Жу Ван Тэ: Монгол хүүхдүүдийн дунд анагаах ухаанд ховор тохиодог өвчин илэрч буйд эмзэглэдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

БНСУ-ын “Ire medical consulting” буюу “IMC” компанийн захирал Жу Ван Тэ “Шинэ Сэгэ Мед” олон улсын эрүүл мэндийн  төвтэй хамтран ажилладаг бөгөөд түүнтэй монгол хүүхдүүдийн дунд тохиолдож байгаа өвчлөлийн талаар ярилцлаа.


-“Шинэ Сэгэ Мед” олон улсын эрүүл мэндийн  төв хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

-“Шинэ Сэгэ Мед” олон улсын эрүүл мэндийн  төв энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулахаар бэлдэж, тавдугаар сараас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй  хүний мэдээлэлтэй танилцан БНСУ руу явуулж, эмнэлгүүдээс хариуг нь авлаа. Цар тахлын тахалтай яг энэ үед визний  гаралт тааруу байгаа нь нууц биш.   Гэсэн ч бид өнөөдрийн байдлаар хүнд буюу хүндээр өвдсөн, яаралтай эмчлүүлэх  шаардлагатай 15-16 хүнийг БНСУ руу аваачин эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн ажлын үр дүнтэй байна. Харин Олон улсын эрүүл мэндийн төвөө байгуулах төлөвлөгөөг бараг 10 жилийн өмнө гаргасан. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй эмнэлэг, компаниудтай хамтарч ажилласан ч хоёр талын итгэл үнэмшил, өөр бусад асуудлаас болоод үйл ажиллагаа нь маань зогсонги байдалтай байсан. “ШинэСэгэ Мед” компанийн Ц.Жадамбаа захиралтай дөрвөн жилийн  өмнө уулзсан.

Бид адилхан хүсэл эрмэлзэлтэй байсан учраас хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж, ирээдүйд ч илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний, монгол өвчтнүүдэд илүү сайн хүрч ажиллах, яаж ил бус далд байгаа өвчтнүүдэд туслаж, амь нас, эрүүл мэндийг нь аврах  вэ гэдэг хүсэл давхацсан. Түүнээс хойш уулзах боломж гарахгүй байж байгаад өнгөрсөн жил яг ковид дэлгэрэх үед Ц.Жадамбаа захирал БНСУ-д ирсэн. Тухайн үед ярилцаад ажил хэрэг болгохоор тохиролцсон. Ковидын үед өвчтнүүдийг цаг алдалгүй БНСУ-ын эмнэлэгтэй холбож, эмчлэгдэх боломжоор хангах туслагч гүүр  болж ажилллая гээд төвөө нээсэн. Олон хүн манай төвөөр санаа зоволтгүй, эрх чөлөөтэй, дураараа, дуртай цагтаа хандаж солонгос  эмч мэргэжилнүүдээс зөвлөгөө аваарай. Манай үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү. 

-Танай төвийн тухайд БНСУ-ын яг хэдэн эмнэлэгтэй хамтарч ажиллаж байна вэ. Хил гаалийн асуудлаас гадна хэл усны бэрхшээл ч бас гардаг гэж сонссон?

-“Ire medical consulting” буюу “IMC”  компани нь БНСУ-ын их сургуулийн болон  мэргэжлийн долоон эмнэлэгтэй хамтарч олон улсын үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэг болгонд манай компанийн монгол орчуулагч ажиллаж буй. Мөн монголчуудад ихээхэн танигдсан Анагаахын их сургуулийн томоохон эмнэлэгтэй  хамтардаг. Товчхондоо компанийн зүгээс мэргэжлийн  орчуулагчдыг эмнэлэг бүрд ажиллуулдаг. Тэр утгаараа өвчтнүүдийн тухайд хэлний бэрхшээл тулгардаггүй гэж ойлгож болно.

-Монголоос хандаж буй өвчтнүүдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ?

