Драмын театр 90 жилийн түүхээ дэлгэлээ

2021 оны 11 сарын 12

Улсын Драмын Эрдмийн театр энэ онд 90 жилийн ойгоо угтаж байна. Мөн Монголын театрын музейн 30 жилийн ой тохиож байгаа аж. Энэ хүрээнд “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн гаргахын хамт “Тайзны урлагийн шинэчилсэн танхим”-ын нээлт  Монголын театрын музейн Үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Тус арга хэмжээнд Монголын театрын урлагийн түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмэр оруулсан, алдар, цолтой ахмад уран бүтээлчид ирсэн байлаа. Мөн дунд залуу үеийн төлөөлөл, хүндэт зочид, төлөөлөгчид ч байв. Арга хэмжээний үеэр эрхэм, хүндтэй зочид төлөөлөгчдөөс хамгийн өндөр настай буюу театраасаа дөрвөн насаар ах МУСГЗ Б.Мушгиа, театраасаа 10 насаар дүү МУГЖ Заяатын Жарантав, МУАЖ, найруулагч Бирваагийн Мөнхдорж зэрэг хэн бүхний мэдэх жүжигчин, найруулагч, зураачдын төлөөлөл ирсэн байгааг үйл ажиллагааны хөтлөгч онцолж байлаа.

Нээлтийн эхэнд Монголын Театрын музейн захирал Д.Наранжаргал “Өнөөдөр тавигдаж буй үзэсгэлэн нь 90 жилийн хугацаанд театрын урлаг ямар үеүүдийг туулсан, нэршлийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн, ямар төрөл жанрын бүтээлүүд тавигдаж байсан зэрэг дахин давтагдашгүй түүхийг гэрэл зургаар дэлгэн харуулснаараа шинэлэг. Ингэхдээ туулсан он цагийг таван үечлэлд хуваан толилуулж байна. Мөн театрын үе үеийн удирдлага, уран сайхны удирдагч, зураач, найруулагчдыг харуулсан байгаа. Түүгээр ч зогсохгүй хамгийн анх театрын тайзнаа тавигдаж байсан “Үнэн” жүжгээс авхуулаад одоо тоглогдож буй “Хаадын Хаан андгай” жүжиг хүртэлх бүтээлүүдээрээ дамжуулан үе үеийн уран бүтээлчдээ харуулж байна. Үзэсгэлэнд нийт 500 гаруй  түүхэн зураг, плакат тавигдсан байгаа” гэсэн юм.

Монгол Улсад 1921 оны Ардын хувьсгалаас хойш гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн, соёлын байгууллагууд бий болсон түүхтэй. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоолоор “Улсын төв театр” байгуулагдаж, С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр үүд хаалгаа нээсэн гэдэг.

Өдгөө Улсын Драмын Эрдмийн театрын боловсон хүчний 70 гаруй хувийг залуу үеийнхэн эзэлж байгаа гэнэ. Драмын театрын залгамж халааг авах тэдгээр залуу үеийнхний төлөөлөл үзэсгэлэнгийн нээлтийн үеэр их зохиолч Д.Нацагдоржийн “Од” хэмээх шүлгийг уншиж толилуулсан юм. “Соён гэгээрүүлэх 90 жил” үзэсгэлэнгийн үүдээр нь ормогц л үе үеийн шилдэг бүтээлийн танилцуулга, постерыг эгнүүлэн тавьсан байхын хамт тухайн жүжигт дүр бүтээсэн уран бүтээлчдийн түүхэн зургууд ярайж байв. Үлгэр, жишээ авч өссөн уран бүтээлчдийнхээ идэр, залуу үеийн зургийг харж, театрын урлагийн он цагийн хэлхээсээр аялах нь хэн бүхний хувьд сонирхолтой санагдах биз ээ. Гэрэл зураг гэдэг олон утга санаа, үүх түүх, өнгө төрхийг нэг дор цогцлоож байдгаараа үнэ цэнтэй.

Энэ ч утгаараа өнгөрсөн бүхнийг тод, томруунаар харуулж буй тус үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн ахмад уран бүтээлчид баярын нулимс дуслуулж байх нь харагдана.  Тэртээ 1931 онд үүд, хаалгаа нээж байсан Монголын драмын театр 90 жилийн хугацааг ардаа орхисон байна гэдэг багагүй хугацаа юм. Энэ хугацаанд түүхийг нь бүтээлцсэн, бүтээлцэж буй уран бүтээлчид бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсаныг уншигчдадаа хүргэж байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантав: Үзэгчгүйгээрурлаг оршихгүй

Би 1961 онд аравдугаар ангиа төгсөөд театрын урлагт хөл тавьсан. Энэ жил драмын театрын 90 жил, миний театрт орсны 60 жил, хорвоод мэндэлсний 80 жилийн ой тохиож байна. Манай алтан үеийн уран бүтээлчид голцуу уран сайханчид байсан. Учир нь дээд сургууль төгссөн хүн байгаагүй юм. Гутлын үйлдвэрт ажилладаг, гар урлал хийдэг гэх мэт мэргэжлийн бус хүмүүс байлаа. Гэсэн хэдий ч тухайн үед агуу жүжигчдийг олж, сайн уран бүтээл хийж чадсан байгаа юм.

