Одоогоос 76 жилийн тэртээ болсон үйл явдлын гэрч болсон Өвгөнбүргэд Соболев гуай өдгөө 80 насыг зооглож байна. Орос, Монгол хоёр улсын найрамдалт харилцааны түүхэн бодит жишээ болсон энэ хүн аймшигт тахлын дундаас ганцаараа амьд гарч чадсан билээ. Түүнд ус уух хувь заяаг хайрласан Орос эмч Соболева Монгол оронд гуравхан жил ажиллах хугацаандаа баатарлаг гавьяа байгуулж түүнийг аварсан гэдэг. Амийг нь аварсан эмч шигээ хүний их эмчийн мэргэжил эзэмшиж Дорнод аймгийн Халдвартын эмнэлэгт насаараа зүтгэсэн эмч Өвгөнбүргэд Соболевийн гайхамшигт түүхээр хамтдаа аялцгаая.
НАЙМАН ХҮНИЙГ ЗАЛГИСАН ТАХЛЫН ГОЛОМТООС ЦОЙЛЖ ГАРСАН ӨВГӨН БҮРГЭД
Завхан аймгийн Отгон сумаас нэлээд зайдуухан Цагаан Сайр гэдэг газар Бавуураш гэдэг айл зусаж байлаа. Тэдний хоёр хүү нь цэргийн албанд мордсон байв. Тэр хот айлыг түшин нэгэн ухаан солиотой эмгэн амьдардаг байжээ. Тэр эмгэний гэрийг жаахан зайтай барьсан аж. Бавуугийн 10 настай хүү тэр чавганцын ойр хавиар ямаагаа хариулдаг байлаа. Гэнэт тэр хүү цочмог халуурч хоёрхон өдрийн дараа нас барав гэнэ. Дараа нь эх нь өвдөж бурхан болж тарваган тахал гээч зүйл тэр хот айлыг нөмөрснийг мэджээ.
Сумын төвд энэ тухай яаралтай мэдэгдээд удаа ч үгүй байтал тэр айлын долоон хүн нас барж, хүн малгүй сандралджээ. Айж үймсэн нутгийнхан дүрвэн нүүцгээж, юу болоод өнгөрсөн учир шалтгааныг нэхэн эрмэгц хэргийн эзэн нь тэрхүү солиотой эмгэн болж таарчээ. Чавганцын нохой нэг тарвага зууж ирэхээр нь ямаа хариулж байсан Бавуугийн хүүгээр тарвагыг өвчүүлж, чануулаад идсэн аж. Тарваган тахлын халдвар ийнхүү авч мөнөөх хүү үхлийн халдварыг гэртээ тээн ирсэн байв.
Орос эмч тэргүүтэй отряд гамшиг болсон хот айлд хүрч ирвэл Бавуугийн 19 настай хүү Наянтай болон дөрвөн настай хүү Өвгөнбүргэд хоёр амьд үлдсэн байжээ. Амь тэмцэж, цусаар бөөлжиж буй ахынхаа дээлний өвөрт дүү нь ороод нуугдчихсан байсан гэдэг. Эмч нар түүнийг халдвар авсан байж таарна, зайлшгүй үхэх байх гэж цэрвэж байсан боловч түүний дундаас орос эмч Любовь Сергеевна Соболева эрс няцаан хоёр майхан бариулж хүүхдийг тусгаарлан сувилжээ. Хүүг нас нөгчсөн ахаас нь салган авч биеийг нь шинжлэн үзлэг хийхэд айж мэгдсэн хүүхэд бахирч орилоод сүйд болсон гэх. Хүүгийн хуучин хувцсыг нь сольж сүлима гэдэг ариутгах эмээр угаан, улаан стрепотиц гэдэг эмийг байн байн өгсөөр үүр цайлгажээ.
Хүү эхлээд жаахан халуурах төлөвтэй байснаа больж, хэдэн өдрийн дараагаас дөхүүлээд өгсөн хоол ундыг идчихдэг болж. Өвгөнбүргэд халдвар дамжуулагч болж байснаас бусдаар хүндрэл бага байв. Хүүхдийн нулимс, шүлсийг арчиж ариутгахаас өөр төдийлөн эмчилгээ сувилгаа хийгээгүй, онцгой дархлаа сайтай нэгэн байсан тухай хожим Зөвлөлтийн эмч Любовь Сергеевна Соболева дурссан байдаг.
