Меркель Германы канцлерын хувьд сүүлийн удаа Их Британид айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Германы канцлер Ангела Меркель баасан гарагт Их Британид сүүлийнхээ ажлын айлчлал хийнэ.

Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзахаар төлөвлөж байна. Энэ айлчлал нь Ангела Меркелийн Германы канцлерын хувьд Их Британид хийж буй 22 дахь удаагийн айлчлал.

Меркелийн бүрэн эрхийн хугацаа  дуусгавар болж байгаа билээ. Ирэх есдүгээр сарын 26-нд Германд парламентын сонгууль болох ба Меркель Холбооны Засгийн газрын тэргүүнд нэрээ дахин дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн.

Айлчлалын үеэр талууд Лондон, Берлиний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Меркелийн канцлерын албан тушаалыг хашсан 16 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа идэвхжиж, шинэ эрин үеийг эхлүүлсэн. Баасан гарагт тохиролцох хамтарсан төслүүд олон үед өвөө үлдээх болно гэж Борис Жонсон мэдэгджээ.

Мөн өдөр Герман канцлер Их Британийн хатан хаан II Элизабетад бараалхах гэнэ. Тэрбээр анх удаа Винзорын ордонд зочилох гэж байгаа ч хатан хаантай 2008, 2014 онд Букинхемийн ордонд уулзаж байжээ. Хамгийн сүүлд тэд Корноулл гүнлэгт болсон “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top