Л.Анхбаяр: Нас баралтын 41.9 хувийг зүрх судасны өвчин эзэлж байна

2021 оны 10 сарын 06

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчин болоод байна. Сүүлийн жилүүдэд уг өвчин улам залуужиж байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа билээ. Тиймээс зүрх судасны өвчин элбэгшихэд нөлөөлж буй голлох хүчин зүйлүүдийн талаар УНТЭ-ийн Зүрхний Төвийн судасны Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Л.Анхбаяртай ярилцлаа.


Зүүн гар талаас Л.Анхбаяр эмч үзлэг хийж байна.

-Монгол Улс зүрх судасны өвчнөөр дэлхийд тэргүүлдэг гэсэн мэдээлэл байдаг. Манай улсад уг өвчлөл ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсад гэлтгүй дэлхий нийтэд хүн амын халдварт бус өвчлөлийн то­хиолдлыг аваад үзвэл зүрх судасны тог­толцооны өвчин тэргүүлэх байранд ордог. Манай улсад 2020 оны статистик үзүүлэлтээр хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус таван өвчний гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орсон.

Энэ нь 10 мянган хүний 1268-д тохиолдол илэрч байна гэсэн үг юм. Зүрх судасны өвчин гэдэг өөрөө маш том өргөн хүрээний ойлголт. Үүний дотор цусны даралт ихсэх өвчин илүү байдаг. Нийт өвчлөлийн 47.6 хувь буюу 10 мянган хүн тутмын 640-д нь илэрсэн. Цусны даралт ихсэх өвчин хүн амын дунд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нэгдүгээр шалтгаан болж байгаагаас гадна 2020 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан буюу нийт нас баралтын 41.9 хувийг эзэлж байгаа юм. Цусны даралт нь зүрхний шигдээс болон цус харвалтын үндэс болж байна. Зүрхний шигдээс өвчнөөс шалтгаалсан нас баралт нь 49.4 хувийг эзэлж байгаа. Цусны даралт ихсэх өвчнийг бүсчлэлээр нь аваад үзвэл баруун болон төвийн бүсүүдээр зонхилон тохиолддог. Харин хүйсээр нь үзвэл эмэгтэйчүүд илүү өвчилсөн байдаг бол нас баралтад 45-аас дээш насны эрчүүд өртөх хандлагатай байдаг. Энэ тоо баримтаас үзэхэд зүрх судасны тогтолцооны өвчин хүн амын дунд тархалт өндөртэй, нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байгаа нь харагдаж байна. Тиймээс эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх шаардлагатай.

-Зүрх судасны өвчлөл бүс нутаг болон хүйсийн хувьд ялгаатай байдлаар илрээд байгаа талаар дурдлаа. Үүний шалтгаан нь юунд байна вэ?

-Төвийн болон баруун бүсийн нутаг нь харьцангуй уулархаг, өндөрлөг газарт оршдог. Далайн түвшинээс өндөрт байрлаж байгаа нь цусны даралтыг зохицуулах тогтолцоонд  нөлөөлж байна. Мөн цаг агаар буюу хүйтэн уур амьсгал нь зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг. Эдгээрээс үүдэн бүс нутгийн өвчлөлийн хувь, хэмжээ өөр өөр түвшинд байна.

-Цусны даралт ихсэх өвчин нь хүндэрвэл ямар эрсдэлд хүргэдэг вэ?

-Цусны даралт ихсэх өвчин нь бүх зүрх судасны тогтолцооны өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. Зүрхний шигдээс, харвалт, зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй байдаг. Цаашлаад бөөрний дутагдалд ороход хүргэдэг. Яагаад зүрх судасны тогтолцооны өвчин байнга ноцтой, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна вэ гэхээр цусны даралтаас үүдэн бий болдог зүрхний шигдээс, харвалт хоёр нь  хүний аминд хүрдэг. Энэ нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор тохиолдлын тоо бууж өгөхгүй байгаа юм. Манай улс "Монголын мянганы сорилтын сан"-д зүрх судасны өвчний тогтолцооны нас баралтыг шат дараатайгаар буулгая гэсэн зорилт тавиад, үүний дагуу үйл ажиллагаа явуулж байна.