Хайртай дотнын найман хүнээ алдсан өр өвтгөм энэ үйл явдлаас бяцхан хүүгийн ой тойнд чулуун дээр тавьж үлдээсэн ус, идэх юм авахаар явж байсан нь л бүүр түүрхэн хадгалагдаж үлджээ. Зарим нэг нөхөр “Хэрэв хүүг энд тэнд таарвал чулуугаар цохиж ална” гэж айж цэрвэж байхад харь элгийн халуун сэтгэлтэй эмч ийнхүү алтан амийг нь аварсан юм. Арав гаруй хоногт орос эмч, хүү хоёр төрсөн эх үр шиг дассан ч “Цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн нутагтаа үлдэг” гэж эрсхэн хэлснээр аймгийн Намын хорооны орлогч дарга Г.Чаргай хүүг өргөж авч, элэг бүтэн амьдралтай золгуулсан ажээ. Орос эмчийнхээ ачийг санаж, хүүгийн нэрийг Өвгөнбүргэд Соболев болгосон түүх энэ ээ. Хэрэв түүнийг хэн ч авраагүй бол өдгөө энэ түүх огт өөрөөр эргэх байсан. Энэ хорвоод цагаан нөмрөгтэй цайлган сэтгэлтэй эмч нэгээр дутаж, цадигт түүхийн алтан хуудас нэжгээд дутах байлаа.
ӨНДРИЙН ЦАРАМД ДҮҮЛЖ ЯВАХ УЧИРТАЙ ӨВГӨН БҮРГЭД
Хүүг өргөж авсан Намын хорооны орлогч дарга Г.Чаргай нь Дорнодын хүн билээ. Хүүгээ дагуулаад нутагтаа ирснээр Өвгөнбүргэд Соболев Дорнод аймгийн арван жилийн сургуулийг дүүргэж, ХААИС-д малын эмчээр суралцсан аж. Нас биед хүрмэгц аав Чаргай нь хүүдээ үнэн бодит түүхийг ярьж өөрийгөө төрсөн эх, эцэг нь биш гэдгээ хэлсэн аж. Амийг нь аварсан орос эмч гэрийнхээ хаягийг үлдээсэн байсан нь тэдний эх, үрийн холбоо эргэн сэргэх сэжим болжээ. Хүү оюутан болсон хойноо орос эмчтэйгээ захидлаар харилцаж түүнийг тэтгэвэртээ гараад Москвад байгааг мэджээ.
Хүүгийн сэтгэлд ачтай, буянтай тэр эмчтэйгээ уулзахын хүслэн үргэлж хадаатай явдаг байв. Төр засгийн удирдагч Ю.Цэдэнбал даргад ямархан тахлаас ганцаар амьд үлдсэн түүхээ дурдан, уулзах хүсэлтээ илэрхийлсэн захидал илгээснээр ийнхүү түүний мөрөөдөл биелэх нь тэр. Ю.Цэдэнбал дарга “Орос, Монголын найрамдалт харилцаанд үлгэр жишээ болсон сонин тохиолдол байна” гэж тодотгоод хүний эмч мэргэжил эзэмшсэн бол зүгээр байж дээ гэж хүүд зөвлөсөн гэдэг. Ингээд 1964 оны арванхоёрдугаар сарын 26-нд Өвгөнбүргэд Соболев төрийн зардлаар Москвад нисэн очиж, амийг нь аварсан орос ээжтэйгээ уулзсан түүхтэй.
Соболева эмч түүнийг “Миний хүү” хэмээн энхрийлэн дуудаж, хамтдаа шинэ жил тэмдэглэж, охинтойгоо танилцуулж, Москвад арав гаруй хонуулсан гэдэг. Оюутан хүү эх орондоо ирмэгцээ гурван жил малын эмч мэргэжлээр суралцсан ХААИС-аа орхиж, Анагаахын дээд сургуулийн нэгдүгээр курст хүний эмч мэргэжил эзэмшихээр сэтгэл шулууджээ. 1969 онд Хүний их эмч мэргэжил эзэмшсэн цэл залуухан Өвгөнбүргэд Соболев 1972 онд эхнэр хүүхдээ дагуулаад орос ээждээ очиход, ээж нь нас өндөр гарч, ихэд ядруу байсан гэдэг. Орос эмч Соболева 1975 онд 83 насандаа онд өөд болжээ. Түүний эрэлхэг гавьяаг үнэлж Алтан гадас одон, Сүхбаатарын одонгоор тус тус шагнаж байсан юм.