-Дийлэнх нь хавдрын өвчлөлтэй  байдаг. Эрчүүдийн хувьд элэгний хавдар,  эмэгтэйчүүдийн хувьд өндгөвч, умайн хүзүүний хавдрын тохиолдол дийлэнх байдаг нь ажиглагдсан. Түүнээс гадна сүүлийн үед монгол хүүхдүүдийн дунд дэлхийн анагаах ухаанд маш ховор тохиолддог өвчин их тохиолдож байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг.

-Ковидоос өмнө БНСУ руу эмчилгээнд явах харьцангуй хялбар байсан ч энэ бүхэн өөрчлөгдсөн. Яг энэ үед алсын зайн оношлогоо өвдсөн иргэдэд их хэрэгтэй боллоо. Та алсын зайн оношлогооны талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Ковидын өмнө ч манай компани онлайнаар өвчтнүүдтэйгээ харьцдаг, онлайн уулзалт, семинар олонтаа зохион байгуулдаг байсан. Ковид цар тахал гарснаас болж, төлөвлөж байсан ажлын төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдөх шаардлага тулгарсан. Бид  “ШинэСэгэ Мед” олон улсын эрүүл мэндийн  төвийн захирал Ц.Жадамбаатай зөвлөлдөөд алсын зайн оношлогоо, эмчилгээний ажлаа идэвхжүүлсэн. Ижил төрлийн үйлчилгээ явуулж буй газруудтай харьцуулахад бид өвчтнөө  гаднын орнууд руу авч явах буюу өвчтөн зуучлалыг чухалчилдаггүй.

Эсрэгээрээ эх орондоо эмчлэгдэх, онош нь тодорхой  байгаа өвчтнүүдийн оношийг солонгос эмчээр баталгаажуулах, дүрс оношлогоо, MRI-г уншуулж оношийг нь гаргуулж, шаардлагатай эм, тариаг нь БНСУ-аас хүргэж өгөхийг үйл ажиллагааныхаа гол зарчим болгодог. Өөрөөр хэлбэл оношиндоо эргэлзээд заавал өөрийн биеэр гаднын улс руу зорчилгүй оношоо алсын зайнаас баталгаажуулснаар эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэсэн үг.

-Иргэд телемедиц үйлчилгээг ихээхэн сонирхдог. Хэрвээ хүсвэл хэрхэн та бүхэнтэй холбогдох вэ?

-Хүссэн хүн бүр манай ажилтнуудтай 24 цагийн аль ч цагт холбогдож болно. Өөрийнхөө өвчний  түүх, оношлогоогоо илгээснээр бид шаардлагатай эмч, эмнэлэгтэй тань таныг холбож өгнө.

-Ковидын эсрэг Хятад вакцин хийлгэсэн бол Шенгений орнууд хүлээж авахгүй байна гэх асуудал тулгарсан. Харин БНСУ энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ, Эмчилгээ хийлгэхээр зориод ийм асуудал дээр гацаа үүсэх бий вий гэх эмзэглэл байна л даа?

-БНСУ ч адилхан шаардлагыг тавьж байгаа. Хятад вакцины хувьд эсрэг биет үүсгэх чадвар нь сул учраас бусад орнуудтай адилхан түвшинд ажиллаж байгаа.  Түүнээс гадна БНСУ-д ирж буй хүмүүс 14 хоногийн тусгаарлалтад байдаг байсан бол одоо 10 хоног тусгаарлагдаж буй.

-Та яг ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би  Анагаахын сургуулийн ерөнхий эмч мэргэжлээр төгссөн. MBA буюу бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй эдийн засагч хүн.

-Эмчийн хувьд хүмүүст юуг анхааруулахыг хүсдэг вэ?