-Уг өвчин элбэгшихэд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар дурдахгүй юу?

-Элбэгшиж байгаа шалтгаан нь хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Амьдралын хэв маяг гэдэгт жингийн илүүдэл, архи, тамхины зохисгүй хэрэглээ, дасгал хөдөлгөөний дутмаг байдал, стресс зэрэг хүчин зүйл ордог. Үүнээс гадна сүүлийн үед ихээхэн анзаарагдах болсон хагас боловсруулсан хоол, хүнсний хэрэглээ юм. Хоол хүнсний хэрэглээнд хүмүүсийн гаргадаг буруу хэвшил нь давс, тос ихтэй бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ байдаг. Эдгээр нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлд тооцогдоно. 2018 онд дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Халдварт бус өвчний шалтгааныг 100 хувь гэж үзвэл 80 хувь нь амьдралын буруу хэв маягтай холбоотой байна” гэсэн судалгаа гарсан. Тэр ч утгаараа Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан “35 наснаас дээш бүх хүмүүс зүрх судасны өвчний эрт илрүүлэлт болон урьдчилан сэргийлэх зорилгоор биеийн жин, цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ зэргийг тогтмол хянаж байх” гэсэн эрх зүйн акт байдаг.

-Зүрх өвдөж, даралт ихсэх үед архи уувал сайн гэдэг ойголт хүмүүсийн дунд байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Архинд байгаа бодис чинь өөрөө судсыг тэлж өгсөнөөр даралт бууж байгаа юм. Тухайн үед яаралтайгаар арга хэмжээ авдаг монголчуудын эмийн бус аргачлалын нэг жишээ нь энэ юм. Даралт ихсэнэ гэдэг нь судасны захын эсэргүүцэл ихсэж, зүрхний гол судас руу шахаж байгаа цусны хэмжээ хоёроос хамааран даралт зохицуулагдаж байдаг. Тэгэхээр архи ууснаараа тухайн судасны эсэргүүцлийг багасгаад, судсаа тэлээд өгч  байна гэсэн үг.

-Залуучууд зүрхний өвчнөөр их өвчилж байна гэж ярьж байгаа. Энэ үнэн үү?

-Хуучин бол насжилт явагдаад судсанд өөрчлөлт орсноор судасны хатуурал явагдаж, үүнийгээ дагаад зүрх судасны өвчлөл бий болдог байсан. Одоо үед зүрх судасны өвчин залуужаад байгаа нь нөгөө амьдралын буруу хэв маягтай холбоотой юм. Залуусын өвчлөлд стресс голлох хүчин зүйл болж байна. Тухайлбал, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст амьсгаадах, хавагнах, даралт  ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Нэг кг жин нэмэгдэхэд нэг миллиметр мөнгөн усны баганаар даралт нэмэгдэж байдаг. Таван кг жин нэмэхэд нэг нас хорогдож байдаг. Тэгэхээр таргалалт нь нь зүрх судасний өвчин үүсгэх нэг томоохон шалтгаан болж байна. Мөн өөх тосны солилцооны алдагдал, хөдөлгөөнгүй байдал, давсны хэрэглээ ч үүнд нөлөөлнө. Насанд хүрсэн хүн нэг хоногт найман граммаас хэтрэхгүй давс хэрэглэх нь зохистой. Найман грамм гэдэг нь том амны халбагаар нэг хийх хэмжээтэй юм. Давсны хэмжээ ихэснэ гэдэг нь биеэр эргэлдэж байгаа цусны хэмжээ ихэснэ гэсэн үг. Цусны хэмжээ ихсэхээр даралт ихэсдэг.

-Нэгэн үеэ бодоход хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, ихэнх айлд даралтны аппарат байдаг болжээ. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа хүмүүс дур зоргоороо өөртөө онош тавьж, эм хэрэглэх тохиолдол байдаг шүү дээ?

