Ойрх Дорнодод 50 тэрбум мод тарих ТӨЛӨВЛӨГӨӨ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Саудын Араб Ойрх Дорнодын газар нутгийг цэцэглэсэн ой болгон хувиргахаар зэхэж байна. Тус бүс нутагт 50 тэрбум мод тарих аж. Эрх баригчид түүнчлэн утаа, хүлэмжийн хийн ялгаралт, цөлжилтийг багасгаж, хий, газрын тосны үйлдвэрлэлийг илүү экологийн аргад шилжүүлэх эрмэлзэлтэй байна. “Ногоон Ойрх Дорнод” дээд хэмжээний уулзалтын өмнө Эр-Рияд “ногоон” шилжилтэд хүрэхийг эрмэлзэж байна. Энэ төлөвлөгөө хэр бодитой байхаас Арабын цөлд ой мод бий болох эсэх нь хамаарна.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман өнгөрсөн хавар "Дэлхийд тэргүүлэгч газрын тос үйлдвэрлэгч орны хувьд манай хаант улс уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулах хариуцлагыг хүлээн зөвшөөрч, илүү ногоон ертөнцийг бий болгоход дэлхийд тэргүүлэгч болохыг эрмэлзэж байна" гэж мэдэгдсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр “Саудын Арабын ногоон санаачилга”, “Ойрх Дорнодын ногоон санаачилга” гэсэн хоёр хөтөлбөр танилцуулсан. Энэ хоёр хөтөлбөр нь улс орныг шинэчлэх “Алсын хараа 2030” стратегийн нэг хэсэг юм. Хөтөлбөрүүдийн гол даалгавар нь зөвхөн Саудын Араб гэлтгүй нийт бүс нутгийн хэмжээнд ногоон бодлогод шилжих, үүнд, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, газар нутгийг нөхөн сэргээх, урьд өмнө байгаагүй мод тарих кампанит ажил хийх явдал юм.

Мухаммед бин Салманы хэлснээр байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн хөгжилд үл нийцнэ гэсэн ойлголт худал бөгөөд сөрөг үр дагавартай аж. Ногоон бодлого нь инновацийг идэвхжүүлж, сая сая ажлын байрыг бий болгоно гэж ханхүү нэмж хэлжээ.

Саудын Арабын төлөвлөгөө:

 

  • 10 тэрбум мод тарих
  • 40 сая га газрыг нөхөн сэргээх
  • Эрчим хүчний 50 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авна  
  • 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 130 сая тонноор бууруулахын төлөө тэмцэнэ

 

Одоогоор Тус улс дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгаралтын 1.3 хувь (ойролцоогоор 517 сая тонн)-ийг эзэлдэг. Үүнээс гадна, дээрх санаачилга нь хогийн цэг рүү очих хог хаягдлын хэмжээг 94 хувиар бууруулах ёстой юм. Ойрын 10 жилд Саудын Араб 10 тэрбум мод тарихтай зэрэгцүүлэн “Арабын ах дүүс” болох  Катар, Кувейт, Бахрейн, Ирак, Судан улсын тусламжтайгаар Ойрх Дорнод даяар 40 тэрбум мод тарих ажлыг эхлүүлэх аж.

Саудын Арабын төрийн Saudi Press агентлагийн мэдээлснээр, тус улсад 10 тэрбум мод тарих ажил нь 400 мянга орчим кв.км хоосон газрыг сэргээсэнтэй тэнцэнэ. Ханхүүгийн тэмдэглэснээр, энэ нь тус улсад нөхөн сэргээсэн газар нутгийн хэмжээг 12 дахин нэмэх аж. Дэлхийн банкны мэдээлснээр, Саудын Араб 2016 онд 9770 кв.км ойн талбайтай байжээ. Хаант улс нийтдээ 2 сая 150 мянган кв.км талбайг эзэлдэг.

Ийнхүү Эр-Рияд сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх дэлхийн хичээл зүтгэлийн дөрвөн хувийг хариуцаж, Дэлхийн эдийн засгийн форумын хөтөлбөрийн хүрээнд 1 их наяд мод тарих дэлхийн зорилтот төлөвлөгөөний 1 хувийг биелүүлнэ гэж Saudi Press-д өгүүлжээ.

