Өндөр үнээр вирусний эсрэг эм худалдаалж байсан аж ахуйн нэгж, эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар болон шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байгаа асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эмийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжийн байдалд шалгалт хийж дууслаа. Шалгалтыг хэдэн байгууллагад хийв. Ямар үр дүн гарсан бэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байнгын хороонд арбидол эмийн тухай асуудал хөндөгдсөн. Коронавирусний халдвар аваад гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд, мөн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уг эмийг иргэд хэрэглэж байна.
Зөвхөн арбидол эмээс гадна арбивир зэрэг вирусний эсрэг үйлчилгээтэй эмүүд байгаа. Үүнд, УИХ-ын нэр бүхий гишүүдийн “6000 төгрөгөөр зарагдаж байсан эм 30 мянган төгрөг хүрч, тав дахин өслөө” гэсэн мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтраад хяналт шалгалт хийсэн. Тухайн эмийг нэг удаагийн лицензээр Монгол Улсад оруулж ирж байгаа. Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд ороогүй эм. 2020 оны сүүлээс манай улсад орж эхэлсэн. 2005 оноос өмнө арбидол эмийг SARS халдвар дэгдэхэд Монгол Улсад оруулж ирсэн байдаг. 2005 оноос хойш өнгөрсөн оны сүүлд анх удаа манай улсад орж ирсэн гэсэн үг. Одоогоор 14 аж ахуйн нэгж импортолж оруулж ирж байгаа. Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу тухайн эмийг КОВИД-19 цар тахлын үед халдварт өртсөн хүмүүс авч хэрэглэж байгаа юм. Вирусний эсрэг эмийн шалгалтыг тухайн 14 аж ахуйн нэгж, компанид хийлээ. Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Монос”, “Дакал фарм”, “Ач үр”, “Энто” зэрэг эмийн сан, “Монос фарм трейд” ХХК, “Ач үр” ХХК, “Мөнхийн тун” ХХК зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар арбидол 100 мл, 20 ширхэгтэй эм бөөний үнэ нь 27720-31500 төгрөгөөр, жижиглэнгийн үнэ 38000-43000 төгрөгөөр борлуулж байсан. Вирусний эсрэг арбивир 200 мл, 10 ширхэгтэй эм бөөний үнэ нь 23400 төгрөгөөр, жижиглэнгийн үнэ 29000-33000 төгрөгөөр худалдаалж байсан.
-Шалгалтаар эмийн үнэ харилцан адилгүй буюу заримдаа хэт өндөр үнээр худалдаалагдаж байсныг илрүүлжээ. Голлон ямар зөрчил, аль компанид илэрсэн бэ?
-Шилэн данстай холбоотой шалгалтаар “Ач үр”, “Мөнхийн тун” гэсэн хоёр компани 700 гаруй сая төгрөгөөр арбивир эмийг импортоор оруулж ирсэн. Энэ авсан мөнгөөрөө яагаад эм нийлүүлээгүй, яагаад эмийн үнэ хөөрсөн гэдэг асуудал хөндөгдөж асуудал үргэлжилж байна. Арбидол эмийг “Монос фарм трейд” ХХК их хэмжээгээр оруулж ирж байгаа. Тухайн эмийг “Монос”-ынхоо эмийн санд 27720 төгрөгөөр нийлүүлж байгаа боловч бусад эмийн санд 31500 төгрөгөөр хайрцагтаа 20 ширхэгтэй эмийг нийлүүлж байсныг тогтоосон. Эрүүл мэндийн сайдын нэг ширхэг нь 1000 гаруй төгрөг гэж тайлбарлаад байгаа нь нэг ширхэг арбидол эмийг бөөний үнээр тооцоод үзэхээр 1386 төгрөг болж байна. “Монос”-ын эмийн сангуудаар бөөний үнэ 27720 төгрөгөөр худалдаалж байгаа хэдий ч бусад эмийн санд жижиглэнгийн үнэ 38-43 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь батлагдсан. “Ач үр”, “Мөнхийн тун” компанийн хувьд арбивир эмийг 700 гаруй сая төгрөгөөр импортоор оруулж ирсэн нь тогтоогдсон. Арбивир эмийн гаалийн үнэ нь 8300 төгрөгийн