Швейцарын Женев хотын Их сургуулиудын эмнэлгийн эмч нар нэгэн гайхалтай нээлт хийжээ. Хүнд хэлбэрийн ковидын халдвар авсан хорт хавдартай өвчтөнүүдийн хорт хавдрын өвдөлт эрс багассаныг тогтоожээ. Үүнээс өмнө хорт хавдартай хүн коронавирусний халдвар авсан тохиолдолд амь насанд өндөр эрсдэлтэй гэж үзэж байсан юм.
Олон улсын шинжлэх ухааны “PAIN” нэр хүндтэй сэтгүүлд бичсэнээр, энэхүү ер бусын үзэгдлийг Женевын Их сургуулиудын эмнэлгийн хөнгөвчлөх тасгийн ерөнхий эмч Лиза Хэнтч тэргүүтэй эмч нарын баг ажиглажээ. Тэд 67-84 насны хорт хавдар нь хүнд шатанд орж, өвдөлт нь морфинд дарагдахаа больсон гурван өвчтөнд ажиглалт хийсэн байна.
Тэд бүгд ковидын халдвар авч, маш хүнд хэлбэрээр өвджээ. Өвчтөнүүд коронавирусний халдвар авсны дараа өвдөлт нь намдаж, түр хугацаанд ор мөргүй арилсныг мэдэрсэн тухай эмч нарт ярьсан байна. Гэвч ковидоос эдгэрсний дараа хүчтэй өвдөлт нь дахин мэдрэгдэж эхэлсэн байна.
Үүнээс өмнө хүнд хэлбэрийн ковидоор өвдсөн зарим өвчтөний уушги хүчтэй гэмтэж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом буурч байсан ч амьсгалын асуудал үүсээгүй тохиолдлууд эрдэмтдийн анхаарлыг татжээ. Эрдэмтэд коронавирусний халдвар мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг гэмтээснээр ийм шинж тэмдэг ажиглагдаж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Ингэхдээ тэд энэхүү таамгийг батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай гэж онцолжээ.