Эмийн үнийг 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2021.11.16/ эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын үр дүнгээ танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавраар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу аравдугаар сарын 28-наас арван нэгдүгээр сарын 12-ны өдрийн хооронд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ.

Хяналт, шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас авсан өргөн хэрэглээний үнийн судалгаанаас үзэхэд тогтоосон үнийн дүнгээс 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил илэрсэн байна. 

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагаас авсан үнийн дүнгээс 10-30 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаалдаг юм байна. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Гэтэл хязгаараас давсан буюу 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил хяналт, шалгалтын явцад илэрсэн.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэ суварга", "Цахиур" гэх мэт компаниуд эмийн үнийг тогтоосон өртгөөс хэтрүүлэн худалдаалж байсан.

Мөн хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлсэн. Үүнээс 42 хувийг нь буюу 36 эмийн сангийн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, 22 аж ахуй нэгж байгууллагад 45 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, ажилласан" гэлээ. 

Нийслэлийн алслагдсан байршилд 120 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 92-т нь эмийн хүртээмж, үнэ болон эмүүдийн чанар аюулгүй байдалд шалгалт хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Шалгалтад:

  • Сүхбаатар дүүргийн - 20
  • Баянгол дүүргийн - 12
  • Сонгинхайрхан дүүргийн - 15
  • Чингэлтэй дүүргийн - 27
  • Хан-Уул дүүргийн - 5
  • Баянзүрх дүүргийн - 13 эмийн сан хамрагджээ.

Хяналт, шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулахад:

  • Импортоор орж ирдэг өргөн хэрэглээний 25-30 нэрийн эм
  • Бактерийн эсрэг, мөөгөнцрийн эмүүд,
  • Эмнэлгийн хэрэгсэл, тариурууд
  • Дотоодын хоёр эмийн үйлдвэрийн 10 орчим нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн ховордсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.26.195.229) 2021 оны 11 сарын 16

350-2500 ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ЮУ Ч БИШ ЭЭ. БҮР НЭГ НУГАЛААД ЗАРДАГ ЮМ БИЛЭЭ. ЗА ТЭГЭЭД ЭМЧИЙН БИЧИЖ ӨГСӨН ЖОРЫН 4,5 ЭМИЙН ҮНИЙГ БОДУУЛАХААР ДЭЭР НЬ 5 МЯНГЫГ НЭМЧИХНЭ .ОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БАЙГАА ҮЕД БОЛ БУСДЫГ БОДООД БУШУУХАН ХЭЛСЭН ҮНИЙГ НЬ ТӨЛӨӨД ГАРНА. ЖОР ОЛГОГЧДЫН ШУНАЛ БҮР ГААРСАН.

0  |  0
Top