Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Хоккейн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Стэнлийн цомын финалд Канадын “ Монреаль Канадиенс” баг шалгаран үлдлээ. Тэд өнөөдөр “Лас Вегас голден найтс” -ийг 3:2(ОТ) -оор хожин, цувралыг 4:2-оор дуусган, 28 жилийн дараа Стэнлийн цомын үзүүр, түрүүнд дахин үлдэж буй нь энэ ээ.
112 жилийн түүхтэй, NHL -ийн “ ориг зургаа”-ийн нэг, Стэнлийн цомыг хамгийн олон удаа хүртэж байсан “Монреаль Канадиенс” хамгийн сүүлд 1993 онд аварга болж байлаа. Тэр жил финалд алдарт Патрик Руагаар хаалгаа мануулсан монреальчууд домогт “Great ONE” Уэйн Гретцкигээр ахлуулсан “Лос Анжелес Кингз” -ийг 4:1 ( цувралын дүн) ээр хожин Стэнлийн цомыг 24 дэх удаагаа өргөсөн билээ.
Эгнээнээсээ хоккейн түүхэнд Жак Плант, Хоуи Моренц , Дуг Харви, Жан Беливо, Морис Ришар, Ги Лефлер, Серж Савар, Лэрри Робинсон, Патрик Руа, Кен Драйден гээд олон арван домогт хоккейчдийг төрүүлсэн, аугаа түүхт “Монреаль Канадиенс” ийнхүү Стэнлийн цомыг дахин өргөхөд ганц даваа үлдлээ. Тэд цувралд 3:3-аар тэнцээд байгаа “Нью Йорк Айлендерс” - “Тампа Бэй лайтнинг” багуудын долоо дахь тоглолтод хэн хожсонтой нь Стэнлийн цомын төлөө өрсөлдөнө.
Хоккейн эх орон Канадын баг хамгийн сүүлд 2011 онд (Ванкувер Кэнакс) Стэнлийн цомын финалд шалгарч байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хурай. Америкчуудын ноёрхлыг таслах болтугай.