Хөл хорионы дэглэмээ сулруулсан БНСУ-д байдал ХҮНДЭРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём COVID-19-ийн халдварын нөхцөл байдал хүлээж байснаас хүндэрсэн талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Манай улсын хэвийн амьдралдаа шат дараатайгаар шилжих арга хэмжээнд анхны саад тотгор учирлаа” гэжээ.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр нөхцөл байдал БНСУ-ын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл Сөүл орчмоор илүү хүндэрсэн байна.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд иргэддээ COVID-19-ийн эсрэг вакцины бүүстер тунд хамрагдахыг уриалжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНСУ-д 4116 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойш тус улсад хоногт бүртгэгдэж буй хамгийн олон тохиолдол юм.
 

БНСУ-д энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмийг сулруулсан билээ. Тус улсад коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ дүрэм үйлчилж эхэлсэн. БНСУ-д дархлаажуулалтын үзүүлэлт өндөр байгаа тул ийнхүү хязгаарлалтуудыг сулруулахаар болж, хэвийн амьдралд шилжих явцыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байв.

Зургаан долоо хоног үргэлжлэх шат бүрийн дуусах сүүлийн хоёр долоо хоногт нь халдварын нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг хийнэ гэсэн юм. Халдварын тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал 80-аас дээш хувьд хүрвэл энгийн амьдралд шилжих үеийг хойшлуулж болзошгүйг өмнө нь анхааруулсан билээ.

БНСУ-д коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ дүрэм үйлчилж эхэлснээр нэг дор цугларах хүний тоог 10-12 болгож, фитнесс, шөнийн цэнгээний газруудын ажиллах нөхцөлийг хялбаршуулж, кафе, зоогийн газрууд 24 цагаар ажиллаж, соёл урлаг, спортын зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой болсон байсан юм.

Хэвийн амьдралдаа шилжих явцыг цаашид тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийн зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, маскаа тогтмол зүүхийг зөвлөжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top