Бүс нутгийн байгаль орчны хамгийн ноцтой сорилт бол цөлжилт гэж ханхүү Мухаммед бин Салман үздэг. Иймд шинэ стратегийн хүрээнд нийт нутаг дэвсгэрийн 30 хувь (600 мянган кв.км) нь байгалийн тусгай хамгаалалттай бүс болох бөгөөд үүнд далайн болон эрэг орчмын бүс нутаг орно. Ханхүү “Элсэн шуурганы улмаас жил бүр 13 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд хүлэмжийн хийгээр үүссэн агаарын бохирдол нь Саудын Арабын дундаж наслалтыг 1.5 жилээр бууруулсан” гэжээ. Тиймээс тэдний хүчин чармайлт байгалийн ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, бохирдолтой тэмцэх, газрын эвдрэлийг багасгахад чиглэх аж.

Ойрх Дорнодын төлөвлөгөө:

 

  • 40 тэрбум мод тарих
  • 200 сая га газрыг нөхөн сэргээх
  • Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 60 хувиар бууруулах

 

Ойрх Дорнодод 40 тэрбум мод тарих тухайд, Эр-Риядын хувьд энэ төлөвлөгөө дэлхийд томоохонд тооцогдох ойг нөхөн сэргээх хөтөлбөр болж байна. Энэ нь Сахелийн хойд хэсэгт байх “Аугаа их ногоон хана”-ны хэмжээг хоёр дахин нэмж, Сахарын цөл ихсэхтэй тэмцэнэ.

Үүнээс гадна Мухаммед бин Салманы ярьснаар “ногоон” эрчим хүчний үлдвэрлэл нь Ойрх Дорнодын бүс нутагт 7 хувиас давдаггүй байна. Энэ нь эхний ээлжинд нүүрсустөрөгч үйлдвэрлэхэд ашигладаг хоцрогдсон технологитой холбоотой аж. Эр-Рияд цаашид тус бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 60 хувиар багасгахын тулд Ойрх Дорнодын хөршүүдтэйгээ туршлага солилцох хүсэлтэй байна.

Ойрх Дорнод дахь “Ногоон санаачилгын” хүрээнд нийтдээ 200 сая га сүйдсэн газрыг сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь манай гарагийг ногоон болгох дэлхийн зорилтот ажлын 5 хувь нь байх болно. Үүнээс гадна Эр-Рияд жил бүр “Ойрх Дорнод дахь ногоон санаачилга” дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих ашгийн бус байгууллага бий болно.

Саудын Арабын зарим хөрш орон хаант улсын “ногоон хүсэл эрмэлзэл”-ийг аль хэдийнээ магтсан. Тухайлбал, угсаа залгамжлах ханхүү Бин Салман болон Кувейтийн Эмир Шейх Наваф Аль Ахмед нарын саяхан болсон ярианд энэ асуудлыг нарийвчлан авч үзсэн гэж Кувейтийн төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ санаачилгыг НҮБ ч сайшааж, тус улсын төлөвлөгөөг анхааралтай дагаж байгаа аж.

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Эр-Рияд хотыг ногоон болгоход туслахаа санал болгожээ. Мөн Пакистан улс 2014-2018 оны хооронд The Billion Tree Tsunami хөтөлбөрийнхөө хүрээнд 1 тэрбум мод тарьсан байна. Одоо тус улс The Billion Tree Tsunami хэмээх кампанит ажлын дараагийн шатанд шилжиж байгаа бөгөөд энэ нь тарьсан модны тоог 10 тэрбумд хүргэх ёстой.

Тоймч Адхван Алахмари Independent Arabia-д бичихдээ, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулж, байгаль орчинд ээлтэй түлшийг өргөнөөр нэвтрүүлэх үүрэгтэй дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч орон, ОПЕК-ийн хамгийн том гишүүн, дэлхийн хоёр дахь том газрын тосны нөөцийн эзэн бол Саудын Араб юм гэжээ.

Мод хэнд хэрэгтэй вэ?

Саудын Арабын санал болгож байгаа “Ногоон санаачилга” нь уур амьсгалын өөрчлөлтийг мод тарих замаар удаашруулж байгаа анхны кампанит ажил биш. Томоохон зорилго нь дэлхий дээрх хүн бүр 130 орчим мод тарих.