өртөгтэй. Гаалийн үнийг үйлдвэрийн үнэ гэж тайлбарлаж байгаа. Хайрцагтаа 100 мл, 10 ширхэгтэй эм учраас нэг ширхэг нь 830 төгрөг болно. Бөөний үнэ буюу тухайн тендерт нийлүүлсэн үнэ нь 17990 төгрөгөөр Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн. Гэтэл тэр эм нь борлуулалтад гараагүй. Улсаас эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэж байгаа КОВИД-19 туссан хүмүүст шууд үнэ төлбөргүй очиж эмчилгээнд орж байгаа юм билээ. Илүү орж ирсэн арбивир эмээ бусад эмийн сангуудад 23400 төгрөгөөр бөөний үнээр өгсөн. Энэ нь эмийн сангуудээр нэг ширхэг нь 2900 төгрөг, “Монос”-ын эмийн санд хайрцаг нь 23400 төгрөгөөс эхэлж зарагдаж байна. Бусад эмийн санд 29000-33000 төгрөгөөр жижиглэнгийн үнэ тогтсон байна. “Мөнхийн тун” компанийн хувьд арбивир эмийг мөн адил 200 мл, 10 ширхэгтэйг 10550 төгрөгийн гаалийн үнээр, тендерт 21 мянган төгрөгөөр өгсөн. Гадуур эмийн сангаар зарахгүй, зөвхөн өөрийн харьяаллын 13 эмийн сангаар жижиглэнгийн үнэ 32 мянган төгрөгөөр арбивир эмийг худалдаалж байжээ.
-КОВИД-19 халдварын үед хэрэглэж байгаа вирусний эсрэг эмтэй холбоотой гомдол санал иргэдээс хэр ирсэн бэ?
-Шалгалт дуусаад Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгээд албан ёсоор өнөөдөр /өчигдөр/ хүргүүллээ. Бодит байдлыг мэдээлэхээс гадна “КОВИД-19 халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэн, иргэдийн санхүүгийн чадвар буурсан, олон иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг боловч даатгалаараа үйлчилгээ авч чаддаггүй” гэсэн гомдол хүсэлт иргэдээс их ирсэн. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас вирусний эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалд зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтийн жагсаалтад оруулах тухай саналаа Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд байна.
-Эм ханган нийлүүлэх байгууллагууд зөвхөн вирусний эсрэг ч гэлтгүй эмийг харилцан адилгүй үнээр зах зээлд нийлүүлэх нь өөрөө зөрчил гэж ойлгож болох уу?
-Хоёр янзын зүйл байна. “Монос фарм трейд” ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон. “Монос фарм трейд” ХХК өөрийнхөө эмийн санд арбидол эмийг 27720 төгрөгөөр нийлүүлээд бусад эмийн санд 31500 төгрөгөөс дээш үнээр нийлүүлсэн тухайд асуудал үргэлжилж байна. Харин арбидолыг 38-43 мянган төгрөг хүртэл үнээр худалдаалсан эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт албан ёсоор хүргүүлж байна. Арбидол, арбивир эмийг оруулж ирж байгаа бүх аж ахуйн нэгж, эмийн санд үнээ буулгах, боломжит үнээр худалдаалах албан шаардлагыг тавьсан.
-“Монос фарм трейд” ХХК арбидолыг өөрийнхөө эмийн санд хямдаар бусад эмийн санд өндөр үнээр нийлүүлсэн байна шүү дээ. Өрсөлдөөний тухай хуулиараа үүнд ямар арга хэмжээ авах зохицуулалттай вэ?
-Энэ тал дээр үргэлжлүүлэн шалгах ажиллагаа явуулж байна. Ажиллагаа энэ долоо хоногт дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Өрсөлдөөний тухай хуульд “Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг хориглоно”, “Ялгавартай үнээр эм худалдаалж, нийлүүлэхийг хориглоно” гэсэн утга бүхий заалт байдаг.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас коронавирусний халдварын үеийн нөхцөл байдал, үнийн хөөрөгдөл зэрэгт сүүлийн байдлаар хяналт шалгалт хийж байна уу?
