СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чингэлэгт машин нуурын усанд живжээ

2021 оны 12 сарын 04

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цаг агаар хүйтэрсэн. Цаг агаар хүйтэрсэн ч гол, мөрөн, нуурын мөсний даац бэхэжсэн гэсэн үг биш юм. Жолоочид өвлийн улиралд гол, мөрөн, нуурын дээгүүр машинтайгаа явдаг билээ. Гэвч анхаарал, болгоомжгүй байдал болон мөсний нимгэнээс хамааран гол, нуурын усанд живэх тохиолдол цөөнгүй.

Он гарснаас хойш улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлыг бүртгэсэн байна. Гол, нуурын ус цөмөрснөөс үүдэж гурван иргэн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гэсэн ч иргэдийн тоомжиргүй байдлаас үүдэж энэ төрлийн тохиолдол гарсаар байна.

Өчигдөр шатахуун тээвэрлэж явсан машин мөсөнд цөмөрч живсэн хэрэг гарлаа. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг дэвсгэрт тус хэрэг гарсан байна. Аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км зайд байрлах Дөрөлж нуур гэх газарт шатахуун ачсан машин чиргүүлийн хамт осолдсон ажээ. Энэ тухай дуудлагыг 01-ний өдрийн 22.35 цагт тус аймгийн Онцгой байдлын газар авсан аж. Улмаар гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 23.00 цагт очжээ. Шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч 45 настай Э 32 тн шатахуун ачиж явсан байна.

Энэхүү ослын талаар Цагаан-Уул сумын засаг дарга С.Гончигнямаас тодрууллаа

Тэрбээр “Гол, нуурын мөс хөлдөөгүй байхад тухайн машины жолооч батлагдсан замаар яваагүйн улмаас ийм хэрэг гарсан. Замаа товчлох гэсэн үүднээс нууран дээгүүр явж байхад мөс цөмөрч, машин живсэн байна. Жолоочийн биеийн байдал сайн байгаа.Хүн эрсдээгүй. Уг машин нь "Нэмэн" компанийн хувийн эзэмшлийнх юм. "Нэмэн" компани нь хувийн компани. Дуудлага ирсэн даруй машиныг татан гаргах гэсэн ч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас өнөөдөр/өчигдөр/ өглөө 08.30 цагт татан гаргах баг хэргийн газар очсон. Өнөөдөр/өчигдөр/-ийн 13.00 цагийн байдлаар бүрэн татаж гаргаагүй байна. Шатахууны хувьд нуурын усанд асгараагүй. Харин жолоочид ямар нэгэн хариуцлага тооцох талаар яригдаагүй байгаа.Бидний зүгээс сарын өмнөөс иргэдэд гол, мөрний мөс цөмрөх аюултайгаас гадна бүрэн хөлдөөгүй талаар сэрэмжлүүлгийг хүргэж эхэлсэн. Одоо ч сэрэмжлүүлж байгаа” гэв.

Энэ мэтчилэн гол, нуурын мөс бүрэн хөлдөөгүй нөхцөлд дээгүүр нь зорчих тохиолдол нэг нэгээр нэмэгдсээр. Замаа товчилж мөсөн дээгүүр зорчсоны улмаас мөс цөмөрсөн тохиолдол өнгөрсөн сард ес бүртгэгдсэн байна. Үүнээс гурван хүн энджээ. Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй байгаа юм. Мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-25 см нэмэгдсэн байдалтай байна. Гол, мөрний мөсний зузааныг өнгөрсөн жил болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа аж.

Олон жилийн дундажтай харьцуулахад 5-35 см нимгэн гэдэг нь өвлийн улиралд харьцангуй дулаан уур амьсгалтай байгааг илтгэж байгаа юм. Гол, мөрөн, нуурны мөсний цөмрөлтөөс сэргийлэхийн тулд зам туулахдаа цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн мал туух, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх нь энэ төрлийн эрсдэлээс сэргийлэх арга зам юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top