ДЭМБ: 15-аас доош насны хүүхдүүдийн 93% хортой агаараар амьсгалдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай гараг дээр амьдарч буй  15-аас доош насны нийт хүүхдийн 93 хувь нь буюу 10 хүүхэд тутмын ес нь өдөр бүр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхуйц хортой агаараар амьсгалж буй талаар мэдээлжээ.  Агаар дахь PM2.5 өндөр байснаар  хүүхэд бага жинтэй төрөх, зулбах эрсдэл өсдөг байна.

Түүнчлэн  агаарын бохирдол  хүүхдийн тархи, мэдрэл, танин мэдэхүйн хөгжилд  сөргөөр нөлөөлж, астма зэрэг амьсгалын замын өвчнүүдийн эх үүсвэр болдог. Мөн агаарын бохирдолтой орчинд өссөн хүүхэд том болоод зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай байдгийг ДЭМБ-аас  анхааруулжээ.

Агаарын бохирдолтой орчинд хүүхэд илүү олон удаа амьсгалж, илүү их хорыг биедээ шингээдэг төдийгүй

намхан учраас хорт утааны уршгийг илүү их амсдаг байна

Розамунд Кисси-Дебра Их Британийн нийслэл хотын хамгийн  хөл хөдөлгөөн ихтэй замын нэг болох Лондоны Өмнөд тойргийн  хажууд амьдардаг. Түүний охин Элла   агаарын бохирдлын улмаас  нас барсан англи хүүхдийн жагсаалтад орсон анхны хүн юм.  Элла астма өвчтэй байжээ. Гэвч зургаан настайдаа түүний биеийн байдал гэнэт  муудаж, амьсгалын дутагдалд орсон байна. 2013 оны хоёрдугаар сарын 15-нд есөн настай Элла астма өвчнөөр өвдөж, зүрх нь зогсжээ.  Эмч нар түүний нас баралтын шалтгааныг агаарын бохирдол астма өвчнийг өдөөж, даамжруулснаас үүдэлтэй гэж үзсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хүн амын 90 хувь  нь хорт агаараар амьсгалдаг гэж  мэдэгдсэн бөгөөд COP26-д цугларсан дэлхийн удирдагчид агаарын бохирдлын эсрэг тэмцэхээ  амласан юм. Дэлхийн олон улс орнуудын агаар дахь   нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээ өндөр байгаа  юм.

Нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ дунджаар  5мкг/м3 байх ёстой ч Лондон хотод л гэхэд  13.3 мкг/м-3 байгаа аж. Их Британийн Хатан хааны нийгэмлэгээс гаргасан 2020 оны судалгааны баримт бичигт агаарын бохирдлын хэмжээг бууруулахын тулд нүүрсээр ажилладаг эрчим хүчнээс татгалзах, илүү цэвэрхэн, хүртээмжтэй нийтийн тээвэртэй болох, агаарын тээврийн салбарт татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм. Агаарын чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд хүмүүсийн хийж чадах олон зүйл байдаг бөгөөд тухайлбал, махны хэрэглээгээ багасгах, машин жолоодохоос илүү нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг юм. 2016 онд нийт 600 мянган хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвараар өвчилж, нас барсан тоо баримт бий. Ялангуяа таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаануудын нэг нь агаарын бохирдол болоод байгаа бөгөөд нийт 10  нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.78.113) 2021 оны 11 сарын 10

Төр засгаас утаагүй түлш хийж хэрэгжүүллээ, УБ хот утаагүй болж байна гээд л хошгируулаад байдаг, яг үнэн чанартаа бол утаагүй түлш чинь утаа нь арай багассан ч илүү хортой утаатай түлш болоод байна ш дээ. УБ хотод орой өглөөд маш их үнэртэй, хортой утаа үүсч бараг л амьсгалахад хүнд болсон шүү. Үүнийг судлаж, шинжилдэг газар гэж байна уу? Хүний нүдэнд харагдахгүй хорт утаагаар ард түмнээ хордуулж устгах шинэ арга хэрэглэж эхлээд байна уу даа энэ төр засаг чинь.

0  |  0
Top