-Тавдугаар сарын хатуу хөл хорионы үеийн дараагаас манай албан хаагчдаас олон хүн коронавирусний халдвар туссан. Байцаагч нар эдгээд ажилдаа орж ирж байгаа учраас хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж бүрдэж байна. Өнөөдөр /өчигдөр/ өглөө 07.00 цагаас “Хүчит шонхор” захаас эхлээд бусад зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байгаа.
-Танай шалгалтуудаар янз бүрийн зөрчил л илрүүлэх юм. Гэтэл байгууллага, аж ахуйн нэгжүүд зөрчлийн арга хэмжээг хүлээж авч байгаа байдал, алдаагаа засах нь хэр байдаг вэ?
-Торгууль шийтгэлийн арга хэмжээнээс гадна зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Зөгийн балны хаяг шошготой хамааралтай асуудлаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу “Газар шим” ХХК зэрэг байгууллагад шалгалт хийсэн шүү дээ. “Газар шим”-ийн зөгийн бал хиймэл зөгийн бал гэж худалдаалагдаж байгаа. Тус компани нь зарим газраас хаяг шошго зөрчилтэй зөгийн балынхаа татан авалтыг өнөөдрийг хүртэл хийгээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор хандаж, албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай хүсэлтээ хүргүүллээ. “Видан”, “Багро”-гийн зөгийн балны хувьд ч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Тус бүр таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
-“Газар шим” ХХК-ийн зөгийн бал хаяг шошгын яг ямар зөрчилтэй байлаа?
-Үйлдвэрийн аргаар боловсруулсан хиймэл зөгийн бал байсан учир “Хиймэл зөгийн бал” гэсэн шошготой болгож өөрчлөхийг үүрэг болгосон. Өмнөх нь “Зөгийн бал” гэж худалдаалж байсан гэсэн үг. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй тул үйлдвэрлэгчийг таван сая төгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан юм. Шалгалтыг тавдугаар сарын сүүлээр хийж, асуудлыг тогтоосон.
-Албадан гүйцэтгэх үйл ажиллагаа бол үүрэг даалгаврыг биелүүлэхгүй аж ахуйн нэгжүүдэд авах эцсийн арга хэмжээ болох уу. Ийм арга хэмжээг авах хүртэл зөрчлөө ухамсарлахгүй газрууд хэр олон байна вэ?
-Шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах арга хэмжээ хэд хэдэн газарт явагдаж байгаа. Ялангуяа 2020 оны арваннэгдүгээр сараас хойш торгууль шийтгэл, зөрчил арилгуулах арга хэмжээ ногдуулсан ч биелэлт сул байгаа газруудад албан гүйцэтгэх арга хэмжээ явуулж байна. “И-март” сүлжээ дэлгүүрийн жимсэн дээр асуудал үүссэнд 20 сая төгрөгийн торгууль тавьж, торгуулиа Төрийн санд байршуулсан, зөрчлийг арилгуулсан. “Миний дэлгүүр”-ийн хувьд махны үнэ хөөрөгдсөн асуудалд анхан шатны шүүх дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын талд шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүх рүү гомдол өгсөн сурагтай байсан. Ахиж шүүх хурал болоогүй байна. Монголын үндэсний их сургуулийн “Монголын хамгийн том их сургууль” гэсэн нэр томьёоллынх нь хувьд зөрчил гэж үзээд таван сая төгрөгийн торгууль тавьсан. Анхан шатны шүүх дээр мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ялсан явж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Нэг хүнийг 7-8 саяар эмчилдэг байсан гээ биздээ тэрийг бас шалгаач ”ЧАДАХГҮЙ” байхалдаа
ОХУ ын эмнүүд хямд байдаг Монголд ирэхээрээ ТЭНГЭРТ хадна ...ямар ШУНАХАЙ СУВДАГ амьтас вэ ....
Monos ingej zarj bgaa
Өвчин зовлонгоор далимдуулж түмний халаасыг зөвшөөрөлгүй ухаж болохгүй ээ. Төр байгаа юм бол...
монос 38800 зарж байсан хариуцлага тоож зөвшөөрөл цуцлахыг харах үлдлээ