Тохижилт үйлчилгээний компанид арван гаруй жил ажиллаж, хөдөлмөрлөсөн нэгэн ажилтан Алтан гадас одонгоор шагнуулсан нь ард олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа билээ. 64 насны босго давж яваа тэрбээр шагнал авахдаа баярлан уйлсан нь олны сэтгэлийг ийнхүү хөдөлгөсөн биз ээ.
Нүдээ олсон шагнал сайхан шүү дээ. Тэр давлагаа дахин хоёр ч хүнийг хамарч шагнагдсан юм. Цахим орчинд тусалж дэмжих гэсэн сайхан сэтгэлтэй улсын тоо хөвөрч үзэгдэнэ.
Жишээ нь л гэхэд дуучин Нара одонгийн найр хийх хандивын аян өрнүүлж чамгүй мөнгө цуглуулсан тул тэрхүү мөнгөө мөнөөх гурван хүнд хувааж өгснөө өөрийн нүүр хуудастаа зарлалаа. Найр ч сайхан болж урлаг соёлын жүжигчид “би ч хөтөлнө, би ч дуулна, би ч бүжиглэнэ” гээд сайхан юм аа. Энэ чимээнээр нэгэн ресторан найр болох заал танхимаар 100 хувь үнэгүй хангаж, найр наадам ч өргөн дэлгэр болов. Зохиолын болон хамтлаг дуучид үнэгүй дуулж өгөхөө илэрхийлэн, бүжгийн хамтлаг ч ирж уйдахын зовлонгүй баярлаж цэнгэжээ.
Гэвч аливаа юм хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг гэмтэй. Би ч тэрийгээ өглөө, тэр ч энийгээ өглөө гээд зарлаад байхаар сүүлдээ тус биш ус болж байх шиг. Далимд нь өөрийгөө магтаж дөвийлгөх гэсэн санаа ч цухалзаад байх шиг. Хэтийдсэн хөөрхийлөл, хэтэрсэн хошуурал харин ч нөгөө хүнээ эвгүй байдалд оруулж ичиж улайлган, орох байх газраа олж ядаж байх вий. Хүн өгөөд байхад авахгүй гэхээр биеэ тоолоо энээ тэрээ гэлцэх биз. Сайхан сэтгэлийг нь бодоод авах л байх.
Авсныхаа төлөөсөнд алдар нэрээ, ар гэрээ, алаг үрээ ичээж сандраах хэрэг гарах вий дээ. За бид ч яах вэ, нэг хэсэг шуураад л өнгөрнө. Харин нөгөө хэдэд маань дараа нь хүнд өртэй ч юм шиг, эс бөгөөс хүний царай харсан боломжгүй нэгэн ч юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм биш биз. Наанадаж л үр хүүхдүүд нь санаа зовж л суугаа даа. Алтан гадас авсан аавыгаа бялхаж цалгитал нь биш юм аа гэхэд баярлуулчих сэтгэлтэй л байж таарна шүү дээ.
Ер нь юм энгийн даруу байх тусам үнэ цэнтэй байдаг шиг хэрдээ л таарсан товхийсэн баяр тэмдэглээд өнгөрөх чинь өөрсдөдөө ч дараа, дарамт бага байх байсан ч юм билүү. Дахин хэлэхэд юм хэтрэхээрээ утгаа алддаг шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ШАГНАЛ НЬ БҮР ХЭТЭРЛЭЭ. ХҮН АМЫН БАРАГ ТЭН ХАГАС НЬ ГАВЬЯАТ БОЛОВ. БАРАГ ҮХСЭН ХҮНД ГАВЬЯАТ ӨГӨХ НЬ НААГУУР. ИЙМ ИХ ГАВЬЯТТАЙ УЛС МАШ ХӨГЖИЛТЭЙ БАЙМААР. ГЭТЭЛ ДЭЛХИЙН Б ХӨГЖИЛГҮЙ ОРНЫ ЖАГСААЛТАНД ОРООД БАЙДАГ. БОДОЖ ҮЗМЭЭР ЮМ.