АНХААР: Ковидоор өвдсөн бол САРЫН ДАРАА томуугийн вакцин хийлгэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор есдүгээр сарын 13-наас дархлаажуулалтыг хийж эхлээд байна. Томуугийн дархлаажуулалтын явцын талаар  НЭМГ-ийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.



-Томуугийн дархлаажуулалтыг ямар зохион байгуулалттайгаар хийж байна вэ?

-Манай улс НҮБ-ийн Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас томуугийн вакцины 360 мянган тун хүлээж авсан. Үүнээс нийслэлд 172.200 тунг нь хийхээр төлөвлөөд байна. Энэ сарын 13-22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Ингэхдээ 119 өрхийн эмнэлэг болон цэцэрлэг, сургуульд явуулаар 90 баг гарган ажиллуулж байна. 

Эрсдэлт бүлэг болох 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхэд хийж байгаа. 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй иргэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж болно. 

4, 5 настнууд цэцэрлэгт явж байгаа учраас эцэг, эхийн зөвшөөрсний дагуу тухайн цэцэрлэгт нь явуулын баг очиж хийнэ. Тодорхой шалтгааны улмаас цэцэрлэгт яваагүй буюу гэртээ байгаа хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд өрхийн эмнэлэгтээ очиж хийлгэнэ. 

Томуугийн эсрэг вакцин хийж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд бий. Эдгээр байгууллагад нийт 30 гаруй тун вакцинтай байгаа. Тиймээс нийслэлд 200 мянган хүн томуугийн вакцин хийлгэх боломжтой байна гэсэн үг.

-"Ковид-19" халдвараар өвдөөд эдгэсэн хүн томуугийн вакцин хийлгэж болох уу?

-"Ковид-19" халдвараар хөнгөн өвдөөд эдгэрсэн бол нэг сарын дараа томуугийн вакцин хийлгэж болно. Харин хүнд өвдсөн бол хүүхдийн эмчид үзүүлж, вакцин хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй.

-Зорилтот бүлгийг хэрхэн сонгосон бэ?

-Манай улс жил бүр томуугийн вакцины 300 орчим тун авдаг. Тухайн жилийн онцлогт тааруулан зорилтот бүлгийг сонгож, статистик мэдээлэл гаргасны үндсэн дээр захиалдаг.  

Энэ жилийн хувьд 0-11 насны хүүхдүүд Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй учраас эрсдэлт бүлгээр сонгож, дархлаажуулж байна. Мөн жирэмсэн эхчүүд "Ковид-19"-ийн вакцин хийлгэсэн ч өндөр эрсдэлтэй байгаа учраас сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байна. 

-Одоогийн байдлаар хэчнээн хүн томуугийн вакцин хийлгэсэн байгаа вэ?

-Өчигдрийн байдлаар нийслэлд томуугийн вакцинд зорилтот бүлгийн 7000 орчим иргэн хамрагдаад байна. Өөрөөр хэлбэл, гурав хоногийн хугацаанд 7000 хүүхэд болон жирэмсэн эх томуугийн вакцин хийлгэсэн байна гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top