Эм, тариур тасарч, иргэд аргаа барж байна

2021 оны 10 сарын 28

Эмчийн эмийн жор олгох цаас барьсан хижээл насны эмэгтэй эмийн сан нэг бүрчлэн ээлжлэн орно. Гэсэн хэдий ч гартаа нэг ч эм, тариа бариагүй байв. Гайхах, сонирхох зэрэгцсэндээ шалтгааныг асуулаа. Тэр эмэгтэйг Ж.Ичинхорлоо гэдэг аж. Ковид-19-ийн халдвар тусаад эдгэжээ. Халдварын дараах эм, тариагаа цуглуулж яваагаа учирлав. Эмийн сангуудаар хайгаад олдоогүй тул эм ханган нийлүүлэх төвөөр хайж буй нь энэ аж. Гэвч бүгд нэг ижил хариулт өгсөн байна.

Тэрбээр “Өнөөдөр хэдэн ч эмийн сангаар оров доо. Бүгд л манайд байхгүй, тасарсан гэх хариу өглөө. Өвдөж ч болохгүй цаг үе болоо юу даа. Халдварын дараа хэрэглэх эм, тариа олдохгүй байна” гэв. Энэ бол зөвхөн Ж.Ичинхорлоод тохиолдсон үйл явдал биш юм. Олон иргэн халдварын дараах эмчилгээний эм бэлдмэл, дуслаа авч чадахгүй байгаа асуудал тулгараад байна. Уг асуудалтай холбоотойгоор манай сонины сурвалжлах баг өдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.

ГЭР ХОРООЛЛЫН ЭМИЙН САНГУУД НӨӨЦГҮЙ БОЛСОН БАЙНА

Эм тариа хомсодсон гэх иргэдийн гомдол удаа дараа ирсэнтэй холбоотойгоор алслагдсан гэр хорооллын эмийн сангуудыг зүглэв. Гэрээр эмчилгээ хийлгэн эдгэсэн, эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн хэдий ч халдварын дараах гурван сард эмээ тогтмол хэрэглэх ёстой эмчийн заалтын дагуу эмийн санг бараадах хүмүүс тасрахгүй байлаа. Мана-4, норов-7, лянхуа, цайр, витамин Д, Ц зэрэг халдварын үед хэрэглэх тана, витаминууд хомсдож, зарим эмийн сангуудад байхгүй байв.

Гэр хорооллын иргэд хэдэн буудал газар дамжсаны эцэст сая нэг шаардлагатай эмээ авдаг аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн Улиастайд амьдрах иргэн Б.Лхагва “Ойрхон эмийн сангууд нөөцгүй гээд зарим эм зарахгүй байна. Тухайлбал, би саяхан эмнэлэгт үзүүлсэн юм. Эмч простерид гэх эмийг бичиж өгсөн. Түрүү булчирхайн өвчинд уудаг гэнэ. Гэрийн ойр орчимдоо хайгаад олсонгүй. Хотын төв рүү эмийн сангуудаар сураглах санаатай явна. Манай эхнэр өчигдөр "Лив 52" авахаар бас л хорооллынхоо эмийн сангуудаар орсон. Бүх эмийн сан нь байхгүй гэж хэлсэн юм билээ. Бүр зургаан эмийн сан орсон. Нэгэнд нь ч байгаагүй” гэв.

ГЭР ХОРООЛЛЫН ЭМИЙН САНГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР СҮХБААТАР ДҮҮРГИЙН X ХОРООНД БАЙРЛАХ “ХАЖУУ ХУДАГ” ЭМИЙН САНГИЙН ЭМ ЗҮЙЧ Н.НАМХАЙДАГВААС ТОДРУУЛСАН ЮМ. 

-Танай эмийн сангаар хэр их хүн үйлчлүүлдэг вэ?

-Ойр орчимд амьдрах хүмүүс бүгд л үйлчлүүлдэг. Сүүлийн үед хэдэн хорооллын цаанаас ч иргэд эм хайн ирж байна.

-Халдварын үед болон дараа хэрэглэх эм, тарианы нөөц хангалттай байгаа юу?

-Манайд халдварын үед хэрэглэх эм бэлдмэл болон тарианы нөөц байхгүй. Аспирин болон дуслын систем л бий. Одоогоор цус шингэлэх эм, тариаг хүмүүс их сурал болж байна. Харамсалтайн эргэн тойронд байгаа эмийн сангууд ч ялгаагүй нөөцгүй байгаа.

-Танайд өөр тасалдсан эм бий юу?

-Байлгүй яахав дээ. Би жагсаагаад бичсэн байгаа. Полданминг, Терафлю, Глюкоз, Фурсолид тэргүүтэй 20 төрлийн эм бэлдмэл байхгүй. Нэмээд дусал болон тариурууд байхгүй байна. Өвдсөн хүмүүс эм хайгаад ирэхээр дууссан хэмээн хэлээд зогсоход сэтгэл эмтэрдэг дээ.Мөн “Саба” эмийн сангийн эм зүйч Б.Уламнэмэхтэй ярилцсан юм. Тэрбээр “Ренгер байхгүй байгаа. Харин натрийн хлорид цөөн тоогоор үлдсэн. Лив-52 эм дуусаад удаж байна. Систем болон тариур байгаа хэдий ч нөөц ганц хоёр хоногоос дуусахаар байгаа. Манайд дууссан бүтээгдэхүүнүүд гэвэл спирттэй хөвөн, витамин Ц уусмал, виферон лаа юм. Өчигдрөөс (уржигдар) дууссан. Хайж ирсэн хүмүүс маш олон байлаа” гэсэн юм.

