“SCMP”: Хятад нүүрсний салбартаа үүсээд буй эрэлтээ Монголын нийлүүлэлтээр нөхнө

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Хонконгийн “South China Morning Post” сайтад “Хятадад нийлүүлэлт хомсдсонтой холбогдуулан Монголоос импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Нийлүүлэлтийн хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор  Бээжин хөрш Монголоос импортлох нүүрсээ нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь Австралийн нүүрсний хориг хэр удаан хугацаанд үргэлжлэх бол гэх бодлыг хүн бүрт төрүүлж байна. Нийлүүлэлт буурсантай холбогдуулан Хятадад  нүүрсний үнийн хөөсрөл бий болоод байгаа бөгөөд эрх баригчид  дотоодын нөлөө бүхий нүүрс худалдааны платформыг тус түүхий эдийн зах зээлийн талаар мэдээлэхийг түр хугацаанд хориглоод байна. Тодруулбал,  Хятадын холбогдох албаныхан тус улсын баруун хойд нутгийн Шаньси мужийн Юлин нүүрсний худалдааны төвийг нүүрсний үнийн өсөлтийн талаарх мэдээ мэдээллийг интернетэд нийтлэх зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар мэдээлэл шинэчлэх, нийтлэхийг  нь болиулж, дансыг нь  түр хаажээ.

Нүүрсний үнэ өссөөр байгаа нь  Хятадын эрх баригчдын санааг зовоож буй томоохон асуудлын нэг болоод байгаа нь энэ мэт олон жишээнээс харагдаж байгаа юм. БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вентао өнгөрсөн мягмар гарагт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийж, Монголоос авах уул уурхай, хөдөө аж ахуйн импортын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Талууд уулзалтын хүрээнд хоёр орны нүүрсний тээврийн боомтуудад үүссэн түгжрэлийг хэрхэн шийдэж, цаашид ариутгал эрүүл мэндийн аюулгүй байдал, бараа таваарын жигд тээврийн урсгалыг хангах, Хятадын хилээр нэвтрэх Монголын нүүрс ачсан ачааны машины тоог нэмэгдүүлэх, төмөр замаар нүүрс тээвэрлэх зэрэг асуудлаар ярьсан юм.

Өнгөрсөн аравдугаар сард БНХАУ Австралийн нүүрсэнд хориг тавьснаас хойш тус улсын нүүрсний зах зээл дэх орон зайг Монгол тэргүүтэй орнууд нөхөж байсан юм.  Хэдийгээр өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас эхлэн Монгол  бараг л дангаараа Австралийг орлож байсан ч хоёр цар тахлаас үүдэлтэй саатлын улмаас нүүрсний импорт, экспорт олон удаа тасалдсан. Өнгөрсөн наймдугаар сарын 21-нд л гэхэд БНХАУ Ганцмод боомтоор Монголоос нүүрс авахаа 14 хоногийн турш зогсоосон.  Хил хаагдсаны дараахан Хятадын коксжих болон  эрчим хүчний нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрч өссөн боловч  тус улсын Гаалийн байгууллагаас нүүрсний бүрдүүлэлт "хэвийн" гэж мэдэгдэж байсан юм.

Мягмар гарагт гаргасан Хятадын гаалийн мэдээгээр, тус улсын  нүүрсний импорт наймдугаар сард долоон хувиар буурч 28.05 сая тонн болсон байна. Австралийн дулааны болон коксжих нүүрсний экспорт нь Хятадын нүүрсний импортын ихээхэн хувийг эзэлдэг бөгөөд дотоодын үйлдвэрлэлийн хомсдолыг нөхдөг.  Хэдийгээр тус улс  нүүрс олборлодог хэдий ч хэрэгцээгээ хангах хэмжээний их биш юм. “Bestanalyst”-ийн шинжээч Хуан Жианжианг хоёр долоо хоногийн өмнө бичсэн нийтлэлдээ бусад орны БНХАУ руу экспортолж буй нүүрсний нийлүүлэлт Австралийн нүүрсний зэх зээлд бий болгосон орон зайг  нөхөж чадахгүй байгаа гэдгийг тодотгосон байна.  Тэрбээр  БНХАУ-ын  дотоодын үйлдвэрлэл эрх баригчдын төлөвлөж байснаас сул байх магадлалтайг мөн онцолсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Жаньси мужид нүүрсний үнэ  тонн тутамд 4000 юань буюу 620 ам.долларыг  давсан нь наймдугаар сарын эхэн үеэс хойш 45 гаруй хувиар өссөн үзүүлэлт болоол байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ долоо хоногт нүүрс арилжааны төв индекс болох Юлинээс гадна “WeChat” дансыг хаасан бөгөөд тус хоёр мэдээллийн платформыг мэдээ нийтлэх, засварлах эрхийг нь хязгаарласан.

Нүүрсний үнэ ийнхүү өссөөр байгаа нь БНХАУ-ын  эрх баригчдын  уг түүхий эдэд тогтоосон  дээд хязгаараас бараг хоёр дахин өндөр болоод байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын нүүрсний эрэлт  нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголын коксжих нүүрсний үнэ ч гэсэн өсөөд байна. Өнгөрсөн тавдугаар сарын 12-ны байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 1680 юань болсон нь өмнөх сараас 20 хувиар өссөн дүн байсан юм. Харин одоо “SXCOAL” сайт дээр тонн нь 3100 юань болж дөрвөн сарын хугацаанд хоёр дахин өсөөд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top