"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт эхний 428 хүүхэд шалгарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар өнөөдөр /2021.12.06/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлаж байна. Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулсны дараа зарлана.

Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ.

  1. Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулийн БШУЯ-ны баталсан бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
  2. Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид ЭЕШ-ын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн болзол хангасан байдлаас хамааран аль улсад ямар мэргэжлээр суралцах нь хамаарна. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр дагуу зарлагддаг тэтгэлгийн болзлыг хангах, сонгон шалгаруулалтад тэнцэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг олгох болно.

БШУ-ы сайдын тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд ЕТГ, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, нийслэлийн Боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумын төлөөллөөс гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ийн тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан орсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хх(150.129.143.84) 2021 оны 12 сарын 07

Худлаа хэлбэрдсэн. Нэг хороон сайн хүүхдүүд олон л байгаа ш дээ бусдыг нь яах юм?

0  |  0
Top