Ковидын тархалт өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч халдвар авч байна. Мөн томуугийн улирал эхэлсэн. Томуу болон ковидын шинж тэмдэг төстэй учир эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Хүүхэд, өсвөр үеийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есү дараах мэдээллийг өгч байна.
-Манай улсад халдвар авч буй нийт хүмүүсийн 20 орчим хувийг, хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 7-8 орчим хувийг хүүхэд эзэлж байна. Өвчлөлийн байдал хүүхдийн дархлааны систем болоод бие махбодийн онцлогтой холбоотойгоор хүнд, хөнгөн хэлбэрээр илэрдэг. Өсвөр насны хүүхэд, эсвэл хоёроос бага насныхан хүнд, хүндэвтэр хэлбэрээр илүүтэй өвчилж, хүндрэх, уушгины хатгалгаа болоод бусад хүндрэл үүсэх эрсдэл өндөр байгаа. Ер нь хүүхэд хэт туранхай, эсвэл жингийн илүүдэлтэй, рахит сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэггүй, өөр эрхтэн тогтолцооны архаг хууч өвчингүй, эрүүл буюу дархлалын систем хэвийн өсөж байгаа тохиолдолд амьсгалын замын болоод бусад өвчлөлд өртөх нь харьцангуй бага байдаг. Өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвчлөөд, хүндрэлгүйгээр эдгэрдэг.
Хүүхэд суурь эмгэггүй л байвал өвчлөлд бага өртдөг, хөнгөн өвчилдөг тул хамгийн гол зөвлөгөөг өгье. Хүүхдийг гэр, сургууль, цэцэрлэг дээр нь ч өөрийн гэсэн тусдаа аяга, таваг, усны сав, алчуур, саван хэрэглүүлж байх хэрэгтэй. Сүүлийн үед манай эцэг, эхчүүд энэ талын ойлголт, эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа нь сайшаалтай. Аяга, тавгийг нь тусад нь хэрэглүүлж байгаа ч гэрийн бусад гишүүнийхтэй холиод нэг дор угаачихвал энэ огт үр дүнгүй гэдгийг анхаараарай. Аяга тавгийг тусад нь байлгаснаар ходоодны хавдар үүсгэх хеликобактери, томуу, ковид гээд бүх л халдвараас та хүүхдээ хамгаалж чадна.
Мөн хүүхдийг насанд нь тохирсон хоолоор хооллох, улиралд нь тохируулан хэт бэгнэхгүй, хэт дааруулахгүй, хөлөргөхгүй хувцаслах, боломжит насны хүүхдүүдийг амны хаалт тогтмол зүүлгэх, эрт унтуулж амраах, шингэн хангалттай уулгах, давс, содны уусмалаар хоолойг нь зайлуулж сургах, өдөр бүр хувцсыг нь солиулж, усанд оруулж байх, өвдвөл дор бүр нь эмчлүүлэн, эрүүлжүүлэх зэрэг энгийн юм шиг хэрнээ эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой дадал зуршлуудыг хэвшүүлээрэй. Тухайлбал, нэг настай 10 кг жинтэй хүүхэд өдөртөө хоолноосоо гадна нэг литр хүртэл шингэнийг уух физиологийн хэрэгцээ байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэдээ шингэн бага уулгадаг, уулгаж байгаа шингэнээ буруу сонгодог.
Чихэрлэг ундаа, шүүс хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж дархлаа сулрах, жингийн илүүдэл үүсгэдэг бол элдэв цай нь ходоодонд төмрийн шимэгдэлтийг бууруулж, цус багадалт үүсгэдэг, хүүхдэд зохисгүй. Шингэн гэдэгт буцалсан ус, шингэн хярам зэргийг л ойлгож болно. Шингэн сайн уудаг хүүхдийн дархлааны систем сайн ажиллаж байдаг. Хүүхэд орой 22:00 цаг гэхэд гүн нойроор унтаж байх ёстой ба 22:00-02:00 цагийн хооронд дархлааны болоод өсөлтийн даавар ялгарч байдаг маш чухал үе юм.
Насанд нь тохирсон хоол гэдгийг сайтар анхаарч үзэх хэрэгтэй. Хүүхдэд томчуудын хоолноос өгөх, мах, гурил, бантан, кааш гэх мэт нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь, эсвэл чихэрлэг бүтээгдэхүүн, түргэн хоол хэтрүүлэн идэх нь хүүхдийг эрдэс, амин дэмийн дутагдал, эсвэл жингийн илүүдэл, цус багадалтад өртүүлж байдаг.
Гэтэл бага насны хүүхэд өдөрт 2-3 удаа чанартай хооллож байх шаардлагатай. Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж заншсанаар ягаан дэвтэр дээр дэлгэрэнгүй заасан байгаа.
Иргэд амны хаалтыг буруу зүүж байна, зүүж байгаад авч халаасандаа хийчхээд эргэн зүүх, амны хаалтны гадна талд хүрэх, солихгүй удах нь их ажиглагддаг. Энэ нь таныг халдвараас огт хамгаалахгүй байгаа хэрэг. Хүүхдэд нүүрний хэмжээнд нь таарсан амны хаалт сонгох, хичээл, цэцэрлэгт нь солих амны хаалт, цэвэр уут, саванд хийж явуулах, амны хаалтаа солихын өмнө болон дараа гар ариутгагч хэрэглэж байхыг анхааруулж байгаарай.
Хүний нийлэгждэггүй буюу хүнс, тэжээлээс нөхөгддөггүй амин дэм болох А, Д амин дэмийг заавал нэмэлтээр уулгах шаардлагатай. А амин дэмийг жилд хоёр удаа ӨЭМТ-үүдээр дамжуулан 6-59 сартай хүүхдүүдэд тогтмол олгож байгаа бөгөөд Д амин дэмийг өдөр тутам урьдчилан сэргийлэх тунгаар уухыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Заалтаараа 12-оос доош насны хүүхдүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх зорилгоор хийх вакциныг одоогоор ДЭМБ-аас зөвшөөрөөгүй, судалгааны шатандаа явж байгаа тул хүүхдийг халдвараас сэргийлэх арга бол амны хаалтаа тогтмол зөв зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа тогтмол угаах, хувийн ариун цэврээ сайтар сахих юм.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )