Өв, сэдэв, зохиол

2021 оны 11 сарын 16

Аливаа нэгэн тогтолцоо уламжлал, шинэчлэлийн харилцан хамаарал, холбоонд оршдог хуулиар монголын уран зохиол тодорхой хэмжээгээр хөдөлгөөнд оршсоор байна. Тогтолцоо бүхэн тодорхой хөдөлгөөн (мандах, мөхөх, сэхэх буурах гэх мэт), үйл явцын дунд үүсдэг, төлөвшдөг, шинэчлэгддэг, хөгждөг, уламжилдаг ба энэ утгаараа монголын орчин үеийн уран зохиол үүсэн буй болсон цагаасаа нэгэн зууны түүхийг туулав.

Алдаа, эндэл, мугуйдлал, бурангуйлал энэ нэгэн зуунд байснаас илүүтэйгээр оноо, ололт, хэлний ба сэтгэлгээний шинэчлэл давамгайлж уламжилсны үр дүнд өдгөө ч өнө эртний түүхт монголын уран зохиолын шинэ үеийн төлөөлөл уран зохиолын бүхий л төрөлд өөрийн өв санг, ирээдүйн уламжлалыг бүтээж буйн нэгэн тод жишээ нь О.Цэнд-Аюуш билээ. Яруу найргийн дөрвөн ном хэвлүүлсэн О.Цэнд-Аюуш 2021 онд хүүрнэл зохиолын “Тас чамайг тасчих болтугай...” түүвэр хэвлүүлжээ.Зургаахан өгүүллэгээс бүрдэх мөнхүү түүвэр нь өчигдөр үлдсэн, мартагдсан буюу мартагдаж буй соёл, сэтгэлгээг өнөөдөрт бас маргааш үлдээхийг хичээснээрээ онцлогтой байна.

Өөрөөр хэлбэл ахуйн хүрээ өөрчлөгдөх тусам сэтгэлгээний өөрчлөлт явагдах нь жам бөгөөд ХХ зууны дунд үеэс эхлэн эрчимтэй хотожсон, 1990-ээд оноос хойш нэг үнэт зүйлийг үгүйсгэсэн ч нөгөө үнэт зүйлийг төлөвшүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй, XXI зууны сүлжээжсэн бид юуг мартсан, гээсэн гэдгийг сануулж, анхааруулж байгаа нь эл түүврийн үнэ цэнийг нэмэгдүүлжээ.

Ингэхдээ зохиогч иргэншил хоорондын ялгааг товойлгох, сөргүүлдэхийг зориогүй байна. “Хүргэ ах” (2020) өгүүллэгт зохиолын явдлын нэгжийг сүлжилдүүлсэн нь өгүүлэмжийн уран шийдэл болсон бөгөөд “би” баатраар дамжуулан ёс заншил, сэтгэлгээний уламжлалыг ахуйн хүрээнд гаргажээ. Өгүүллэгт маш товчоор нэгэн хот айлд нэгэн хүн бурхан болсныг хөдөөлүүлсэн явдал л гарна.

Харин О.Цэнд-Аюуш дээрх богино өгүүлэмжид өгүүллэгийн “би” баатрын өсөлтийг хорвоогийн жам ёс, учир үгүй зүйл үгүйг ухаарсан ухаарал, шалтгаан үрийн холбоонд сүлжилдүүлэн, монголын уламжлалт ахуй соёлын сууринд, цагийн цуваа, амьдралын хэлхээнд гаргажээ. Зохиогч туульсын гэхээс илүүтэйгээр уянгын төрлөөр туурвидаг нь өгүүллэгээс тод харагдана. “Эр хүний гол зорогдох гэж нэг юм бий. Ер нь эр хүнийг голоос нь эхэлж зордог хорвоо юм даа” /О.Цэнд-Аюуш “Тас чамайг тасчих болтугай...” УБ.,2021.х.12/, “...үхлээс ч айхгүй эмнэг хангал адгуусны эрэмгий догшин нуруун дээр мордож явсан эр хүн эцсийн мөч ойртох үед үгээ ч даахаа больдог байжээ” [х.13] гэх зэрэг уянгын өнгө аястай текстээр баялаг. “Хүргэ ах” өгүүллэгт амьдралын утга учрыг “Амьд сэрүүндээ хүний хэлсэн үг, хийсэн үйл, тарьсан нүгэл, үйлдсэн буян бүхэн яс, маханд нь шингэж үнэр ордог юм. Тэрийг хүний үнэр гэдэг юм. Сайн үйл бүтээж, буян их хураасан бол, хэлсэн үгэндээ эзэн болж, бусдад гар сунган тусалж, шулуун шударга явсан бол яс, маханд нь хүний үнэр шингэж, тэр үнэрээр тас ирж авдаг юм. Харин нүгэл хилэнц тарьж, буруу зөрүү бодож, атаа, жөтөө санаж, худлаа хэлж, хулгай хийж, хууран мэхэлсэн хүний арьс маханд үмхий, самхай шингэж тас байтугай там ч тоохгүй энэ мэт сүг болж хэвтдэг юм... Буянтай хүнийг оршуулгын цуваа буцаж амжаагүй байхад тас дамжилдаг бол нүгэлтэй хүнээс тас жигшдэг” [х.28-29] гэж төрөхөөс үхэхийн хоорондох үйл, үр дагавараар гаргасан ба чингэхдээ өмнө дурдсанаар монгол ахуй, ёс заншлын сууринд дүрсэлжээ.