-Айл бүрт даралтны аппарат байх нь зөв. Цусны даралт болон зүрхний хэмээ тогтмол хянах нь эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж байдаг. Эмчид хандаж байгаа тохиолдолд гурван удаагийн ирэлтээр 3-4 удаагийн эмчлэлтээр даралт нь 130/80-ас дээш байвал үүнийг даралт ихсэх өвчин гэж үздэг. Хэрвээ даралт ихсэх өвчин гэдэг онош тавигдах юм бол даралтаа тогтмол хянаж 130/80, зүрхний цохилтыг 55-70 хооронд барьж, тохирсон эм хэрэглэх ёстой. Тухайн хүний нас, хавсарсан өвчин, хүндрэл, даралтны түвшин, зүрхний цохилт зэргээс шалтгаалан эмийн сонголт өөр өөр байдаг. Тиймээс би даралттай, манай эмээ энэ эмийг уудаг гэх мэтээр бие биенийгээ дуурайж өөртөө тохирсон, тохироогүй эм хэрэглэх нь маш буруу. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч тохирох эмийг хэрэглэх нь зүйтэй. Ерөнхийдөө даралт буулгах таван бүлгийн эм байдаг. Дээр дурдсан хүчин зүйлсийг харгалзан эмээ сонгож хэрэглэнэ. Мөн нийгэмд даралт нь 160/80 байж байгаад эм уусны дараа 140 болчихлоо, даралт буучихлаа гэж үзэх хандлага байдаг. Энэ нь буруу. Цусны даралтын зорилтот түвшин 130/80-аас дээшгүй, зүрхний цохилт 55-70 хооронд байвал хэвийн, зохимжтой хэмжээнд байна гэж үзнэ.

-Энэ өвчин удамшдаг уу?

- Удамшил зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. Түүнээс биш шууд шалтгаан болохгүй.

-Энэ төрлийн өвчин ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ?

-Өөрийн гэсэн зовиуртай. Үүнд толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө. Ер нь бол таван эрхтэн системээс зовиур илэрдэг. Мэдрэлийн талаас нойргүйднэ, сандарна. Зүрхний талаас зүрх өвдөнө, дэлсэнэ, нүд улайна. Зүрхний дутагдал өвчний шинж тэмдэг нь амьсгаадах, хавагнах, зүрх дэлсэх, бачуурах зэрэг шинж тэмдэгээр илэрч байдаг. Өвчин бүрт илрэх шинж тэмдэг нь өөр өөр байна. Тиймээс дээр хэлсэнчлэн 35 наснаас хойш эрт илрүүлэлт урьдчилан сэргийлэлтэд хамрагдан, амьдралын хэвшилдээ анхаарах хэрэгтэй. Цаашлаад эмчид үзүүлээд амьдралын хэв маягаар зохицуулах уу, эмийн хэрэглээнд орох уу гэдгээ шийдэх болно. Халдварт бус өвчин нь эрт илрүүлэлт, амьдралын зөв хэвшил, урьдчилан сэргийлэлт зэргээс шалтгаалдаг.

-Зүрхний өвчнөөс үүдэлтэй гэнэтийн нас баралтын өмнө тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү?

-Гэнэтийн нас баралтын ард ихэвчлэн зүрхний шигдээс, тархинд цус харвасан байдаг. Шууд даралт ихэснэ, зүрх нь өвдөнө. Даралт ихсэх өвчин нь зүрхний шигдээс болон цус харвалтад хүргэж байдаг. Хүний аминд хүрдэг өвчин. Зүрхний шигдээсийн гол шинж тэмдэг нь цээжний өвдөлт юм. Нас баралтын нэгдүгээрт ордог шалтгаан болно. Амьдралын хэв маяг, даралтны эмээ уугаад даралтны түвшин зүрхний цохилтоо хэвийн хэмжээнд барьж чадвал эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top