Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, анагаах ухааны магистр Д.Оюундэлгэрийг “Өглөөний зочин”-оор урьж, Ковид-19 халдварын эрсдэлтэй үед хэрхэн дархлаагаа дэмжиж, зөв хооллох талаар ярилцлаа. Тэрбээр дархлаагаа дэмжихийн тулд аль болох тэжээллэг чанартай хоол хүнсийг бага багаар идэж хэвших, өдөрт хамгийн багадаа кг жиндээ 30-40 мл хэмжээтэй ус уух, зуны улиралд сүү, цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөсөн юм.
-Ковид-19 халдварын эрсдэл өндөр үед бид дархлаагаа дэмжих нь хамгийн чухал байна. Дархлаагаа дэмжихийн тулд ямар хүнс хэрэглэх ёстой вэ?
-Дархлааны систем гэдэг нь энгийн үгээр хэлбэл таны биеийн хамгаалалт гэсэн үг. Тэгэхээр таны дархлааны систем сайн байвал вирусийг нэвтрүүлэхгүй байх боломжтой. Иймээс Ковид-19 халдвар цар тахлын үед бүх насны иргэд хоол хүнсээрээ дархлаагаа дэмжих нь хамгийн чухал. Ковид-19 халдварын үед хэрэглэх тусгайлсан хоол хүнс гэж байхгүй. Бид бүхэн өдөр тутам идэж хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээрээ л дархлаагаа дэмжинэ. Хоол хүнсээр дархлаагаа дэмжихээс гадна дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдал, хангалттай нойр ч бас чухал нөлөөлнө. Бидний хэрэглээд байгаа хоол хүнс нь илчлэг, шимт бодис, аминдэм, эрдэс бодис агуулж байна уу гэдгээрээ ач тустай. Тэр тусмаа энэ халдварын үед С аминдэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, үхрийн нүд, нохойн хошуу, нимбэг зэрэг жимсний шүүс, А аминдэмээр баялаг цагаан шар лууван, бууцай, шанцай цэцэгт байцаа, сүү, цөцгийн тос, Е аминдэмээр баялаг ургамлын гаралтай тос, зөөхий, өрөм, цөцгийн тос зэрэг хүнсээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
-Таны хэлсэн С, А аминдэмээр баялаг хүнс бүтээгдэхүүний ач тус их биз?
-С аминдэм нь биеийн эсэргүүцэл сайжруулах, биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, дархлааг дэмжих, халдвараас сэргийлэх, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлдэг. А аминдэм нь арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас сэргийлэхэд чухал ач тустай.
-Зун мах, сүү, цагаан идээг яаж хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Бидний өдөр тутам идэж байгаа хонь, үхэр, ямаа, адууны махыг тохируулж хэрэглэвэл биед шаардлагатай уураг, тос, үл орлогдох аминхүчлүүд, эрдэс бодис төмөр, селен, цайрын хэрэгцээгээ тодорхой хэмжээгээр авдаг. Цайр гэхэд л дархлааны тогтолцоонд нөлөөлж, биеийн халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулна. Халдварын үед биеийн дархлаа дэмжих, вирусийн эсрэг чухал антиоксидант. Сүү, цагаан идээ ч мөн адил кальциар баялаг тул ясны сийрэгжилт, Д аминдэмийн дутлаас сэргийлнэ. Ялангуяа сүү, тарганд байдаг сүүн хүчлийн нян нь хүний биед хорт бодис үүсгэдэг ялзруулагч нянгийн эсрэг үйлчлэхээс гадна биеэс хорыг гадагшлуулах замаар дархлааг дэмждэг. Тиймээс зуны улирлыг ашиглаад өдөр бүр сүү, тараг, ээдэм, айраг, цагаан идээг сайн хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр нэг аяга тараг эсвэл сүү уугаарай.
-Ялангуяа халдвар авсан иргэдийн хувьд дархлаагаа яаж дэмжих үү?
-Халдвар авсан иргэдийн хувьд ч дээр дурдсан хүнсийг түлхүү хэрэглэнэ. Харин халдварын эсрэг эм ууж байгаа тохиолдолд сүү, цагаан идээг эмээ ууснаас 2-3 цагийн дараа хэрэглэвэл зохистой. Халуун бүлээн шингэн зүйл сайн ууна.
-Хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ?
-Хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхдээ хамгийн чухал зүйл бол хэрэглэх гэж буй бүтээгдэхүүний шошгыг уншиж, шинэ бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Он, сар, өдөр, дуусах хугацаа, тэжээллэг чанарыг нь харж хүнсээ сонгоно. Тэжээллэг чанар гэдэгт уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм эрдэс бодис, чихрийн агууламж зэргийг харна. Иргэд маань хугацааг нь л хараад байхаас тэжээллэг чанарын үзүүлэлтийг төдийлөн харахгүй байна уу гэж боддог. Үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүнд 100 грамм хүнсэн дэх тэжээллэг чанарыг бичсэн байдаг. Жишээлбэл, та 480 мл нимбэгтэй цайны ундаа уусан байна. Тус ундаанд тэжээллэг чанарын үзүүлэлт нь 100 мл-д сахар 8.1 грамм агуулагдаж байгаа гэвэл 480 мл-д 38.9 г сахар идсэн гэсэн үг болно. Тэгэхээр сонгож байгаа хүнс нь уураг, тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисын найрлагатайг сонгоорой. Хоосон илчлэг хоол болохгүйг анхаараарай.
-Дархлаа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүнс гэхээр ямар хүнс байна. Монголчуудын хувьд чихэр, давс, өөх тосны хэрэглээ тулгамддаг асуудлын нэг шүү дээ. Энэ нь татгалзах хүнс мөн үү?
-Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүнс гэхээр цэвэршүүлсэн бүтээгдэхүүн, цагаан гурил болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн, чихэр ихтэй болон өнгө оруулсан ундаа, цай, хийжүүлсэн ундаа, олон дахин халаасан тосонд шарсан хуушуур, тахианы мах, даршилсан, давсалсан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа зэргийг хязгаартай хэрэглэх, аль болох татгалзах хэрэгтэй.
-Эрүүл хооллохын тулд юунд анхаарах вэ?
-Эрүүл хооллох бол маш энгийн. Өглөөний цайгаа тогтмол уухаас л эхэлнэ. Хэдий хэр илчлэг зарцуулж байна тодорхой хэмжээгээр илчлэгээ нөхөх, өөртөө хэрэгцээтэй шимт бодистой, уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг биед тохирсон хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Тодорхой дэглэмтэй хооллох, ажлын нөхцөл байдал, цаг уурын онцлог, эрүүл мэндийн байдалдаа тохируулаад хооллохыг зөв хооллож байна гэж хэлнэ. Ер нь хүн аль болох тэжээллэг чанартай хоол хүнсийг бага багаар идэж хэвшил болгох хэрэгтэй.
-Дархлааг дэмжихэд усны хэрэглээ бас чухал уу. Усыг хэзээ, яаж хэрэглэх ёстой вэ?
-Хүний биеийн махбодын 75 хувь, цусны 80-90 хувь уураг тархины 90 гаруй хувь, булчингийн 70 орчим хувь нь уснаас тогтдог. Тэгэхээр хүний бие махбодид ус ямар чухал болох нь харагдаж байна. Ус ууснаар бодисын солилцоог сайжруулна, хуурайшилтаас хамгаална, биеэс хорыг гадагшлуулна, цангаа тайлна гээд олон ач тустай. Хүн хамгийн багадаа кг жиндээ 30-40 мл хэмжээтэй усыг өдөртөө уух хэрэгтэй. Өглөө босонгуут 2 аяга ус ууж, өдөртөө бага багаар буюу 6-8 аяга ууна. Ковид-19 халдварын үед ус ууж, салст бүрхэвчийг байнга чийгтэй байлгах нь вирусээс хамгаалах нэг арга болж байна.
-Аминдэмийн хэрэглээ ямар байх ёстой вэ. Халдвараас сэргийлж иргэд Д болон С витаминыг дур мэдэн хэрэглэж байгаа нь зөв үү?
-Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 61 хувь, Д аминдэмийн дуталтай, 29 хувь Д аминдэмийн нөөц бага, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэмийн дуталтай, 20 хувь нь хангалтгүй нөөцтэй байгааг тогтоосон. Иймд халдвараас сэргийлж С болон Д аминдэм хэрэглэх нь чухал. Гэхдээ ямар ч аминдэм, эмийн бэлдмэлийг хэтрүүлж хэрэглэвэл эрүүл мэндэд эрсдэл учруулна. Тиймээс С, Д аминдэмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Жишээлбэл, Д аминдэмийг халдвараас сэргийлж байгаа гээд өдөр бүр 4000-5000 ОУН гэсэн өндөр тунгаар хоёр сар гаруй хэрэглэж байгаа хүн байсан. Хэрэв Д аминдэм биед илүүдвэл дутлаас илүү шинж тэмдэг өгөх тул заавал эмчтэйгээ зөвлөж тунг тохируулж хэрэглэнэ. С аминдэмийн хувьд ч адил эмчийн зөвлөснөөр хэрэглэх хэрэгтэй.
-Хоолны буруу зуршилтай, эрүүл бус хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд ямар хортой вэ?
-Өглөөний цайгаа уудаггүй, гэнэт ихээр иддэг, хоол хоорондын зай хэт хол эсвэл ойр ойрхон байх, хоолоо муу зажилж идэх, орой хоолоо хэтрүүлж идэх, хоол идсний дараа хэвтэж зурагт үзэх зэрэг муу зуршил нь хоол боловсруулах аль нэг эрхтний эмгэгт хүргэдэг гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж эрүүл бус хүнсний хэрэглээ нь тухайлбал, чихэр ихтэй ундаа, хийжүүлсэн, согтууруулах ундаа байнга уух нь донтуулахаас гадна хоосон илчлэг, ямар ч тэжээллэг чанар байхгүй, түргэн хоолны газруудын олон дахин халаасан тосонд шарсан тахиа, хуушуур, пирошки, давс ихтэй, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүн зэргийг хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтад хүргэхээс гадна зүрх судасны өвчин, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, тархины харвалт зэрэг өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
-Та бүхний судалгаагаар монголчуудын хоол тэжээлийн байдлыг сүүлийн байдлаар хэрхэн яаж дүгнэж байгаа вэ?
-Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалд тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин, таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдал алдагдах байдалд дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт хийх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байгаа.
-Хоол тэжээлийн үндэсний судалгааны үр дүн төр засгийн бодлого, хөтөлбөрт тусгагдаж байгаа гэлээ. Жишээлбэл, үр дүнг нь иргэд хэрхэн хүртэж байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд хоёр хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг 2019 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр үнэ төлбөргүй өгөөд хэрэгжүүлээд явж байгаа. Энэхүү олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь 10 аминдэм, таван эрдэс бодисыг агуулсан хүүхдэд нутаг хэлбэрээр хоолонд хольж өгдөг, эхчүүд шахмал хэлбэрээр өдөрт нэг удаа хэрэглэдэг бэлдмэл юм. Хоёр хүртэлх насны хүүхэдтэй, мөн жирэмсэн, амаржаад нэг сар болсон бол өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан авч хэрэглээрэй.
Сэтгэгдэл ( 0 )