Тухайлбал “Мориныхоо эмээлийг авч нуруу руу нь ус тургив. Ингэхгүй бол өдөржин хөлстэй байсан морины нуруунд нар харваж дорхноо шархалж улайдаг билээ” [х.14] гэх буюу яс барих ёс, хүйтэн номын хүч, бурхан болоочийг халхлах цагаан даавуу унах цээр, хөдөөлүүлэх ёс зэргийг тодорхой газар тодорхой дүрээр илэрхийлсэн нь уламжлалыг хадгалах, хамгаалах, өвлүүлэх ач холбогдолтой болжээ.

“Тас чамайг тасчих болтугай...” түүврийн өгүүллэгүүд нь үйлийн үр, шалтгааны үр дүнг зайлшгүйг үзүүлдэг. “Эцгийн нулимс” (2020) өгүүллэгт бэлгэдэл, ёс заншлын сууринд дээрхийг тодорхой өгүүлдэг тухайлбал “...сайн өвөг дээдсийн эдэлсэн зовлон хүртэл үр хүүхдүүдэд нь тус болж байхад муу өвөг дээдсийн амталсан жаргал алс хэтдээ гай тарьдаг” [х.51] гэсэн дүгнэлт хурдан морио алдсан өвгөний бачуурал, шалтгаан, “Хурдан хүлгийн толгойг хулгайлж авбал адуу байтугай шувуу ч гүйцэхгүй сайн морьтой болдог л гэдэг” [х.50] гэсэн үнэн гэж батламгүй, худал гэж үгүйсгэмгүй ярианы хүрээнд дүрслэгдэнэ. Хүн төрөлхтний танин мэдэхүйн эхэн үеэс домог ба ёс үүсч, тэр нь эргээд ахуй соёлд нөлөөлсөөр баталж боломгүй, үгүйсгэж барамгүй хориг, цээр, ёс, заншил, суурь болдог байна. “Тугалган цэргүүд” (2020) өгүүлэгт Дэлхийн II дайны төгсгөл үеэр Берлинд болсон мэт тулалдаан дүрслэгдэх ба мөнөөх л амьдралын жам ёсыг өгүүлжээ.

Өгүүллэгт дүрслэгдсэн хэрэг явдал үнэндээ болох боломжгүй, өрнөх нөхцөлгүйг зохиогч ч, уншигч ч тодорхой мэдэх хэдий ч хамгийн гол нь эх үрийн холбоог байх ёстой, хэн ч ойлгоно, тэр үгүй бол хүн ёс, хүн чанар үгүй гэсэн сэдвийн хүрээнд хүлээж авахаар ажээ. Болзошгүй ирээдүйг ёрлосон “Хүн загас” өгүүллэг “Буга эврээ гээхээ байчихлаа... Уг нь одоо буга эврээ гээгээд согооноосоо ялгарахааргүй мухар толгойтой амьтан болчихсон байх ёстой. Дээр нь өнгөрсөн жилээс эхэлж бугын эвэр буруу ургаад эхэлсэн. Нөгөө нэг олон салаа сүрлэг сайхан эвэр манай тайгын ямар ч бугын толгой дээр ахиж ургасангүй” (х.77) гэж эхлэх нь тохиолдын бус.

Өөрөөр хэлбэл, зохиогч болзошгүй ирээдүйн гамшиг аюулын эхлэлийг буга хувьссанаар илэрхийлсэн нь “Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж” ирсэнтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, зохиогч хүн төрөлхтнийг монгол хэмээн төсөөлж, монголчуудын гарвал-эх болсон Гуа-Маралаар эх дэлхийн өөрчлөлтийг бэлгэджээ.  

О.Цэнд-Аюушийн “Тас чамайг тасчих болтугай...” түүвэр нь нэг талаасаа нүүдэлчин сэтгэлгээ, монгол ахуйн уламжлалыг үлдээхийн төлөө зохиогчийн тэмцэл бол нөгөө талаасаа амьдралын утга учрыг монгол ахуй, нүүдэлчин сэтгэлгээгээний уламжлал дээр эрэлхийлсэн зохиогчийн эрэл юм. Ийм тэмцэл, эрэл нь эх хэлний оршин тогтнолын үндэс болдог бөгөөд эх хэл оршин тогтнох нь эргээд их утга зохиол хөгжихийн, үндэстэн оршихын баталгаа болдог билээ. Зохиолч хүн эх хэл, их түүхийн уламжлал, өв санг хадгалан шинэчилж өөрийн өвийг бүтээн уламжлуулах нь хөгжлийн жам юм. Хөгжил, үйл явц, жам ёс, зүй тогтол үгүй бол тухайн бүтэц, байгууламж, тогтолцоо устдаг нь жам ёс, зүй тогтол билээ.

Ш.Баттөр (Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top