Барилгын талбай дахь аюулгүй ажиллагааны үзүүлэх сургалт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол Улсын Барилгын салбарын ХАБ-ын менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд өнөөдөр “Монгол Улсын барилгын салбарт Япон Улсын туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ” сэдэвтэй үзүүлэх сургалтыг “Грэйттаур констракшн”ХХК -ийн барилгын талбайд зохион байгуулагдлаа.

Үзүүлэх сургалтыг нээж Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай хэлсэн үгэндээ “Барилгын хөгжлийн төв нь ЖАЙКА Японы олон улсын байгууллагатай хамтран Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж, амжилттай үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ихээхэн ач холбогдол өгч, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бие даасан үндэсний хөтөлбөрийг хөгжүүлэх замаар, өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлагыг судлах зэргээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Барилгын салбарын эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, аюулгүйн ажиллагааны дадлыг эзэмшүүлэх, ажилчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын туршлагыг нэвтрүүлэн тогтмол сургалтуудыг хийж байна. Мөн ЖАЙКА-гаас Барилгын хөгжлийн төвийн дэргэд хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг танхим нээж өгсөнд энэ дашрамд талархлаа илэрхийлмээр байна. Энэхүү жишиг танхимаар барилгын инженер, техникийн ажилтнууд маань орж үйлчлүүлэх нь нээлттэй” хэмээлээ.

ЖАЙКА төсөл өнгөрсөн хугацаанд манай барилгын салбарт хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал, Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд төрийн албан хаагчид болон хувийн хэвшилийн инженер техникийн ажилтнуудад зориулсан ХАБ-ын мэдлэгийг дээшлүүлсэн сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургагч багш нарын бэлтгэн сургаснаас гадна МХЕГ -ын дэргэд барилгын туршилтын хамгаалах хэрэгслийн лабораторийг байгуулж өгч байгаа юм.

“Жайка” төслийн Сургагч багш, МУ-ын Зөвлөх инженер Ч.Чинзориг “Монгол Улсын хөгжилд ЖАЙКА цаашид ч хувь нэмрээ оруулж ажиллах болно. Барилга барих нь ганц хүний гавьяа бус багийн амжилт бүтээл байдаг тул аюулгүй байдлыг ханган ажиллах нь сайтар төлөвлөсөн хөдөлмөр зохион байгуулалтын ажлаас шууд хамаардаг. Ийм учраас барилгын талбайд явагдах өдөр тутмын хөдөлмөрийн үйл явц нь өглөөний цугларалт болох дасгал хөдөлгөөнөөр эхлэн, оройн ажлын байрны цэвэрлэгээ хийж хамгийн сүүлийн хүн дээд шатны удирдах ажилтандаа илтгэснээр дуусгавар болдог” юм гэдгийг хэллээ гэж Барилга, хот байгуулалтын яам мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top