Саудын Арабын Жедда хотноо энэ сарын дунд үед болох Ойрх Дорнодын дээд хэмжээний уулзалтаас өмнө дэлхий даяар НАТО-гийн Ойрх Дорнод хувилбар бий болох тухай дахин ярьж эхэллээ. Ойрх Дорнодын цэргийн эвсэл тус бүс нутаг дахь тогтвортой байдлыг хангаад зогсохгүй гол төлөв Ираныг сөрөх зорилготой.
Дээд хэмжээний уулзалтад Персийн булангийн орнууд, Иордан, Египет, Ирак оролцоно. Эвсэл байгуулах асуудал дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон эсэх нь тодорхойгүй ч сүүлийн хэдэн долоо хоногт болсон үйл явдлууд зарим дүгнэлт хийх боломж олгож байна.
Өнгөрсөн долоо хоногт “Wall Street Journal” хэвлэл Египетийн Шарм-эш-Шейх хотод АНУ-ын ивээл дор Египет, Иордан, Израил, Саудын Араб, Катарын армийн төлөөлөгчид нууц хэлэлцээ хийсэн тухай бичсэн билээ. Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, энэ хэлэлцээ нь нийтлэг аюулаас хамгаалах стратегийг боловсруулах эхний шат гэж үзэж болох аж. Үүнээс өмнө Израилийн Батлан хамгаалахын сайд Бенни Ганц тус улс АНУ-ын даргалж буй Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Ойрх Дорнодын уулзалтад оролцсоныг баталсан билээ.
Үүнтэй зэрэгцэн сүүлийн үед Ойрх Дорнодын бүс нутагт “нутгийн НАТО” бий болох мөчийг ойртуулсан томоохон өөрчлөлтүүд гарсан юм.
Ираны эсрэг нөхөрлөл
Израил бүс нутгийн хөрш орнуудтай харилцаагаа сайжруулахын хэрээр Ойрх Дорнодын “шоовдор” улсын орон зайд Иран улс бэхжиж эхлэв. Ираны цөмийн хөтөлбөрт санаа зовнисон байр суурь тус бүс нутгийн улс орнуудыг хэзээ хэзээнээс илүү нэгтгэж байна. АНУ Ойрх Дорнодоос үе шаттайгаар явж байгаа нь аюулгүй байдлын баталгаагаа тус бүс нутаг өөрөө үүрэх болж байна гэсэн үг. “Дотоодын асуудлаа шийдэх шинэ арга зам хайх цаг нь ирлээ” гэж Каирын “Аль Ахрам” стратеги судалгааны төвийн шинжээч Ахмед аль-Сайед үзэж байна. Түүнчлэн Иорданы хаан II Абдалла Ойрх Дорнодын цэргийн эвсэл байгуулах асуудлыг хамгийн түрүүнд дэмжинэ гэж мэдэгдсэн. Эл жижиг улс бүс нутагтаа ихээхэн нөлөөтэй гэж үздэг ба 1994 онд Израилтай энхийн гэрээ байгуулсан хоёр дахь улс.
Израил анхаарлын төвд
Цэргийн эвслийн асуудал яригдаж эхлэхэд Израилийн оролцоо ямар байх нь анхаарал татаж байна. Израилийн цоо шинэ зэвсэглэл, ялангуяа дэлхийд хосгүй агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем түнш орнуудын сонирхлыг асар ихээр татаж байна. Ойрх Дорнодын улс орнууд Ираны болзошгүй агаарын довтолгооноос хамгийн их болгоомжилдог. Харин Израилийн онцгой “Iron Dome” систем ирээдүйн эвсэлд туйлын хэрэгтэй.
Израил нь яриа хэлэлцээний оролцогч төдийгүй ирээдүйн эвслийн бүтэц бүхлээрээ тус улсыг шууд бусаар тойрч байгуулагдана гэж шинжээчид үзэж байна.
Тус эвсэл Египет, Иордан, АНЭУ, Бахрейн, Марокко зэрэг Израилтай тогтвортой харилцаатай Арабын орнууд бүрдэх эсвэл АНУ-аар дамжуулан Саудын Араб, Оман, Катар болон Кувейт багтах боломжтой. Энэ тохиолдолд Суданаас бусад Ирак, Ливан, Сири, Йемен, Хойд америкийн араб улсууд гадна нь үлдэнэ.
Ливан, Сири нь Ойрх Дорнодод шоовдорлогдсон Ирантай нягт харилцаатай. Тэднийг “Ойрх Дорнодын НАТО”-д оролцуулах нь тэртээ тэргүй боломжгүй. Ялангуяа Израил байгаа цагт бүр боломжгүй.
Тус улсад харьцангуй үнэнч улсад ч Израилийн оролцоо бүс нутгийг хоёр туйлд хуваагдах, Палестинтай холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг бараг хаана гэсэн болгоомжлол бий. Гэвч энэ улсыг хасах хэдийн боломжгүй болсон. Вашингтон аль ч засаг захиргааны үед эртний холбоотон улсаа дэмжинэ. Үүний тулд Ойрх Дорнодод эргэж ирэх болсон ч бай хамаагүй. Харин Цагаан ордонд одоогоор ингэх нөөц боломж одоогоор үгүй. Учир нь засаг захиргаа нь бүх хүчээ Европ дахь дайныг шийдвэрлэх, Хятадыг сөрөхөд хаяж байна. Тиймээс Жо Байден Израил яриа хэлэлцээний бүрэн эрхт оролцогч эсэх гэдгийг баталгаажуулахын тулд Жедда хотод ирнэ.
Үр ашиггүй санаа юу?
Персийн булангийн орнуудад зэвсэгт хүчний нэгдэл бий. Үүнийгээ тэд “Хойгийн бамбай” гэж нэрлэдэг бөгөөд 40 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй. “Хойгийн бамбай”-н анги, нэгтгэлүүд Кувейт, Иракийн хилийг манадаг.
Булангийн орнуудын санхүүгийн асар их боломжийн ачаар “Хойгийн бамбай” сүүлийн үеийн зэвсэглэлээр хангагдаж, зэвсэглэлээ хэзээ л бол хэзээ сүүлийн үеийн технологиор шинэчлэх боломжтой. Гэсэн хэдий ч бие бүрэлдэхүүн нь тулаанд оролцсон туршлага үгүй. Тиймээс ихэнх шинжээчид Ойрх Дорнодын НАТО-гийн санааг үр дүнгүй гэж үзэж байна. Ираны зүгээс бодитоор түрэмгийлсэн тохиолдолд зөвхөн АНУ, Израил л эсэргүүцэн хамгаалж чадна. Тэдний үзэж буйгаар Израил, Саудын Арабын харилцаа хэвийн болсноор л Ойрх Дорнодод батлан хамгаалах холбоо байгуулахад бодит дэвшил гарна. Гэвч тэр хүртэл маш хол байна.
Сэтгэгдэл ( 1 )
ОРСУУД МОСКВАГААС ЗҮҮН ТИЙШ БАЙГАА ГАЗАР НУТГИЙГ ДОРНОД ГЭДЭГ /ВОСТОК/ . МОСКВАД ОЙРХОНЫГ НЬ ОЙРХИ ДОРНОД ,МОСКВАГААС АЛС ХОЛ БАЙГААГ НЬ АЛС ДОРНОД ГЭДЭГ . МОНГОЛЫН ХУВЬД МАНЖУУР ХАВЦААГ АЛС ДОРНОД ГЭХЭД ТААРАХГУЙ БАЙНА