Генетик нөөц, уламжлалт мэдлэгээ бүртгэлжлүүлэх төслийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.25) нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авав.

Төслөөр Монгол Улсын генетик нөөц, уламжлалт мэдлэгээ нэгтгэн бүртгэлжлүүлэх, өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтуудыг хийхийн зэрэгцээ хадгалж хамгаалах, судалж, өргөжүүлэх, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд холбогдох зохицуулалтууд орсон байгааг Г.Тэмүүлэн гишүүн тайлбарласан юм. Бид дотооддоо бүртэлжлүүлээгүй байдгаас уламжлалт арга, технологи болон нөөцийг гадаад улс орнууд ашиглан, судалж, боловсруулаад өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлсэн тохиолдлууд байгаа бөгөөд хуулийн төслийг баталснаар эдгээрээс болон цаашид энэ төрлийн харилцаанаас эдийн засгийн үр өгөөж хүртэх боломж нээгдэнэ хэмээн үзэж буйгаа тэрбээр хариулт өгсөн. Генетик нөөц, уламжлалт мэдлэгээ бүртгэлжлүүлэх, зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх бие даасан, хараат бус мэргэжлийн байгууллага зохион байгуулах, санал, дүгнэлт гаргахаар төсөлд тусгасан гэлээ.   

Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ургамал, амьтанд олон төрлийн генетик нөөц байдгийг Б.Баттөмөр гишүүн тэмдэглэсэн. Биологийн хувьд 7000 гаруй төрөл зүйл бүртгэгдсэн гэх мэдээлэл байгааг тэрбээр дурдаад байгалийн энэ төрлийн баялгийг ашиглан өртөг шингэсэн, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо, нөөц байгааг дурдаад энэ бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг гарц гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Гэхдээ манай улсын хувьд лаборатори, боловсон хүчний хувьд нөөц бий эсэх, ургамал, амьтны амьдрах орчны судалгаа, мэдээлэл ямар байгааг тэрбээр ажлын хэсгээс тодруулж хариулт авсан. Биотехнологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, лабораториудыг бэхжүүлэх шаардлага байгаа гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлж, төсөлд энэ чиглэлээр холбогдох заалтуудыг оруулсан гэв. Байгалийн ургамлын чиглэлээр олон улсын “Улаан данс”-ны үнэлгээний талаар мөн мэдээлэл өгсөн. 2019 онд салбарын яамнаас гаргасан 876 төрлийн ургамлыг олон улсын “Улаан данс”-ны үнэлгээгээр үнэлэхэд 72.5 хувь нь зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай хэмээн тогтоогдсон, ховордлын шалтгаан нь 71.8 хувь нь “Амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй” гэх судалгаа гарсан байна. Мөн байгалийн ургамлын ашиглалт, чанарын судалгааг хийсэн байдаг бөгөөд 2004 оны энэ төрлийн судалгаагаар эмийн 1000 гаруй, хүнсний ач холбогдол бүхий 200, бал, тос 570, хөрс бэхжүүлэх 70 орчим төрлийн ургамал байгааг тогтоож байжээ. Амьтны аймгийн тухайд 141 зүйлийн хөхтөн, 513 төрлийн шувуу, 21 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 74 зүйлийн загас, 13000 гаруй төрлийн сээр нуруутан бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 76 нь ховор, 31 нь нэн ховорт тооцогддог аж. Байгалийн гаралтай генетик нөөц манай улсад байгаа, эдгээрийг судлах, ашиглахад төсөл дэх зохицуулалтууд нэн чухал гэдэг хариултыг ажлын хэсгээс өгч байсан юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 53 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top