Шинж тэмдэггүй ковид өндөр настнуудад дархлаа үүсгэдгийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Өндөр настнуудын дархлаа коронавируст халдварын шинж тэмдэггүй хэлбэрт илүү идэвхтэй хариу үйлдэл үзүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, шинж тэмдэггүй халдварласан өндөр настнуудад залуучуудыг бодвол илүү хэмжээний эсрэг биет үүсдэг байна. Тиймээс 50 болон түүнээс дээш насныханд коронавирусний “Дельта” хувилбараас хамгаалах нэмэлт хамгаалалт болж байна гэж эрдэмтэд үзэж байна. Монреалийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгааны дүнг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлжээ.

Шинж тэмдэггүй ковидын дараа өндөр настнуудад үүссэн эсрэг биет залуу өвчтөнүүдтэй харьцуулахад “Дельта” хувилбараас илүү хамгаалж буй нь биднийг гайхшруулсан гэж Монреалийн их сургуулийн профессор Йоэл Пеллетье онцолжээ. Түүний хэлснээр, өндөр настнуудад үүссэн эсрэг биет коронавирусний хэсгүүдийг илүү идэвхтэй дарангуйлж байжээ.

Коронавирусний халдвар авсан ихэнх хүмүүс хөнгөн өвддөг бол 20 орчим хувьд нь уушги болон бусад эрхтэн үрэвсэж, хүндэрдэг байна.

Тиймээс эрдэмтэд шинж тэмдэггүй өвчөтнүүдэд халдвар хэрхэн нөлөөлдөг, тэдний дархлаа хэрхэн хариу урвал үзүүлдэг, эдгэрсний дараа эсрэг биет үүсэх шинж чанар нь ялгаатай эсэхийг тогтоох зорилгоор судалгаа хийжээ. Үүний тулд Пеллетье тэргүүтэй судлаачид цар тахлын эхний давлагаагаар шинж тэмдэггүй ковид туссан 30 сайн дурын өвчтөнүүдийг оролцуулсан дунд урт хугацааны ажиглалт явуулсан байна. Судалгааны дүнд 50 болон түүнээс дээш насныхны дархлаа илүү идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, залуу оролцогчдынхтой харьцуулахад илүү хэмжээний эсрэг биет үүссэн байна. Ингэхдээ бүх насны оролцогчдын эсрэг биетийн молекул коронавирусний “Альфа”, “Бета”, “Гамма” хувилбаруудыг ижил дарангуйлж байжээ. Харин “Дельта” хувилбарын хувьд эдгэрснээс хойш хэдэн сарын дараа эсрэг биетийн үйлчлэл өөрчлөгдсөн болох нь тогтоогджээ. Залуу оролцогчдын эсрэг биетийн “Дельта” хувилбарын эсрэг үйлчлэл бараг үгүй болсон байхад өндөр настнуудын эсрэг биет эл хувилбарын хэсгүүдийг устгаад зогсохгүй эсэд нэвтрэхийг нь хориглосоор байжээ. Ингэхдээ залуу ч тэр, өндөр настай ч тэр оролцогчдын бие организм вакцинд ижил хариу урвал үзүүлж, цусан дахь эсрэг биетийн хэмжээнээс үл шалтгаалан дархлаа тогтоосон байна.

Top