Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон. Тэдгээрээс ургамлын тоосны харшил хамгийн түгээмэл тохиолддог байна. Харшил өвчин тавдугаар сараас есдүгээр сарыг дуустал идэвхтэй үргэлжилдэг гэнэ. Тиймээс харшил өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн зөв эмчилгээ хийлгэх талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Арьс харшлын эмч, анагаах ухааны магистр Б.Жавзмаатай ярилцлаа.
-Улирал солигдох үе, намрын улиралд ямар харшлууд сэдэрдэг вэ?
-Генийн болон гадаад орчны хүчин зүйлсээс шалтгаалж сүүлийн жилүүдэд харшил өвчин элбэг тохиолдож байна. Хүн амын бөөгнөрөл, тоосжилт, дархлаа сулрах, эрүүл ахуйн дэглэм баримтлахгүй байх зэргээс үүдэн хүрэлцэхүй, мэдрэхүйгээр харшил үүсдэг. Улирлын харшил тавдугаар сараас есдүгээр сарын хооронд үргэлжилнэ. Бусад харшил тухайн хүний дархлаанаас хамаарч хамрах хугацаа харилцан адилгүй байж болно. Харшлын шалтгаан хүний биед ямар замаар нэвтэрч орсон, үүнээс шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдэг өвөрмөц бөгөөд ялгаатай байдаг.
-Харшил ч гэсэн ханиах, найтаах, хамраас нус гарах, хамар битүүрэх зэрэг шинжээр илэрдэг нь анхлан харшил үүсэж байгаа хүмүүст КОВИД-19 халдвартай адил мэдрэгдэж байж болох юм. Томуу, КОВИД-19 халдвараас харшлын шинж тэмдэг юугаараа ялгаатай вэ?
- Амьсгалын дээд замын харшил болон томуу, томуу төст өвчин нь эмнэлзүйн шинж тэмдгээрээ ойролцоо байдаг. Иймд энэ хоёрыг хооронд нь ялган оношлох ёстой. Тухайн хүний цусанд шинжилгээ хийж, эсвэл арьсан дээр сорил тавьж харшил мөн үү үгүй юу гэдгийг ялгаж оношилно. Харшлын нэг шинж тэмдэг нь хамар битүүрэх бөгөөд хамар битүүрэх нь стресс, сэтгэлзүйн шалтгаантай ч байдаг гэдгийг бас мэдэхэд илүүдэхгүй.
-Нарийвчлан хэлбэл, харшлын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
-Харшил өвчин амьсгалын замын хувьд найтаах, нус нулимс гоожих, хоолой сэрвэгнэх, үнэрт мэдрэмтгий болох, хамар битүүрэх, загатнах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах зэрэг түгээмэл шинжээр илэрдэг. Арьсны шинж тэмдэг нь хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, гүвдрүүт, бэлцрүүт тууралт гарах шинжээр илэрдэг. Түүнчлэн анафилакси буюу хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал хэлбэрээр, ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг болох гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх хэлбэрээр, шавьжид хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт шинжээр илэрдэг.
-Нүд, хамрын дусаалга хэрэглээд харшил хөдлөх үеэ өнгөрөөдөг хүмүүс байна. Заримдаа харшлаа оношлуулахгүй тоохгүй орхих нь ч байдаг. Ер нь харшлын хамгийн зөв эмчилгээ юу вэ?
-Юунаас харшилтайг оношилж, шинж тэмдгийг бүдгэрүүлэх эмчилгээ хийнэ. Тухайн өвчтөний нас, хүйс, хавсарсан өвчин түүний шинжээс хамааран клиник шинж өөр байдаг учир эмч үзлэг хийж, эмийн болон эрүүл ахуйн зөвлөгөө өгч эмчийн хяналтанд эмчилгээ авах нь хамгийн зүйтэй.
ШАРИЛЖНЫ ХАРШИЛД ТҮҮХИЙ ЛУУВАН, УЛААН ЛООЛЬ ИДЭЖ БОЛОХГҮЙ
-Харшлын үед ямар хоол хүнсээс татгалзах вэ?
-Тухайн хүн ямар харшилтөрөгчид мэдрэгшсэн байна гэдгээс хамаараад тэр хүнд ямар хүнсийг хориглохыг анагаах ухаанд судлаад тогтоосон байдаг. Жишээлбэл, хус модны тоосны харшилтай хүмүүс алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимснүүд идвэл дархлааны солбицох урвалаар харшлын шинж тэмдэг илэрдэг. Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух юм бол харшил нь сэдэрч хүндэрдэг. Мөн шарилжны харшилтай бол түүхий лууван, улаан лооль идэж болохгүй. Тухайн хүний мэдрэгшсэн харшилтөрөгчийг цусны шинжилгээ эсвэл арьсны сорилоор тогтоогоод, ямар хүнс хориглохыг эмч зааварлах ёстой.
-Эрүүл ахуйн талаасаа ямар дэглэм барих вэ?
-Дархлаагаа дэмжих хэрэгтэй. Шөлтэй хоол идэх, ус уух, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, витаминлаг хүнс хэрэглэх нь харшил ч гэлтгүй вирусний гаралтай өвчлөлөөс сэргийлэх, дархлаа дэмжихэд сайн нөлөөтэй. Харшилтай хүмүүс спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэхээс зайлсхийнэ. Үсний будаг, тасалгааны цэцэг, хогийн ургамлаас хол байгаарай.
-Жирэмсэн эхчүүд харшилтай бол удамших уу?
-Шинжилгээгээр иммуноглобулин "E" ихтэй хүмүүс нь харшлын суурьтай гэсэн үг. Энэ байдал нь удамших хандлагатай байдаг. Тийм учраас харшилтай эцэг эхчүүдээс харшилтай хүүхэд төрөх хандлагатай гэж үздэг.
