Хэвлэлийн хүрээлэн 25 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Хэвлэлийн Хүрээлэнгийн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба  гаригт Новотел зочид буудалд боллоо. Хүндэтгэлийн ёслолд Хэвлэлийн Хүрээлэнг үүсэн байгуулагдахад тодорхой хувь нэмэр оруулсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хэвлэлийн Хүрээлэнгийн үе үеийн захирал Ц.Энхбат, Д.Цэдэн-Иш, М.Мөнхмандах, Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав нар болон “Чөлөөт хэвлэл” төслийн удирдагч асан Ю.Рийнгард зэрэг олон эрхэм хүндэт зочид оролцож баяр хүргэж үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ю.Рийнгардыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн Н.Энхболд гардуулж, баяр хүргэлээ.   

Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд 1996 онд анх байгуулагдсан юм. Эл төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн билээ.

Улмаар 1999 онд Дани-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Чөлөөт хэвлэл” төслийг Монголын талд шилжүүлэхтэй холбогдуулан Хэвлэлийн Хүрээлэнг өөрчлөн байгуулж Төрийн бус байгууллагын дүрмийг Захирлуудын зөвлөлөөрөө баталсан юм. Ардчилсан нийгэмд шилжих үйл явц Монголын нийгмийн бүхий л салбарт бартаа, бэрхшээлээр дүүрэн байсан. Хэвлэлийн Хүрээлэн ч мөн адил төрийн бус байгууллагын хөгжил, төлөвшлийн амаргүй замыг туулж өдийг хүрлээ. Тийм учраас Хэвлэлийн Хүрээлэнгийн 25 жилийн ойн баяр Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт чухал үйл явдал юм. 

Өнгөрсөн хугацаанд Хэвлэлийн Хүрээлэн Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх эрхэм зорилгоо биелүүлж ирлээ.

25 жилийн турш Хэвлэлийн Хүрээлэн 1100 сургалт, хэлэлцүүлэг, үйл явдал зохион байгуулж 27 мянган хүн оролцуулжээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарын 240 судалгаа, 70 гаруй ном, гарын авлага гаргасан байна. Сургалт, судалгааны үйл ажиллагааг барууны сэтгүүл зүйн зарчмын дагуу явуулж, олон улсын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн түүх Монголын чөлөөт хэвлэлийн хуудас эргэж асан үетэй холбогдох тул 25 жилийнхээ ойн хүрээнд Монголд анх удаа “Ардчилал ба Сэтгүүл зүй” нэртэй хэвлэл мэдээллийн салбарын түүхийг товчоолсон медиа галерейг өнгөрсөн сард байгуулсан.

Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй, тунгалаг мэдээллийн орчныг бий болгохын төлөө мэргэжлийн хэм хэмжээгээр манлайлагч мэдлэгийн хүрээлэн байх Алсын хараатай Хэвлэлийн Хүрээлэн 25 нас хүрлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top