Орос эмч үнэлээд баршгүй гавьяа байгуулж эрдэнэт хүний амийг аварсны ачинд өдгөө тэднийх өнөр олуулаа болсон. Тэднийх таван хүүхэд, 10 гаруй ач, зээтэй. Хожмоо ч орос ээжийнхээ охинтой холбоотой байж, энэхүү ховор, сонин түүхээр нь Оросын төв телевиз тусгай нэвтрүүлэг хийж, Монголын сонин сэтгүүлээр шуугиулж байсан түүхтэй.
Өвгөнбүргэд Соболев 1945 онд цэрэгт явсны учир амьд үлдсэн хоёр ахтайгаа хожим уулзахаар Завхан аймгийг зорьж байжээ. Халдвартын их эмч Өвгөнбүргэд Соболев Дорнодын Халх гол сумаас ажлын гараагаа эхэлсэн аж. Энэ нь ч учиртай. Үе тэнгийнхнээ уриалж эх орныхоо хэрэгцээтэй газар очиж ажиллаж, орос ээж шигээ үлгэр жишээ эмч болохыг тэр мөрөөддөг байсных. Түүнийг хөдөө ажиллаж байхад шар, менингит зэрэг халварт өвчний дэгдэлт маш өндөр байжээ. Тэр бүхэнтэй залуу хүний зоримог зангаар тулж, Халх гол сумын Хүн эмнэлгийг аймагтаа тэргүүлэх хэмжээнд хүргэснийг эрүүл мэндийн салбарынхан одоо ч дурсан, бахархдаг. Түүнийг Сэргэлэн сумын Хүн эмнэлэгт хэсэг ажиллуулаад Дорнод аймгийн Халдвартын эмнэлгийн эрхлэгчээр дэвшүүлэн, халдварт өвчний халуун цэгт шилжүүлсэн ажээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 33 жил тасралтгүй зүтгэсэн Өвгөнбүргэд Соболев гуай өдгөө нийслэл хотын Баянзүрх дүүрэгт Хужирбуланд бие муутай, группт байдаг хүүгийнхээ хамт амьдран сууж байна.
Тэтгэвэрт гарснаасаа хойш нийслэлийн Халдвартын төв эмнэлэгт хэсэг хугацаанд ажиллаж байсан гэдэг. Өвгөн эмч маань өдгөө Төмөр замд байдаг хүүгийнхээ гэрт өвөлжихөөр ирсэн байлаа. Хужирбуланд даараад, тухгүй, эвгүй байдаг гэнэ. Үүнээс түүнийг зүдрүүхэн байгаа юм байна даа гэсэн сэтгэл төрснөө нуух юун. Насаараа төрдөө зүтгэчихээд Алтан гадас одонгоос өөр шагнал урамшуулал үгүй, амар жимэр амьдрах орон байр үгүй, усны шувуу шиг хүүхдүүдийнхээрээ өвөлжөөд явж байгааг нь нэхэн сурж, нэмэн дэмнэх хүн өдгөө ховор байх шиг.
Гэтэл тэр өндрийн царамд дүүлж явах учиртай Өвгөн Бүргэд шүү дээ. Залуу халуун насаа эх орныхоо эрүүлийг хамгаалах үйлсэд зориулж, хүн ардаа эрүүл саруул байлгахын тулд цаг наргүй хөдөлмөрлөж байсан түүнийг төр засаг нь хэр харж хандаж байгаа юм бол гэдэг үгийг дайя. Бүргэд цагцайхайгаа үүрнээс нь түлхэж даль жигүүр дэлгэн нисэж чадсан нь амьд үлддэг шиг амьдрал түүнийг аймшигт тахлын хар ангал руу түлхсэн ч тэр нэр шигээ дүүлэн нисэж амьдралын дайтад хүчирхэг хүн шувуу болж, хүний дайтай амьдарсан билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а
эрүүл мэндийн манаанд оллон жил болсон хүнийг Дорнод аймаг эрүүл мэндийн яам анхаараад нэг байр аваад өгчихмөөр юм даа