Тухайлбал,1933 онд “Хонины булаг” жүжгээр манай драмын театр дэлхийд хоёрдугаарт орж байсан түүхтэй. Энэ жүжигт алтан үеийн уран бүтээлчид маань оролцон, тоглож байсан. Өнөөдөр Улсын Драмын Эрдмийн театрын 90 жил тохиож байгаатай холбоотойгоор Монгол Улсынхаа өнцөг булан бүрт суугаа урлагийн салбарт хүчин зүтгэгч, олон сайхан дүр бүтээсэн, нөхөддөө халуун баяр хүргье. Мөн үзэгчгүйгээр урлаг оршихгүй. Тиймээс биднийг үздэг, санаа, сэтгэлээр минь дэмждэг ард түмэндээ талархал дэвшүүлж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва: Театр бол аливаа улс, үндэстний тусгаар тогтнолын илэрхийлэл

“Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн нь технологийн шинэчлэлтийг ашиглаж Эрдмийн театрын үзвэрүүдийг шинэчлэн гаргасан. Энэ нь 90 жилийн ойдоо зориулж театрын урлагийн хамт олноос өргөж буй сэтгэлийн нэг хэсэг нь юм. Миний хувьд, төдийгүй тухайн улсын хэл, соёлын дархлааг харуулдаг, үүрэг, хариуцлага өндөртэй албан байгууллага гэдгээрээ онцлогтой гэж бодож явдаг. Залуус маань театрт хүрэлцэн ирж, өөрсдийн бодол, санааг хуваалцаж, хийсэн бүтээлүүдтэй танилцсанаар гоо зүйн таашаал, хүн байх, хүнийг ойлгож, энэрэхийн утга, учрыг ухаарахад дэм болно. Театрынхаа ойг тохиолдуулан үе үеийн уран бүтээлчдийн ард байсан хань ижил, үр хүүхэд, ар гэрийнхэнд нь талархал илэрхийлмээр байна. Тэднийг мартаж болохгүй.

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр: Бидний үеэс хойших гурван үе театрын урлагт хөл тавьсан байна

Монголд театрын урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ойн өдөр мэргэжил нэгтэй нөхөдтэйгөө уулзаж, баяраа хуваалцаж байгаад сэтгэл их хөдөлж байна. 1963 онд нээгдсэн кино драмын анхны жүжигчний ангийг төгсөөд одоогийн театрын урлагт хөл тавьж байлаа. Тухайн үед алтан үеийн уран бүтээлчдээс жүжигчний үнэмлэхээ гардан авч байсан сайхан цаг үе минь дурсагдаж байна. Олон сайхан ахмад уран бүтээлчдийнхээ гараас хөтөлж, хормойноос нь зүүгдэж, тэд нараасаа үлгэрлэн, суралцсан учир өнөөдөр энэ олон хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүртсэн гэж бодож, талархаж явдаг. Одоогийн байдлаар театрын урлагт 50-аад жил ажиллаж, 200 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээжээ.

Энэ хугацаанд өнгөрсөн дурсамжуудыг эргээд бодоход сайхан байна. Театр маань байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 500 гаруй жүжиг тавьсан. Энэ бүхэнд бидний оруулсан хувь нэмэр, үүрсэн ачаа их байсан. Одоо бол театрын урлаг залуужсан. Бидний үеэс хойших гурван үе театрын урлагт хөл тавьсан байна. Бидний халааг авч, ирээдүйн Улсын Драмын Эрдмийн театрын өнгө төрхийг тодорхойлох залуучуудынхаа ирээдүйн их замд нь өндөр амжилт хүсье. Мөн үзэгч, олон та бүхэндээ хандаж бидний тавьсан жүжгийг үзэж, оюуны цар хүрээгээ тэлж байгаарай гэж хэлмээр байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь: “Хаадын хаан андгай” жүжиг нь монгол хүний мөн чанар, нөхөрлөлийн тухай өгүүлсэн

Миний хувьд театрт ажиллаад 36 жил болжээ. Төдийгөөс өдий хүртэл энэ их урлагт орж, хөл нийлүүлэн алхаж, уран бүтээл хийхэд, театрын урлаг хөгжин, дэвших их үйлсэд нэмэр болж байгаадаа баяртай байна. Энэ бүхнийг бидэнд хүлээлгэж өгсөн ахмад уран бүтээлчид болон тэдний ар гэрийнхэнд талархал ирлэрхийлье. Уран бүтээлч хүний хувьд ар гэрийнхэн гэдэг түшиг, тулгуур нь байдаг. Тэднийхээ хүчинд өнөөдөр 90 жилийн ойгоо угтаж, өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвиад явж байна. Энэ сарын 5-наас “Хаадын хаан андгай” жүжиг маань ттеатрын тайзнаа тоглогдож эхэлсэн. Андгай, тангараг гэдэг их чухал зүйл.

Сүүлийн үед “Хэлсэндээ хүрдэг монголчуудын сайхан зан, чанар алдагдаад байна уу даа” гэж харагдах болсон. Одоо театрын дэлгэцнээ тавигдаж буй “Хаадын хаан андгай” жүжиг нь монгол хүний мөн чанар, нөхөрлөлийн тухай өгүүлсэн, алдагдаад байгаа уламжлалыг сэргээсэн, ач холбогдол өндөртэй уран бүтээл юм. Миний хувьд тус жүжигт Өүлэн эхийн дүрийг бүтээж байгаа. Дүрээрээ дамжуулан үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө бүх насаараа хүчин зүтгэдэг эх хүний мөн чанар, хатан ухааныг харуулж байна

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top