Гацуурны дундаж үнэ нэг сая төгрөгт хүрч, чимэглэлийн үнэ өсжээ

2021 оны 12 сарын 07

Оны сүүлийн сар эхэлснээр шинэ жилийн уур амьсгал энд тэндгүй оров. Барилга бүр гаднаа гацуур засаж, өвлийн өвгөн, цаа буга, цана чарга бүхий гэрлэн чимэглэлээр гоёжээ. Үйлчилгээний газрууд бүгд л өөрсдийн хэв маягаар шинэ жилд зориулан төрөл бүрээр орчноо чимэглэнэ. Хаа нэгтээ сонсогдох дуу, телевизээр гарах реклам, лангуунд өрөөтэй хувцас, тэр бүү хэл хажуугаар зөрөх хүн бүрийн яриа хүртэл шинэ жилтэй л холбоотой байна.

Аргагүй биз. Дэнж хотойж, ууц хэрчихгүй ч дэврүүн, тансаг тэмдэглэдэг баярын нэг шүү дээ. Хөл хорионд 2021 оныг угтахдаа цомхон тэмдэглэсэн хүмүүс энэ жил ч дахин давтахыг хүсээгүй нь тодорхой. Тиймээс ч шинэ сар гарахтай зэрэгцэн хуучин оноо үдэхээр иргэд хэдийн бэлдээд эхэлжээ. Энэ удаагийн өдрийн сурвалжилгаа шинэ жилийн гоёл, чимэглэл, тэдгээрийн үнэ ханшаар бэлтгэн хүргэж байна.

ГАЦУУРНЫ ҮНЭ НЭГ САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ХАНШТАЙ БАЙНА

Сандэй худалдааны төв цаг ямагт олны хөлд дараатай байдаг. Анхны цастай зэрэгцэн өвлийн гутал, куртик хамгийн эрэлттэй байсан бол энэ сараас гоёлын хувцас, гоо сайхан болон шинэ жилийн чимэглэл, гацуурын эрэлт нэмэгдсэн байна. Тус худалдааны төвийн худалдагч Б.Б өөрийнхөө нэрийг гаргахаас татгалзан худалдаалж буй гацуур болон чимэглэлийнхээ үнийн мэдээллийг өглөө.

Тэрбээр “Жижиг гацуур худалдаалахгүй байгаа. Одоохондоо байгаа гацуурнуудаа худалдаалж байна. Өндөр, нам болон чимэглэлтэй эсэхээс хамаарч 550-950 мянган төгрөгийн ханшаар борлуулж байгаа. Хамгийн намхан нь 160 см өндөртэй. Тэр нь 650 мянган төгрөг гэж байна. Харин 180 см өндөртэйг нь 550 мянгаар худалдаална. Хүмүүс өндөр нь нэмэгдэх тусам үнэ дагаж нэмэгдэнэ гэж бодоод байх шиг байна л даа. Мөчрийн хийц, чимэглэл, өргөн зэргээс хамаарч үнэ ханш харилцан адилгүй байдаг гэдгийг мэдэх нь зүйтэй. Одоохондоо гацуурын эрэлт ихсээгүй. Энэ жилийн хувьд хүмүүс гацуур хэр их худалдаж авахыг мэдэхгүй байна” хэмээв.

Хүмүүсийн гацуурын эрэлт сарын дунд үеэс нэмэгддэг тул худалдаачид тэр үеэр гацуураа гарган худалдаалдаг ажээ. Харин Дүнжингарав худалдааны төвд 180 см өндөртэй гацуурыг 700 мянган төгрөгөөр борлуулж байв. Үнэ ханш өндөр байгаа шалтгаан нь хил хаасантай холбоотой аж. Харин Соёолж төвд худалдаалж буй гацуурны үнэ 400 мянган төгрөгөөс эхэлж байсан юм. Гацуур худалдаалагчдын хэлснээр хил хаасан, модны сонголт болон талбайн түрээс үнэ өсөхөд нөлөөлжээ. Мөн Дүнжингарав худалдааны төвийн худалдагч “Хил нээвэл гацуур сонголттой болно. Одоохондоо хэт өндөр ханшаар борлуулдаг гацуур гараагүй байгаа. Өнгөрсөн жил борлуулж чадаагүй гацуураа гарган худалдаалж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гацуурны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Дундаж үнэ нь 800 мянган төгрөгийн өртөгтэй байна” гэв.

ТУУЗАН ГЭРЭЛ, ТОГЛООМООР ШИНЭ ЖИЛИЙН ЧИМЭГЛЭЛЭЭ БЭЛДЭНЭ ГЭВ

Гацуур худалдаалж буй лангуунуудад шинэ жилийн тоглоом, чимэглэл, туузан гэрлийг төрөл бүрээр нь худалдаалж байлаа. Чимэглэл сонирхон явах иргэн Б.Тэлмэн “Энэ жил гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулахын тулд гэрлэн болон тоглоомон чимэглэл авах гэж явна. Гацуур үнэтэй байгаа болохоор гэрлэн чимэглэлээр гэрээ гоёно хэмээн төлөвлөсөн. Хуучин гацуур байгаа болохоор шинийг авахгүй байхаар шийдсэн” хэмээв.

Туузан гэрлийг худалдааны төвүүдээр 15-60 мянган төгрөгөөр худалдаалж байв. Гэрлийн хэлбэр, туузны урт, зайгаар болон залгуураар ажилладаг эсэхээс хамааран үнийн хувьд хэлбэлзэлтэй байдаг ажээ. Гацуурны чимэглэлүүд нэг ширхэг нь 1,500-3,000 төгрөгийн үнэтэй. Харин багцаараа 25-65 мянган төгрөгийн ханштай байна. Мөн Сандэй худалдааны төвд чимэглэл сонирхон явсан Б.Энхзаяа “Туузан гэрэл, тоглоомон чимэглэлээр шинэ жилээр гэрээ гоёно. Уншсан номоороо гацуур босгоно хэмээн бодож байгаа. Гацуур худалдан авч мөнгөө үрээд яахав дээ.

Худалдаж авъя гэсэн ч нэг сарын орлого маань ганц гацуурын дайтай байна. Гарын доорх материал ашиглан чимэглэл хийсэн ч болно. Өнгөрсөн жил баяраа зарлага багатай, цомхон тэмдэглэх боломжтой гэдгийг мэдсэн л дээ. Тиймээс ажлынхаа шинэ жилд орохоос бусдаар нэг их зарлага гарахгүй нь эдийн засагт хэмнэлттэй юм” хэмээн өөрийн бодлоо хуваалцлаа. Ширээний жижиг, дундаж хэмжээтэй өвлийн өвгөн хэлбэртэй тоглоомнууд болон гацуур 6-60 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Хаалга, хананд өлгөх зориулалттай дугуй хэлбэрийн гэрлэн чимэглэл том, жижгээс хамааран 90-120 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж. Харин өнгө бүрийн саанууд 3-5 мянган төгрөгийн ханштай байна.

Өвлийн өвгөний хэлбэр бүхий дэрнүүд 30-50 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Гэрэлтдэг 30-40 см өндөртэй оцон шувуу, цаа буга, цагаан баавгай, өвлийн өвөөгийн сувинерийг 50-60 мянган төгрөгөөр худалдаалж байсан юм.

ГОЁЛЫН ХУВЦАС ХАМГИЙН БАГАДАА 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙЛАА

Шинэ жилийн баярын үеэр байгууллага, хамт олны тэмдэглэлт өдрүүд онцлох үйл явдал байдаг. Тиймээс ч энэхүү баярт гоёлын хувцас болон гоо сайхны хэрэглэлүүдэд ихээхэн цаг, мөнгө зарцуулсаар ирсэн. Тэр дундаа эмэгтэй хүмүүс шинэ жилийн баяраар илүү их мөнгө зарцуулдаг. Энэ сар гарснаас хойш шинэ жилийн гоёлын будалт хийх нь ихэссэн талаар гоо сайханч, артист Л.Золжаргал хэлсэн юм.
Тэрбээр “Сарын эхний өдрөөс л шинэ жилийн үдэшлэгийн будалт хийлгэхээр цаг авах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Нүүр будалтын дундаж үнэ 50 мянган төгрөгөөс эхэлж байна. Зарим салонууд үс засах болон нүүр будалттай багц, хумс болон нүүр будалттай багц гэх мэтээр төрөл бүрийн багцуудыг гаргадаг. Багцын үнэ хамгийн хямд нь 70 мянган төгрөгөөс эхэлдэг” гэлээ. Мөн цахим орчинд наадаг сормуус тасарсан гэх мэдээлэл тархаад байсан юм. Гэвч гоо сайхны бараа зардаг томоохон худалдааны төвийн лангуун дээр төрөл бүрээрээ өрөөтэй байв. Нүүр болон хумс будалтаас гадна гоёлын даашинз хэдийн худалдааны төвүүдээр зарагдаад эхэлсэн байв.

Хуучин загварын даашинзууд 50-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа. Харин худалдагчдын шинэ хэмээн тодотгох даашинзууд 100 мянган төгрөгөөс эхэлж байсан юм. Худалдагч Ж.Баярцэцэг “Худалдан авагчид гял цал болсон даашинзаас илүү энгийн, өдөр тутамдаа ч өмсөж болохуйц даашинз сонгож байгаа. Зарим нь хослол өмсөхийг ч илүүд үзэх болсон. Худалдан авагчдын сонирхолд тулгуурлаж бид ч зарах барааны загварыг өөрчилдөг. Өмнөх жилүүдийн гял цал даашинз, хувцаснуудыг зарахаар гаргасан ч энэ сар гарснаас хойш бараг зарагдаагүй гэхэд хилсдэхгүй” хэмээв.

 

Н.АНУЖИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.254) 2021 оны 12 сарын 09

bolih heregtei haa baisan ter amerikiin bayar bidend yamar hamaa bainaa,heden huuheduud l yaadim gehees ter hugshin tom yumnuud bol shal utagaggui dagaj dalchiganaad yamarch nasand hursen hunii shinjgui ,ichmeer

2  |  0
Top