Хятад Ойрх Дорнодод байр сууриа бэхжүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 25

БНХАУ Ойрх Дорнодод АНУ-ыг зайлуулж, өөрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд идэвхтэй ажилласаар байна. Энэ тал дээр сүүлийн хагас жилд Бээжин мэдэгдэхүйц амжилт олоод байна.

Хятад улс өргөн хүрээний дипломат ажиллагаа явуулахын сацуу тус бүс нутаг дахь АНУ-ын нөлөөллийн нэг хэлбэр болох гадаад төлбөр тооцооноос ам.долларыг шахан гаргаж байна.

Ойрх Дорнод нь Хятад, АНУ-ын хоорондын шинэ хүйтэн дайны гол фронтын нэг гэсэн статусаа бэхжүүлсээр байна. Бээжин Вашингтон, Саудын Арабын харилцаанд үүссэн ан цавд шурган орохоор идэвхтэй чармайсаар.

Дундад улс хагас жилийн өмнө төсөөлөх ч боломжгүй байсан их нөлөөгөө тус бүс нутагт тогтоожээ. Үүнд эртний дайсан байсан Саудын Араб, Ираны хооронд зуучилж, тус хоёр улсын хооронд үүссэн мөсийг хайлуулж чадсан нь багагүй хувь нэмэр оруулсан. Харин энэ долоо хоногт Израил, Палестины хэлэлцээг сэргээхэд чиглэсэн кампанит ажлыг эхлүүлж буйгаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган мэдэгдэв.

Үүнтэй зэрэгцэн Абу Даби хотноо Бээжинд төвтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк анхны гадаад дахь салбараа хэдэн хоногийн өмнө нээсэн. Энэхүү үйл явдал нь Саудын Араб тэргүүтэй ОПЕК+ орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх АНУ-ын хүсэлтэд татгалзсан шийдвэрээр Вашингтоныг цочролд оруулсантай зэрэгцэв. Ийнхүү Ойрх Дорнод, ялангуяа Саудын Араб АНУ-аас холдож, Хятад улстай илүү дотносох болсон нь илт болов.

Гэхдээ Вашингтоны хувьд бүх зүйлээ алдаагүй байна. Тус улс Ойрх Дорнод дахь нөлөөллийн асар хүчтэй хэд хэдэн хөшүүргээ атгасан хэвээр. Тухайлбал, АНУ тус бүс нутгийн улс орнуудтай батлан хамгаалахын салбарт нягт хамтран ажиллаж байгаагаас гадна ам.доллар одоогоор хүчтэй хэвээр байна.

Ноён доллар дэлхийн санхүүгийн систем хамгийн том хүч хэвээр байна. Энэ нь Вашингтонд бусад улс оронд сүрдүүлэх боломж олгодог.

Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гео эдийн засгийн бодлогын гол шалгуур нь Бээжингээс ивээн тэтгэсэн дипломат санаачилгууд бус. Зөвлөлийн гишүүн орнуудын олон улсын төлбөр тооцооны гол валют нь ам.доллар байсаар байна. Ам.доллароос гэнэт татгалзах нь эдгээр улс орнуудын санхүүгийн системийг тогтворгүй болгох тул шилжилтийг аажмаар хийх учиртай. Харин ийм шилжилт эхэлж буйн дохио ажиглагдаж эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сард АНЭУ БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн төлбөр тооцоог юаниар анх удаа хийв. 2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ Катар улстай 60 тэрбум ам.долларын байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх тухай түүхэн гэрээ байгуулсан. Өрнөдийн шинжээчид Хятадын эрчим хүчний компаниуд өрнөдийн өрсөлдөгчидтэйгөө ижил түвшинд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй гэж хүлээн зөвшөөрдөг. Гэвч Катар улстай байгуулсан энэ гэрээ нөхцөл байдал эрчимтэй өөрчлөгдөж буйг харуулсан. Харин өдгөө энэхүү гэрээний төлбөр тооцоо ямар валютаар хийгдэх нь олон улсын анхаарлыг татаж байна.

Үүнтэй зэрэгцэн Саудын Араб валютын асуудлаарх чиг хандлагаа өөрчилж буй нь ажиглагдах болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улс худалдааны гэрээ хэлцлийг ам.доллароос өөр валютаар хийхэд бэлэн гэдгээ Бээжинд ойлгуулж амжсан билээ.

Хятад улс Ойрх Дорнодын гол үйлчлүүлэгч болж байгаагаас гадна тус бүс нутгийн улс орнууд Бээжингээс хөрөнгө оруулалтын дэмжлэг авахаар шамдаж байна.  Энэ долоо хоногт АНЭУ-ын Аж үйлдвэр, технологийн сайд Султан бин Ахмед аль-Жабер Хятад улсад айлчилж, ногоон эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа тогтоохоор зорьж байна. Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Саудын Арабт хийсэн айлчлалын үеэр талууд сэргээгдэх эрчим хүч, “ногоон” устөрөгчийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан билээ. Ийм гэрээ, хэлцлүүд Хятадын компаниудад Персийн булангийн гол тоглогчидтой эдийн засаг, дипломат харилцаагаа бэхжүүлэх замаар гаднын зах зээлд гарах боломж олгоно гэдэгт Хятадын шинжээчид итгэлтэй байна. Валютын асуудал болон үүнээс ч дутуугүй ач холбогдолтой дипломат хүчин чармайлтуудаас гадна Вашингтоны зүгээс сонор сэрэмжээ алдаж болохгүй гурав дахь салбар бий. Одоогоор Хятадын зүгээс Персийн булангийн орнуудтай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулаагүй байна. Усан замд АНУ-ыг хэдийн ардаа орхисон БНХАУ-ын хүчин ойрхон байна. Эх сурвалж: Блүмберг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Топ санхүүч(202.9.41.26) 2023 оны 04 сарын 25

Хятад улсыг гайхаж шагшрах нь ч яахав Ийм нөхцөл байдал бий болж байгааг манайх яааж ашиглавал зүйтэй болохыг яаралтай судлаж өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан санхүү мөнгөний бодлого явуулах хэрэгтэй гэж бодогдох юм. Манай улс чинь эдийн засаг санхүүгийн олон л доктор мэргдийн тоо байдаг л юм билээ шүү дээ. ШУА , Эдийн засгийн хүрээлэн санхүүчид юу хийж байна даа . Бид үнэндээ дэлхийн эдийн засаг санхүүгийн ухаанаас хол хоцорсон байна. Хятад Улсын Ойрх дорнодод, дундад азид, манайд яявуулж байгаа эдийн засаг санхүүгийн бодлогот ажилгааны талаар хийсэн судалгаа байна уу?

0  |  0
Зочин(202.21.108.10) 2023 оны 04 сарын 25

БНХАУ Ойрх Дорнодод АНУ-ыг зайлуулж, өөрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд идэвхтэй ажилласаар байна. Энэ тал дээр сүүлийн хагас жилд Бээжин мэдэгдэхүйц амжилт олоод байна.\nХятад улс өргөн хүрээний дипломат ажиллагаа явуулахын сацуу тус бүс нутаг дахь АНУ-ын нөлөөллийн нэг хэлбэр болох гадаад төлбөр тооцооноос ам.долларыг шахан гаргаж байна. ...\n Аа яа яа, мундаг байна шүү. Хятад улс дэлхийн нэг номерийн улс болохын төлөө үзэж байна шүү.

0  |  0
Top