Мод нь дэлхийн дулаарлыг үүсгэдэг нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хадгалж, хөрсний элэгдлийг зогсоож, жимс жимсгэнэ, бусад зүйлийн амьдрах орчныг бүрдүүлдэг, усыг цэвэршүүлдэг бөгөөд хотуудад ашигтай. Оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө их. Гэхдээ бүх зүйл ийм энгийн биш.

Урт хугацааны төлөвлөгөө

Ихэнх кампанит ажил нь тарих гэж буй модны тоог тойрсон байдаг. Амжилтын тухай ярихын тулд ой модыг хэрхэн арчлах, яагаад ийм их тоо яриад байгаа вэ гэдгийг үргэлж орхигдуулж боддогийг сөхье.

Мэргэжилтнүүд муу төлөвлөлт нь мөнгө, цаг хугацаа, хүчин чармайлтыг үрдэгийг хэлдэг. Тухайлбал, 2004 онд болсон цунамигийн дараа Шри-Ланка арлын эрэг дэх ойг сэргээхээр шийджээ. Энэ нь нэг төвлөрсөн төсөл биш, хэд хэдэн тусдаа төсөл байв. Нөхөн сэргээх ажилд нийтдээ 13 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь гол төлөв хандив юм. Цунамигийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн газруудаас нөхцөл байдал нь тохирсон эсэхээс үл хамааран уг газрыг сонгосон байна. Хэдэн жилийн дараа эрдэмтэд тариалалтыг шалгаж үзээд талбайн тал хувь нь бүхэлдээ ургамал, үлдсэн ихэнх хэсгийн 90-ээс доошгүй хувь нь үхсэн болохыг тогтоожээ.

Тохиромжгүй газрууд

Зарим нь ой модыг нөхөн сэргээж байхад зарим нь хэзээ ч ой байгаагүй газарт мод ургуулж байна. Үүнээс болж өвслөг ургамал, бут сөөг зонхилсон газруудад бий болсон экосистемүүд бүрэн сүйрч магадгүй аж.

Асуудлын гол нь тал хээр газрууд бий болж, оршин буй тал хээр газарт байн байн гал түймэр гарах юм. Ийм газарт мод тарих нь хуучин ойг бодвол илүү олон удаа шатаж, нүүрстөрөгч дахин агаар мандалд гарах болно.

Модод юуг чадах, юуг чадахгүй вэ?

Жишээнүүдээс харахад ойжуулалтын кампанит ажил нь ихэвчлэн орон нутгийн, энгийн асуудлуудтай холбоотой байдаг. Гэсэн хэдий ч эхлээд зарлахдаа бүхэл бүтэн гариг болон алс холын ирээдүйн сайн сайхны тухай ярьдаг. Энэ тухай илтгэлүүд нь мод уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Гэвч бодит байдал дээр ой модны чадвар хамаагүй бага байдаг аж.

Ойд агуулагдах нүүрстөрөгчийн хэмжээг тооцоолох нь чухал. Хэрэв хүлэмжийн хийн ялгаралт 2019 оны түвшинд хэвээр байвал 20-хон жилийн дотор ижил хэмжээний нүүрстөрөгч хуримтлагдах нь үнэн. Уг тооцооллыг хийсэн эрдэмтдийг мэргэжил нэгт нөхөд нь шүүмжилсэн. Тэдний зарим нь 205 тэрбум тонн гэсэн тооцоог тав дахин хэтрүүлсэн тоо гэж үзэж, мод тарихад тохиромжтой газар цөөхөн байна гэжээ. Зарим нь ийм өргөн уудам газар нутагт мод тарих нь туйлын хэцүү байх болно гэжээ. Жил бүр нэг сая га талбайд 50-100 сая мод тарихад бараг мянган жил шаардлагатай. Гэхдээ судлаачид агаар мандлаас ийм их хэмжээний нүүрстөрөгчийг зайлуулах илүү сайн арга байхгүй гэж тэмдэглэжээ.

Хамгийн муу тохиолдолд ой мод хөргөхгүй, харин эсрэгээрээ агаар мандлыг халаах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар (109.89.151.254) 2021 оны 12 сарын 10

50 Топор араб гарч ирж бгаа юм бна.

0  |  0
Top