-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Харшлаас урьдчилан сэргийлж болно. Харшлын анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж бий. Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүнийг анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчиндоо ойр амьдарч ашигтай хүчин зүйлүүдийг хүний бие авч байх гэх мэтээр хэрэгтэй орчин нөхцөлийг бүрдүүлж харшлаас урьдчилан сэргийлж болно.
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь нэгэнт харшилтай болчихсон бол, яг юуны харшилтай гэдгийг тодорхойлоод харшил өгдөг зүйлээс хол байх, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмэнд харшилтай, хүнсэнд харшилтай бол түүнийгээ хэрэглэхгүй гэсэн үг.
Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь нэгэнт тухайн хүн харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс нь хамгаалахад чиглэгдэх ёстой. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүн хамар битүүрээд, нүд загатнаад байна гээд тоохгүй яваад байдаг. Тэр нь нэг өдөр астма болно. Амьсгалын доод замын үрэсвэл болж хүндэрнэ. Астматай болсон хүн эмчид хандахгүй, эмчилгээ хийлгэхгүй яваад байх юм бол нэмж өөр харшилтай болно. Харшлаа сайн оношлуулж, сайн эмчилгээ хийлгээгүйгээс харшлын шоконд орж болно гэсэн үг. Харшил даамжрах, хүндрэх байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Яаралтай үзүүлэх шаардлагатай хүмүүс харшлын анхны тусламжийг хаанаас авах вэ?
-Өрх, дүүргийнхээ Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлнэ.
-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй дүүрэг. Арьс харшлын хэдэн эмчтэй вэ. Эмнэлгээр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 330 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг хоёр эмчтэй байсан. Өдөрт нэг эмч 35-60 хүнд үйлчилдэг. Харин Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр орон тоотой болсноос хойш долоон хорооны иргэд өөр эмнэлэг рүү шилжсэн. Нийт арьс харшлын гурван эмчтэй болсноор ачаалал багасах хандлагатай байна.
ХАРШИЛ ХАЛДВАРТ ӨВЧИН БИШ УЧИР ХАЛДВАРЛАХГҮЙ
-Амьсгалын замаар дамждаг харшил хүнээс хүнд халдварлах уу, эсвэл удамшдаг уу?
-Харшил халдварт өвчин биш учир халдварлахгүй. Харин харшламтгай байдал нь удамших хандлагатай байдаг гэж түрүүнд ч дурдсан. Хүний биеийн дархлаа тогтолцооноос таван төрлийн дархлааны уураг ялгардаг. Үүнийг иммуноглобулин гэж нэрлэдэг. А, M, G, D, E гээд таван төрөлтэй. Харшлын үед иммуноглобулин "E" эсрэг биеийн ялгаруулалт нь эмгэгээр их болдог. Тэрийг хариуцсан генийн мутаци үүсч илүүдэл хэмжээгээр үүсгээд ялгаруулдаг гэсэн үг.
-Гам сайн барьж, эмчийн заавраар явбал харшил бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Харшил эмчлэгддэг өвчин. Харшлын эмчилгээ хийлгээд зовуурь, шинж тэмдэггүй сайхан амьдарч болно. Харшил эмчилгээний дөрвөн зарчим бий. Тухайн хүн харшилтай болчих юм бол эмчдээ хандаад харшил гэж юу болох, яагаад харшилтай болдог, яаж эмчилж, сэргийлж болох талаар зөвлөгөө авч, харшлын тухай ойлголтоо зөв болгох хэрэгтэй. Тэгээд эмч, өвчтөн хоёр нийлээд харшлын өвчний эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Эмч эмчилгээ хийж зөвлөгөө өгөөд, өвчтөн хэрэгжүүлэхгүй бол харшлын эсрэг тэмцэл үр дүнгүй болно. Хоёулаа тэмцээд, эмчийн зөвлөгөө заавраар эмчилгээ хийх юм бол харшлыг дийлж болно.
Үүний тулд харшил төрөгчөөс зайлсхийх, эмэн эмчилгээний аргуудыг хэрэглэх, дархлаа дэмжих эмчилгээг хийлгээрэй. Харшил төрөгчөөс зайлсхийх гэдэг нь яг юунд харшилтай гэдгээ оношлуулж шалтгаанаа мэдээд түүнээс зайлсхийх арга юм. Харшлын шалтгааныг илрүүлэх цусны шинжилгээ, арьсны сорилын аргууд байдаг. Хоёрдугаарт, эмэн эмчилгээний арга нь харшлын эсрэг төрөл бүрийн эмүүд гарч ирснийг хэрэглэх юм. Харшлын эсрэг эмийн сонголт Монголд сайн байгаа. Харшилтай хүнд өвчний зовиур шинж тэмдэг хүнд, хөнгөн байгаа эсэх, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас хамаарч эмч эмийн сонголтоо хийж ямар тунгаар, хэр удаан эмчлэх эмчилгээний тактик боловсруулж аюулгүй, үр дүнтэй эмчилгээ хийх ёстой.
Гуравдугаарт, дархлаа эмчилгээ гэж байдаг. Энэ нь харшилтөрөгчид мэдрэгшсэн зүйлээр нь дархлаа дэмжих эмчилгээ хийгээд хэт их идэвхижсэн байгаа дархлаа тогтолцоог тэнцвэржүүлж эмчлэх арга юм. Өвөрмөц дархлаа эмчилгээг зөв сайн хийвэл 10 гаруй жил зовиур шаналгаа багатай байж үр дүнтэй болно. Харин сүүлийн үед дархлаа зүгшрүүлэг хийдэг эмчилгээний шинэ бэлдмэлүүд гарч байгаа ч бэлдмэлийн үнэ өртөг маш өндөр байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )