Монголын төр хөрөнгө оруулагчтай гэдгээ санаад удаагүй байна. Одоогоос яг гурав хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдаас албан ёсоор уучлал гуйлаа. Өмнөх олон засаг хөрөнгө оруулагч чухал гэдгийг гадарладаг байсан ч улс төрийн тоглоом, өнөө маргаашийн оноогоо бодоод санаатай, санамсаргүйгээр гомдоосоор ирсэн. Уул уурхайгаа тойрсон эдийн засагтай, эдийн засгаа тойрсон улс төртэй Монгол Улс үүнийхээ горыг хангалттай амссан ч төрөөс ямар нэгэн үг ган хийхгүй байсаар өдийг хүрсэн билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувиар уучлал хүсэж байна.
Өнгөрснөө дүгнээд, ирээдүйгээ шинээр эхлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх боломжийг ашиглана гэдгээ та бүхэнд амлах нь зүйтэй болов уу” гэж 200 дахь хоногоо танилцуулах хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн юм. Уучлал гуйсан уу, уучлал гуйх гэж байгаагаа илэрхийлсэн үү, Л.Оюун-Эрдэнийн байр суурь уу, Засгийн тэргүүний байр суурь уу гэдэг нь тодорхойгүй. Яг л хөрөнгө оруулалтын асуудал дээр үе, үеийн Засгийн газар тодорхойгүй байсан шигээ өнгө аясаар уучлал хүссэн.
Гэм нь урдаа
Хөрөнгө оруулалтыг дэмжиж улс орон хөгжих, хөрөнгө оруулалтаа үргээгээд чөтгөрийн тойрогтоо эргэцэх. Энэ бол монгол төрийн сонголт. Чухам алийг нь сонгохоос монголчуудын ирээдүй шалтгаална. Мэдээж хэрэг тэнэг биш л бол эхнийхийг нь сонгоно. Гэхдээ богино настай хууль, үл ойлгогдох дүрмүүд, улс төрчдийн өнгө будаг, хүнд суртал зэрэг нь гаднынхныг үргээх шалтаг болсоор өнөөг хүрчээ. Ялангуяа манайх шиг хөрөнгө оруулалтаар мөнгө “хийдэг” улсад гаднынхныг үргээлгүй тогтоон барихаас өөр арга байхгүй. Үүнийг батлах нэг баримт байгаа нь Монгол Улсад 2010-2019 оны хугацаанд нийт 37.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт гаднаас оржээ. Нийт хөрөнгө оруулалтын бараг тал хувь гэсэн үг. Гэхдээ судлаачид үүнийг тогтворгүй, байнга савлаж байдаг гэж дүгнэдэг. Арга ч үгүй юм.
Гэм чухам хэзээнээс эхэлснийг хэн ч үл мэднэ. Гэхдээ цаг хугацааны хүрдийг одоогоос 12 жилийн тэртээ аваачих шаардлага гарч болох юм. Тэр үед буюу 2001 оны арваннэгдүгээр сарын 30 болон 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам.доллараас долоон сая болтлоо буурч байжээ. Нэмэлт өөрчлөлт оруулсан жил бүрт ямар нэгэн нугалаа гараад байгааг энэ мэтчилэн жишээнээс харж болно. Хамгийн сүүлд бид 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэхдээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцоод Хөрөнгө оруулалтын тухай хуультай нэгтгэж орхив. Хууль батлагдахаас өмнө 2012 онд гаднын шууд хөрөнгө оруулалт 6.0 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2013 онд 3.2 их наяд төгрөг болж буурав. Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оны арваннэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас эхлэн тоолбол 2014 онд энэ тоо 1.1 их наяд төгрөг болтлоо буурчээ. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг яг л гулсуур дээр тавьсантай жишихээр буурсан байгаа биз. Буруу юм хийснийгээ ойлгоод гаднын зах зээл дээрх сэргэлтийг тооцоолоод 2015 оны тавдугаар сард, 2016 оны арваннэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлт оруулаад ч тусыг эс олжээ. Хөрөнгө оруулалтын хуульд гар дүрснээс хойш хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байсаар 2019 онд арай гэж 2012 оны түвшинд буюу 6.5 их наяд төгрөгт хүрэв. Чухам яагаад гаднынхан мөнгөө татаад байваа
Энэ бүхэн юуны гай вэ? Болохгүй юмаараа оролдсоны гай. Олон дахин засвар оруулснаар гадныхан дүрвэсний уршиг. Тухайн үедээ энэ бүх засварын шалтгааныг хууль хэлэлцэх цаг байхгүй гэж дүгнэж байлаа. Учир нь хууль хэлэлцэж байх хооронд гадныханы хөрөнгө оруулалт зогсоно гэж айснаас тэр. Гэхдээ айснаасаа болоод олон дахин засвар оруулснаар хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэгэн сэжим болсон. Гаднынхан дүрэм нь тодорхой зүйл дээр л хөрөнгө оруулна. Түүнээс биш хэн ч алдагдал хүлээе гэж аливаа төсөлд хөрөнгө оруулдаггүй. Бид эндээ байнга дүрмээ өөрчлөөд, олон дахин оролдоод байвал хэн ч энд тэсэж, тэвчиж үлдэхгүй.
Гэмшил нь хойноо
Саяхан даа. Яг хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өргөн барив. Хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулснаас хойш таван жилийн дараа гэсэн үг. Гэхдээ арай гэж 6.5 их наяд төгрөгт хүрээд байгаа шууд хөрөнгө оруулалтыг нэмэлт өөрчлөлтөөр үргээж болохгүй. Хэрэв статистик мэдээллийг харах юм бол хуульд гар дүрснээс дараа жил нь хөрөнгө оруулалт буурдаг урвуу хамаарал үйлчилсээр иржээ.
Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтаа тогтоон барихаас гадна хөрөнгө оруулалтын төрөл хомс гэдэг нь асуудал дагуулсаар ирсэн. Хөрөнгө оруулахаас гадна бэлтггэн нийлүүлэгчдийн бааз суурь бүрдээгүй, бүтээгдэхүүний чанар сул, найдваргүй байдаг нь хөрөнгө оруулагчдыг үргээх нэг шалтгаан болдог. Хамгийн тодорхой байгаа нь уул уурхайн салбар учраас өнгөрсөн 10 жилд уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө жин дарж байгаагаас Канад улсын оруулсан хөрөнгө 60-аас илүү хувийг эзэлж байна.
Дэлхийн банкны судалгааны тайланд “Эдийн засгийг төрөлжүүлэх, сайжруулахын тулд үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй бөгөөд харамсалтай нь одоогоор энэ төрлийн хөрөнгө оруулалт Монгол Улсад төдийлөн орж ирэхгүй байна” гэснийг анхаарах нь зүйтэй. Бидний хувьд хоёр хөршөөсөө экспорт, импортын хараат улс. Тийм ч учраас хөрш орнуудад экспортлох бараагаа, гуравдагч хөрш болон дэлхийн бусад улс орнуудад экспортлох бараагаа ангилах шаардлагатай. Хэдийгээр бид бусад улс орнуудад нээлттэй ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй гэж дүгнэдэг. Монгол Улсын эдийн засаг зөвхөн нэг салбараас хамаатай тул улс төр нь ч, эдийн засаг нь ч үүнийгээ тойрон эргэлддэг гэмтэй. Сонгууль бүрийн циклээс хамаарч уул уурхай нь ч, хөрөнгө оруулалтын бодлого нь тодорхойлогддог учраас савлагаа ихтэй улсын тоонд багтана. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны судалгаанд төрийн өмчит компанийн тоо ихтэй, төр нь хувийн хэвшилтэйгээ дэндүү хутгалдсан байдаг тул хөрөнгө оруулалтын орчин эрсдэлтэйг гэж дүгнэдэг. Тийм ч учраас өнгөрсөн жилүүдэд “төсвийн сахилга баттай бай”, “олсон хэдээ битгий үрэн таран хий” гэж сануулсаар ирсэн. Харин “манайхан” үүнийг нь үл анзаарсаар одоо л уучлал гуйх дээрээ туллаа.
ОДОО ЯАХ ВЭ
Гаднынхан нэг л зүйлийг хүсэж байгаа. Тэр нь холбирч, хэлбийдэггүй тоглоомын дүрэм. Манай, танайхаас үл хамаараад бодлогоо урт хугацаанд тогтвортой байхыг л хүсээд байгаа юм. Түүнээс гадна хөрөнгө оруулалт татах салбараа олон болгохыг хүсэж байгаа. Зөвхөн уул уурхай бус бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой ч энэ төрлийн бизнес цөөхөн байгааг дэлхийн банкны тайланд дурджээ. Гаднынхан нэг зүйлд эргэлздэг нь хөрөнгө оруулалтын хамгийн бага хэмжээг заадаг явдал. Учир нь гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж байгуулахын тулд хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хий ёстой. Харин хуульд заахдаа дотоодын хөрөнгө оруулагчдад энэ босго тогтоогоогүй нь эргэлзээ төрүүлдэг аж. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулагч ямарваа нэгэн компани байгууллаа гэхэд бүрдүүлэх бичиг баримтын тоо их, бичиг баримтын сунгалт нь 3-5 жил байгаа нь үйл ажиллагаа явуулахад бэрх нөхцөл үүсгэдэг гэж үздэг аж.
Дэлхийн Банк Группын судалгаагаар эрх зүйн зохицуулалтын орчны ил тод бус байдал, төрийн байгууллагуудын дур зоргоороо авирлах үйлдлүүд нь хөрөнгө оруулагч нарынзүгээс гаргаж буй гомдлын гол шалтгаан болж байгаа талаар дурьдсан байдаг. Монгол Улсын Засгийн гарын хэрэг эрхлэх газрын дэргэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулсан ч үр дүнд хүрэхгүй байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ. Энэ мэт олон асуудал байна. Уучлал гуйсан, гуйгаагүй нь мэдэгдэхгүй нялуурч байхаар бодлогоо бодитой өөрчлөлт, асуудалд ажил хэрэгч хандвал ирээдүйн Ерөнхий сайд нар уучлал гуйж, нүүрээ улалзуулахгүй юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Ингээд устах замдаа Монгол орвоо арай ч дээ юун долигнуур далдак вэ
хятадуудад шаардлга өнөдөр тавих хэрэгтэй дээ
Хятадын махны үйлдвэр нэртэй бохир орчинд мал нядалдаг газрууд гадаадын хөрөнгө оруулалт уу? Хөөж зайлуулаачээ арчаагүй коммунистууд аа.
Tanaih suuliin uyed mongoliin geed hytadiig bolhoor hytad ulsiin geed buur sonin sonin ungu aystai yum bichihiin