БНХАУ-ын нүүрсний импорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 76 хувиар өсжээ. Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний фьючерс үнэ даваа гаргийн байдлаар нэг тонн нь 3771 юань болж, дээд үзүүлэлтэд хүрээд байна. Тус улс өнгөрсөн есдүгээр сард 32.8 сая тонн нүүрсийг 3.9 тэрбум ам.доллароор худалдан авсан байна. Харин I-IX сард 230.4 сая тонн нүүрс импортоор авчээ. БНХАУ-д эрчим хүчний хямрал нүүрлэж, нүүрсний эрэлт өссөнөөр импортоор авах хэмжээ өсжээ. Тус улсын Засгийн газар энэ өвөл ямар ч үнээр хамаагүй эрчим хүчний нийлүүлэлтээ хангахыг Төрийн өмчит эрчим хүчний компаниуддаа үүрэг болгоод байгаа юм.
Эрчим хүчний хэрэглээний хувьд тайлант сард өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна. БНХАУ-ын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ 694.7 тераватт/цаг хүрээд байгаа аж. Бээжин Шаньси, Өвөр Монголын нүүрс олборлогч томоохон бүс нутгийн 200 орчим уурхайд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг үүрэг болгосон боловч бороо тасралтгүй үргэлжлэн орж буйтай холбоотойгоор Шаньси мужийн 60 гаруй уурхай усанд автаад байгаа юм. Жилд 4.8 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн уурхай хаалттай хэвээр байгаа тухай Шаньси хотын албаны хүн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.
Жэнжоу хотын эрчим хүчний нүүрсний фьючерсийн ханш өнгөрсөн лхагва гарагийн арилжаагаар нэг тонн нь 1640 юань (254.44 доллар) хүрч, өнгөрсөн оны мөн үеэс бараг гурав дахин өссөн байна. Орос, Монгол зэрэг бусад гол нүүрс ханган нийлүүлэгчдийн төмөр замын хүчин чадал хангалттай бус харин Индонезээс тээвэрлэлт хийхэд үргэлжлэн орж буй бороо саад болж байгаа аж. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос тус улс бүх цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүддээ аравдугаар сарын 15-наас эхлэн эрчим хүчний үнийг зах зээлийн ханшаар тогтоох эрх олгож тухайгаа мэдэгдсэн.
Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад түлхэц болох бодлогын өөрчлөлт нь сүүлийн хэдэн долоо хоногт Хятадад хэд хэдэн аж үйлдвэрийн салбарыг эрчим хүчний хэрэглээг хязгаарлахад хүргэсэн цахилгаан хангамжийн хямралыг арилгахад чиглэсэн хамгийн сүүлийн арга хэмжээ юм. Үүнээс гадна ОХУ-аас Европ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлж буй нүүрсний хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Н. Шульгинов “Россия 24” сувагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ. Хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт өндөр хэвээр байгааг тэрбээр онцолсон байна. Үүний улмаас компаниуд нефть, нүүрс зэрэг эрчим хүчний бусад эх үүсвэр рүү шилжиж эхэлжээ.
Өмнө нь БНХАУ хойд мужуудынхаа өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн юм. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар, ойрын хэдэн улиралд нүүрс хийнээс илүү эрэлттэй түлш хэвээр байх төлөвтэй байна. Газрын тос, байгалийн шингэрүүлсэн хий, нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор Японд цахилгаан эрчим хүчний үнэ есөн сарын дээд түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгч дэлхийн томоохон улс болох Катарын эрх баригчид үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрч, түлш илүү үйлдвэрлэх боломжгүй болсныг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Manaih tumur zamgui altan bolomjyg ashiglaj chadsangui de.