Шинэ сэргэлтийн бодлогын НООРОГ

2021 оны 09 сарын 14

Ковидын улмаас дэлхий нийтэд  үүссэн нөхцөл байдлыг өөрчлөн, сайжруулахын тулд “Дэлхийн эдийн засгийн форум” байгууллагаас  The Great Reset буюу “Их сэргэлт” санаачилгыг эхлүүлсэн билээ. Түүнчлэн МҮХАҮТ-ын зүгээс  эдийн засагт сэргэлт хийх шаардлагатай байгаа талаар санал, санаачилгыг гаргаж, төр засагт хүргүүлж байсан. 

 

Тэгвэл өчигдөр /2021.09.13/ Төрийн ордонд болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

ДЭЗФ-аас гаргасан “Их сэргэлт” санаачилгын үндсэн цөм агуулга нь цар тахлыг даван туулахын тулд улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа чухал, тухайн нэг улс орны хувьд аваад үзэхэд нийгмийн бүхий л оролцогч талууд, төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү өндөр түвшинд байх шаардлага үүссэнийг сануулж буй.

Манай тухайд ч “Шинэ сэргэлт”-ийн бодлого  энэ агуулгад суурилж байна. Ер нь бол төр, хувийн хэвшлийн зохист түншлэл манайд огт нутагшаагүй, тэр хэрээр байнга л яригддаг гол асуудлуудын нэг байсаар өнөөдрийг хүрсэн.

Түүнчлэн, Засгийн газрын тэргүүний зүгээс энэ сарын 2-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан, Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн үндсэн агуулга нь Төр-хувийн хэвшил түншлэлээ сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан байгаа юм.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үзэл баримтлалаа дараах байдлаар томъёолж, танилцуулав.

 

  • Хувийн хэвшил ажил хийхэд саад болдог лиценз, зөвшөөрөл гэх мэт төрийн үйлчилгээг саадгүй болгох;

 

  • Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулах;

 

  • Экпортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих;

 

  • Төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн ажлын урдуур орохгүй байх;

 

  • Хөгжлийн банкийг “Эксим” банк болгон өөрчлөх;

 

  • Хөрөнгийн зах зээлийг сэргээх; зэрэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм байна хэмээн мэдэгдсэн.

 

Түрүүн хэлсэнчлэн  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан гол асуудлууд манай тухайд шинэ биш.

Тухайлбал, зөвшөөрлийн тухайд аваад үзэхэд 2016 онд төрийн 413 албан тушаалтан 913 зөвшөөрөл олгодог байсан бол 2019 онд МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй дүйцэхүйц 1500 захиргааны акт байдаг гэсэн тооцоо гарсан байдаг.

Бизнес, ажил үйлчилгээ эрхлэхэд авах шаардлагатай гэгддэг олон зуун зөвшөөрөл нь эсрэгээрээ хориг саад, авлигын эх үүсвэр болоод удсаныг бид олон жил ярьцгааж байгаа.

2019 онд УИХ-ын нэр бүхий 22 гишүүн, мөн Засгийн газраас Зөвшөөрлийн тухай  шинэчилсэн хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн барьж байв. Өдгөө хоёр төслийг нэгтгэн, хуульчлан батлахаар хэлэлцэж байна. Гишүүдээс өргөн барьсан төслөөр бол зөвшөөрлийн тоо буурч 448 болохоор байгаа бол Засгийн газрын төсөлд 498 зөвшөөрөл байхаар тусгасан байдаг.

Зөвшөөрлийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж буй Х.Ганхуяг гишүүний хэлж буйгаар цаашдаа зөвшөөрлийг аль нэг яам агентлагийн сайд дарга нар гаргадаг, нэмдэг байдал хуулиар байхгүй болох аж. Түүнчлэн шинээр зөвшөөрөл гаргах шаардлага үүсэхэд Ерөнхий сайд юм уу, ЗГХЭГ-ын даргын дэргэд байгуулагдах Хяналтын зөвлөлөөр эхлээд авч үздэг болно гэсэн мэдээллийг өгч буй.

Тэгвэл Ерөнхий сайд өчигдөр хэлэхдээ “Хууль батлахаасаа өмнө хувийн хэвшлийнхнээ хэлэлцүүлэгт урьдаг, мэдээлэл өгч хамтрах ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болгох цаг иржээ. Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна” гэсэн.

Хэрэв Зөвшөөрлийн тухай хууль дээр үнэхээр Засгийн тэргүүний хэлж байгаачлан төр бизнесийнхний нүдээр харж чадвал төсөлд одоогоор тусгагдаад буй зөвшөөрлийн тоог өшөө цөөлөх, олгох үйл явцыг илүү хялбаршуулах шаардлага бий.

Ялангуяа цар тахлын улмаас сүүлийн  хоёр жил шахмын хугацаанд хэд хэдэн удаа төрийн шаардлагаар хөл хорионы дүрэм журмыг дагаж мөрдөн үйл ажиллагаагаа хязгаарласан хувийн хэвшлийнхний хувьд  бодитой хэрэгцээ шаардлагагүй олон арван зөвшөөрөл лицензийг  сунгах зэрэгт  гаргаж өгдөг авлигын мөнгө төгрөг ч хэцүү байгаа.

Бизнес, үйл ажиллагаа явуулах олон зуун зөвшөөрөл авлигын схемээр олон жил олгогдож ирсний уршгаар бизнесийн орчин тааруу бахь байдгаараа, чөлөөт өрсөлдөөн нутагшихгүй хэвээрээ байгаа хэрэг.

Тиймээс төр засгийн зүгээс үнэхээр л “Шинэ сэргэлт”-ийн бодлого гээчийг бодитой ажил хэрэг болгохоор зорьж буй бол хуучин парламент, хуучин засгийн үед өргөн баригдсан Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг талуудын лобби сэлтэд авталгүйгээр, ус  шүүсийг нь сайтар шахаад богино хугацаанд батлах шаардлагатай юм.

Мөн “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан, дээр дурдагдсан бусад асуудлууд чухам яагаад чухал вэ гэдгийг бид хаа хаанаа олон таван үггүйгээр ойлгохоор нөхцөл байдалд байгаа.

Газрын доорх нүүрс, зэсээ олборлон, хил давуулж, валют оруулж ирэхээс өөр эх үүсвэр бидэнд байхгүй. Гутал, хувцас, ариун цэврийн цаас, хүнс, шатахуун гээд бүхий л хэрэгцээгээ гаднаас импортоор авдаг.

Монголын Хүнсчидийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва өчигдрийн уулзалт дээр  хэлэхдээ “Өнөөдөр хүнсний хангамжийн 45 хувийг импортоор авч байна. Хүнсний бие даасан байдал алдагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна. Худалдааны тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотнын зээл, тусламжаар дэмжвэл бид дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна” гэхчлэн хэлсэн.

Мөн манайд төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь  хувийн хэвшлийнхээ  урдуур орж, ажлыг нь аваад байдаг хэр нь  ашиг биш алдагдал “үржүүлээд” байна гэдэг бол нөгөө л төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг ойлголт манайд байхгүйг харуулж буй хэрэг. Угаасаа түншлэл гээч нь  авлига дээр л тогтож өдийг хүрсэн. 

Ер нь бол  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвын нэг цонхоор хараад буй  “Шинэ сэргэлтийн бодлого” хөрсөн дээр бууж, хэрэгжинэ гэдэгт нийгэм нэг л итгэл муутай хандлагатай байна. Гэхдээ нийгмийн хандлагыг өөрчлөх их хүч төрд байх ёстой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
И вэ (172.69.252.138) 2021 оны 09 сарын 14

Энэ засаг ердөө ажил хийхгүй ээ.Байсгээд л тунхаглалын чанартай бичиг баримт гаргахаа худлаа цаас үйлдвэрлэхээ больж үз .Нөгөө ТТ ЦАХИЛГААН СТАНЦ яасан

0  |  0
Top