжилж байна.
Иймд хүүхдүүд гэрээсээ гарахгүй байх, гадаа байх шаардлагатай бол эцэг, эхийн хараа хяналтад байх, хүүхдээ аль болох шинэ хүмүүстэй уулзуулахгүй байхыг чухалчлах хэрэгтэй байна.
Харин өнөөдөр /2021.06.15/ бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насы 618 хүүхэд халдвар аваад байна.
Түүнчлэн 25-34 насны иргэдийн халдвар хамгийн өндөр байна. Тухайн насны маш олон хүн вакцинаа тариулаагүй гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
Сэтгэгдэл ( 0 )