Япон дахь Монголын докторант, судлаачдын НЭГДСЭН ФОРУМ болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Япон улс дахь докторант, судлаачдын бүлгэмийн эрдэм-шинжилгээний нэгдсэн IV форум “ШИНЭ ХЭВ МАЯГ: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд маргааш буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдана.

Япон дахь докторант, судлаачдын бүлгэм нь  2016 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд бүлгэмд Япон улсын өнцөг булан бүрт сурч төгссөн болон одоогоор суралцаж буй шинжлэх ухааны салбар бүрийн 291 докторант, судлаачид нэгдээд байна.

Уг хурал нь дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд интернет орчинд онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд энэ жил ч гэсэн цахим хэлбэрээр болохоор төлөвлөгдөөд байна.

Форумын гол зорилго нь Монгол улсаас Япон улсад байгаль, нийгэм, анагаахын шинжлэх ухааны салбарт суралцаж, судалгааны ажил гүйцэтгэж буй доктор, докторантууд эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа танилцуулан илтгэл тавих, салбар салбарын түүчээ болж яваа эрдэмтдийн  туршлагыг сонсож суралцах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр бие биетэйгээ танилцан, харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломж бий болгох юм.

Энэ удаагийн форум нь нэгдсэн болон байгаль, нийгэм, анагаахын шинжлэх ухаан гэсэн салбаруудад хуваагдаж байгаа бөгөөд нэгдсэн форумын зочин илтгэгчээр Япон улсын Каназава Их Сургуулийн дэд профессор Дашцоодол Нямбаяр уригдаж “Биоанагаахын шинжлэх ухааны нийгэм дэх үр өгөөж, явц, асуудал, ирээдүйн төлөв” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Анагаахын шинжлэх ухааны салбар хуралдааны зочин илтгэгчээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцаа хариуцсан дэд захирал Болдбаатар Дамдиндорж уригдаж “АШУҮИС-2030” сэдвээр, Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Ханазоно Ютака уригдаж “Үүдэл эс ба нөхөн төлжүүлэх анагаах ухааны суурь ойлголт” сэдвээр, Япон улсын Гүнма Анагаах Ухааны Их Сургуулийн судлаач Гомбодорж Навчаа уригдаж “Туяа эмчилгээний хөгжлийн чиг хандлага ба Монгол улс дахь өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавина.

Харин байгалийн шинжлэх ухааны салбар хуралдааны зочин илтгэгчээр Япон улсын Тохокугийн Анагаах Ухаан, Эм Зүйн Их Сургуулийн дэд профессор Мурата Тошихиро уригдаж “Монгол орны ургамлын химийн найрлага, биологийн идэвх болон экологийн төлөв байдал ба ашиг тус” сэдвээр, Япон улсын Цукуба Их Сургуулийн профессор Цужимура Маки уригдаж “Монгол орны болон хагас хуурай бүс нутгийн усны асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Уг форумын нийгэмийн шинжлэх ухааны салбар хуралдааны зочин илтгэгчээр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нээлттэй боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Пүрэвсүрэн Цэрэнчимэд уригдаж “Мэргэжил дээшлүүлэх цахим хөтөлбөрийн хэрэгжилт ба үнэлгээ” сэдвээр, Герман Улсын Кемнитзын Их Сургуулийн зочин профессор Түдэвдагва Уранчимэг уригдаж “Шинжлэх ухаан ба боловсролд үзүүлэх цахим ертөнцийн нөлөөлөл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн дээрх салбар хуралдаануудад оролцож буй илтгэгчид өөрсдийн эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа танилцуулан, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ жилийн форумыг зохион явуулахад Монгол улсаас  Япон улсад суугаа Элчин сайдын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Япон дахь докторант судлаачдын бүлгэм болон манай улсын оюутнуудын суралцаж буй Японы их дээд сургуулиуд хамтран ажиллаж байна.

Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 4th Academic Online Forum Mongolian Researchers in Japan фээсбүүк цахим хуудсаар дамжуулан авах боломжтой бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Форум Зүүмээр явагдах ба Фээсбүүкийн цахим хуудсаар лайв цацагдана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top