НАТРИЙН ХЛОРИД, РЕНГЕР, ЛИВ-52, ВИФЕРОН БОЛОН ТАРИУРУУД ТАСРААД 21 ХОНОГ БОЛЖЭЭ

Гэр хорооллын эмийн сангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй ярилцсаны дараагаар хотын төвийн эмийн сангуудаар орлоо. Хотын төвийн эмийн сан гэр хорооллоос ялгаатай нь эмийн нөөц хэвийн байв. Гэр хороололд хомсодсон, дууссан бүтээгдэхүүнүүд багахан тоогоор ч атугай өрөөтэй нь ажиглагдлаа. “Монос” группийн Сүхбаатарын талбайн салбарын эмийн сангийн эрхлэгч Д.Даваасамбуугаас эмийн нөөцийн талаар тодруулахад "Тоотой хэдэн эм, дусал тасалдсанаас Бусдаар нөөц хэвийн байгаа хэмээн" хэлсэн юм. Тухайлбал, Натрийн хлорид, Ренгер, Лив-52, Виферон зэрэг дусал болон эмний нөөц байхгүй байв. Эрээн хотын хил хаахаас ч өмнө тасарсан байжээ. Учир нь натрийн хлорид дуслыг ямар ч дусал тариа хийсэн хольж, шингэлдэг тул хамгийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай бүтээгдэхүүн байдаг аж.

Харин Виферон лааны хувьд вирусний эсрэг дархлаа дэмжих зориулалттай юм. Тиймээс иргэд олноор худалдан авдаг байна. Зөвхөн “Монос”-ын эмийн сангийн салбарууд гэлтгүй бусад эмийн сангуудаар ч байхгүй байлаа. Тиймээс "Бөмбөгөр" худалдааны төвийн хажууд байрлах эм ханган нийлүүлэх төвүүдийг зорьсон юм. Эм ханган нийлүүлэх төвүүдэд ч мөн зарим эм бэлдмэл, дуслын нөөц байхгүй байлаа.

Тодруулбал, “Монфа” эм ханган нийлүүлэх төвийн эм зүйч н.Б/нэрээ гаргахаас татгалзав/ “Эрээний хил хаасантай холбоотойгоор урдаас ирэх эм тариа тасалдаад байгаа. Бидний зүгээс тасалдсан эм тарианы нэрийг хэлэх боломжгүй. Хил нээхгүй бол хомсдол үүсэх байх. Бүхий л нөөцөө хуваарилаад ажиллаж болох ч гэлээ тасалдсан эм, дуслыг орлуулах боломжгүй. Нэн түрүүнд татан авалт хийх шаардлагатай” гэв. “Өргөөфарм импекс” компани, “Азифарм”, “Тун эрдэнэ фарма трейд” компани, “Фарм трейд”, “Энто” зэрэг зэрэгцэн орших бүхий л эм ханган нийлүүлэх төвүүдэд Натрийн хлорид, Ренгер, Лив-52, Виферон бүтээгдэхүүний нөөц болон нэг удаагийн тариурууд байхгүй байлаа.

Эрээн хотын хил хаахаас 21 хоногийн өмнө дээрх бүтээгдэхүүнүүдийн нөөц дууссан талаар эм ханган нийлүүлэх төвүүд дуу нэгтэйгээр хэлсэн юм. Урд хилээр татан авалтаа хийхээс өмнө Эрээн хотын хил хаасан нь дайран дээр давс гэгч болов. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эм хэрэгслийг яаралтай татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Хамгийн эхэнд нэг удаагийн тариур болон антибиотек зэргийг оруулна” гэсэн юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                     Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(103.57.92.95) 2021 оны 10 сарын 30

КОНСЕРВНИЙ ЛААЗ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ, КОММУНИЗМ ГЭЖ ЯРЬЛАА ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ ЮМ АА. кк,кк

0  |  0
ахмад настан(202.126.88.198) 2021 оны 10 сарын 29

манайх тариурийн үйлдвэртэй байсан, яагаад хаасан юм бол/ дарга нь Содномдаржаа гэдэг хүн байсан/ монголчууд залхуу болжээ одоо хүний гар хараад хараад сууж байх юм даа

0  |  0
B(66.181.161.54) 2021 оны 10 сарын 29

YU ONTSIIN SHAARDLAGAGVI EM GJ BAS YU BDIINUUH ESTOI BOLOOL HAIJ BGA SHDEE

0  |  0
Зочин(202.72.245.125) 2021 оны 10 сарын 28

Khomiin tuv bumbuguriin urduurhi aptekuudaar baina shuu.

0  |  0
Зочин(202.131.243.186) 2021 оны 10 сарын 28

За энэ чинь одоо хятад улсаас өөр орон байхгүй болоо юу оросоос яагаад авч болохгүй байгаа юм вэ бусад гадаадын улс орнуудаас жимс ногоогоо оруулж ирээчээ......

0  |  0
sdsdw(103.212.158.98) 2021 оны 10 сарын 28

dfdfe\n

0  |  0
aeraer(103.212.158.98) 2021 оны 10 сарын 28

dfdfdf

0  |  0
зочин/эмч/(124.158.67.231) 2021 оны 10 сарын 28

ихэнх эм нь онцын шаардлагагүй,хэрэглэхгүй байхад болохоор эмнүүд харагдаж бна

2  |  0
Top