Японд тархсан коронавирусний “Дельта” хувилбар бүтцийн бус уургийнхаа нэгт хэт олон мутац хуримтлуулсны улмаас “өөрийгөө засварлах” чадвараа алдан, өөрийгөө устгахад хүрсэн байж болзошгүй гэж Японы Нийгатагийн их сургуулийн Үндэсний генетикийн хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна.
Японд “Дельта” хувилбар өндөр хурдацтай тархаж, бусад хувилбаруудыг шахан давамгайлж байжээ. Энэ хувилбарын мутац хуримтлагдахын хэрээр үржих чадваргүй болсон гэж эрдэмтэд үзэж байна.
Эрдэмтдийн таамаглаж буйгаар, шинэ тохиолдлын тоо нэмэгдэхгүй байгаагаас үзвэл хувьсан өөрчлөгдөх явцдаа “Дельта” өөрөө өөрийгөө устгах жам ёсны голидролд орсон гэж Нийгатагийн их сургуулийн профессор Ицүро Иноуэ “The Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа тодруулжээ.
Тэдний үзэж буйгаар, “Дельта” хувилбарын ихэнх өөрчлөлтүүд nsp14 бүтцийн бус уургийн A394V хэсэгт гарчээ. Энэ хэсэг SARS-CoV-2 коронавирусний алдаа, дутагдлыг засварлах чадварыг хариуцдаг байна.
“Хэрэв вирус “эрүүл, энх” байсан бол халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр байх байсан. Учир нь амны хаалт, вакцин энэ хувилбараас тэр бүр хамгаалдаггүй” гэж Иноуэ онцолжээ.
Иноуэ тэргүүтэй эрдэмтдийн хийсэн нээлтийн талаар Шиманэ их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн профессор Такэши Үрано nsp14 уураг нь вирусний нуклеин хүчлийг устахаас хамгаалдаг амин чухал үүрэг гүйцэтгэдэг тухай мэдэгджээ. Түүний хэлснээр, nsp14 уураг нь гэмтсэн вирус үржих чадвараа их хэмжээгээр алддаг тул халдварын шинэ тохиолдлын тоо огцом буурсны ард буй шалтгааны нэг байх боломжтой аж. Тиймээс энэ уургийг хазаарлах чадвартай реагентийг эм бүтээхэд ашиглах боломжтой гэж профессор Үрано тайлбарласан байна.
Профессор Иноуэ бусад улс оронд ч халдварын тохиолдолын тоо огцом буурах боломжтой гээд гэхдээ nsp14 уургийн A394V хэсэг дэх ийм олон тооны мутац Японоос өөр улс оронд бүртгэгдээгүй байна. “Дельта” хувилбар өөрөө өөрийгөө устгахтай зэрэгцэн SARS-CoV-2 вирусний бусад омог, хувилбар гарч ирж болзошгүйг эрдэмтэн сэрэмжлүүлсэн байна. Бусад хувилбарууд гарч ирж байсан ч “Дельта” тэднийг тогтоож байсан. Тиймээс “хил хамгаалах” хувилбаргүй болсноор бусад омог, хувилбар суурьших боломж нээгдэнэ гэж Иноуэ анхааруулсан байна.