-Сануулж, хэлж ярих юм их байна. Гэхдээ нэг л зүйлийг онцлоё. Монгол ч бай, Солонгос  ч бай иргэдийг эмч нартаа итгэхийг хүсье. Эмч нарынхаа хэлсэн үгэнд итгэж, зөвлөгөөг нь сайн дагаарай. Мөн эмнэлгийг  юм худалдаж авдаг дэлгүүр, зах шиг битгий бодоорой. Өвчтнүүдтэй харьцаж зөвлөгөө өгч байхад эмч, эмнэлэгт бараа таваар худалдаж авч байгаа мэт харьцах хандлага ажиглагддаг. Жишээ нь, А эмнэлэгт очиход ийм юм хэлсэн, В дээр очиход тийм юм хэлсэн гэх маягтай өөрийнхөө эрүүл мэндэд дэндүү хайхрамжгүй ханддаг. Өвчтөнүүдийг   ажиглаад байхад эмч, эмнэлгээ сонгохын тулд их цаг алддаг. Тэр хэрээр тухайн хүний  эрүүл мэндэд аюул учрах эрсдэлтэй.

Тиймээс цаг алдалгүй, өөртөө тохирсон, өвчнийг чинь сайн эдгээх эмчдээ хандаж, эмчилгээ, зөвлөгөөгөө хурдан шуурхай хийлгээрэй. Дахиад хэлэхэд, эмч нарынхаа үгэнд сайн ороорой. БНСУ-д ажиллаж буй болон Монголоос очиж эмчлүүлж буй нийт 6000 орчим иргэнд үзлэг оношлогоо хийхэд бараг 60 хувь нь сүрьеэ өвчтэй байсан. Монголчуудын хувьд халдвар хамгааллаа сахин, аль болох эрүүл эко хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Бас хийжүүлсэн ус, ундаанаас татгалзаарай.

-“ШинэСэгэ Мед” олон улсын эрүүл мэндийн төвтэй хамтран ажилладгийн хувьд ирээдүйд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгаад итгэж байна. Зарим ойрын төлөвлөгөөгөө ил болгооч?

-Өнгөрсөн есдүгээр сард ковид багасвал БНСУ-аас эмч нарын баг ирж, алслагдсан аймгуудад үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж, эм, тарианы тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байсан ч эрсдэл ихтэй учраас хойшлуулсан. Ирэх онд цар тахлын өвчлөл буурахаар хоёр удаа солонгос, монголын эмч нарын хамтарсан багтай хойшлуулсан ажлаа хийж, алслагдсан аймгуудад очиж ажиллахаар төлөвлөсөн. Ний нуугүй хэлэхэд бид Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүйгээр хөдөө орон нутагт очиж ажиллахыг хүсэж байна. Манай компанийн зүгээс сүүлийн хэдэн жилийн турш хөдөө орон нутгийн алслагдсан аймаг, сумдад эм тарианы тусламж үзүүлдэг байсан. Энэ ажлаа цаашдаа ч үргэлжлүүлнэ.

-БНСУ ковид туссан хүнд яг ямар эмчилгээ хийж, ямар эм тариа хэрэглэж байгаа вэ?

-Ковид туссан өвчтнүүдээ хүнд ба хөнгөн гэж хоёр ангилсан. Хүнд өвчтнүүдийн хувьд тусгай вакумжуулсан орчинд буюу яаралтай тусламжийн сэхээн амьдруулах  өрөөнд эмчилгээ хийгдэж байгаа. Хөнгөн өвдсөн өвчтнүүдийн тухайд хувь хүний онцлогоос нь хамаарч янз бүрийн эмчилгээ хийдэг. арваннэгдүгээр сарын 1-нээс БНСУ “Коронатай хамтаа амьдарья” гэсэн уриалга гаргаж, энгийн буюу хөнгөн өвдсөн ямар нэг зовиургүй өвчтнүүдээ гэрт нь 14 хоног тусгаарлаж ажиглаж байгаа. Хүчтэй эм, тариа антибиотек хэрэглэхээ больсон. Түүнээс биш ковид туссан хүн болгонд ижил эм тариа хийх боломжгүй л дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top