Ковидын өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран 2020 оны тавдугаар сараас “Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж байгаа.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгаанд хамрагдсан өрхүүдээс 2000 өрхийг дэд түүвэрлэлт хийн сонгож, улсын хэмжээнд төлөөлөх чадвартай байх нөхцөлийг ханган нэг ижил өрхүүдээс хэд хэдэн үе шаттайгаар мэдээлэл цуглуулан ажиллаж буй юм.
Энэ удаагийн танилцуулгад 2021 оны зургаадугаар сарын 14-23-ны хооронд зохион байгуулсан тав дахь шатны үр дүнг, өмнөх шатны үр дүнтэй харьцуулан харуулжээ. Өмнөх судалгаануудыг:
Тэгвэл судалгааны тав дахь шатанд дараах үр дүн гарчээ.
Эмэгтэйчүүд болон орлого багатай, ядуу ажиллагчид ажлаа зогсоох нь 4-6 сарын хооронд бага зэрэг нэмэгдэх хандлагатай байжээ.
Судалгааны 4-5 дахь шатны хооронд ХАА-н бус бизнесүүд нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь бизнесийн орлого сэргэх хандлагатай байгааг илэрхийлж байна.
Хэдийгээр тав дахь шатанд хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүдийн орлого нэмэгдсээр байгаа ч аж ахуй эрхлэх орцын үнийн өсөлт малчид, тариаланчдын санааг зовоосоор байгааг дурджээ.
Өрхүүдийн нийт орлого 4-6 дугаар сарын хооронд сэргэсэн боловч 10 өрх тутмын 3 нь цар тахлын өмнөх үеэс бага орлого олсон хэвээр байна.
Ядуу өрхүүд хүнсний бус хэрэглээгээ танах замаар хямралыг даван туулах аргыг илүү хэрэглэж байгаа нь өрхийн амьжиргаанд урт хугацаандаа хоруу нөлөөтэй байж болох эрсдэл үүсгэж байна.
Хүүхдийн мөнгө хөтөлбөр өрхийн орлого алдагдлын хямралыг зөөлрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсоор ирсэн. Хүүхдийн мөнгийг ядуу өрхүүд хоол, хүнсний зүйл худалдан авахад шууд зарцуулдаг бол ядуу бус өрхүүдийн тэн хагас нь хадгалдаг. Хүүхдийн мөнгө авсан өрхүүдийн 90 хувь нь тус хөтөлбөр хямралыг зөөллөхөд бүрэн буюу хэсэгчлэн тус болсон гэжээ.
Өрхүүдийн 70 хувь нь цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ тусламж хэрэгтэй хүмүүстээ хүрсэн гэж үзжээ.
Ядуу болон цар тахлын нөлөөнд өртсөн өрхүүд хангалттай, эрүүл, олон төрлийн хүнс хэрэглэх боломж багатай байна.
Ядуу болон цар тахлын улмаас орлого алдсан өрхүүдийн хүнсний баталгаат байдлын алдагдал орлого алдагдалгүй өрхүүдээс 8-26 нэгж хувиар илүү байгаа нь урт хугацаандаа эдгээр өрхийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд өртөх болон бүтээмж нь буурах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэх юм.
Дельта хувилбарын тархалтын үед эмчилгээ хийлгэх шаардлага гарсан таван өрх тутмын нэг нь эмчилгээ, үйлчилгээ авч чадаагүй байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн хот, хөдөөгийн ялгаа дөрөвдүгээр сараас хойш багассан ч өрхүүдийн 19 хувь нь яаралтай эмчилгээ, үйлчилгээ авч чадаагүй нь голчлон ковидын халдвар авахаас болгоомжилсон, эмнэлгийн хүрэлцээ, хүчин чадал хангалтгүйгээс шалтгаалжээ.
Зээлтэй дөрвөн өрх тутмын нэг нь дөрөвдүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийж чадаагүй байна. Зээлтэй ядуу өрхүүд зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадахгүй байх нь ядуу бус өрхүүдээс 5 нэгж хувиар их байна гэж судалгаанд дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ юу чалчина вэ таминээ