С.Баясгалан: Ховсын эмчилгээг удаан хийлгэвэл донтох тохиолдол илэрдэг

2021 оны 12 сарын 08

Далд ертөнцийн талаар олон нийт янз бүрийн бодолтой байдаг. Сүнс, өвгөдийн ертөнц, долоон хүрд, долоон сүнс гээд л учир нь үл мэдэх тэр ертөнцийг хүмүүс бид ихэд сонирхдог билээ. Тэгвэл сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ховс гэж юу болох, түүгээр юу хийх боломжтой талаар “Тэнгэр бэхи Өргөө” нийтэд үйлчлэх ТББ-ын гишүүн, Дэмч С.Баясгалангаас багахан ч болов тодруулан ярилцахаар зочноор урьсан юм.


Тэрбээр Санкт Петербургийн Зам тээвэр, Харилцааны их сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр дүүргэсэн ажээ. Яков Брюсийн нэрэмжит Олон улсын “Ховсын төв”-ийг алдарт ховсч Тимур Андар, Аркадий Орлов нарын удирдлаган дор төгсөж, өдгөө Ховсын хөтөч, Дэмч хийж байгаа юм.

-Таны яриаг сонирхох хүн олон бий гэж бодож байна. Юутай ч таны цолноос яриагаа эхэлье. Дэмч гэж ямар утгатай цол юм бэ?

-Дэмч гэж миний тэнгэрээс олгогдсон цол. Бусдыг соён гэгээрүүлж, танин мэдэхүй, гэгээрэлд хөтөлж яваа хүмүүсийг Дэмч гэдэг. Энэ цагийн яриагаар бол багш гэсэн утгатай.

-Ховсын талаар бидэнд ерөнхий ойлголт өгөөч. Та бүхэн ховсын үйл хийж, ховсоор эмчилгээ хүртэл хийж байна гэх юм. Ховс хийх, ховсдох гэдэг нь та бүхний хувьд ямар үйл юм бэ?

-Ховс гэдэг нь хүний сүнсэн биеийг сүнсний ертөнцтэй холбож байгаа нэг хэлбэр. Хүн болгон сүнстэй, сүнс бүхэн сүнсний ертөнцтэй. Тэр ертөнцтэй холбоотой амьдарч ирсэн. Хүрд гацсаны улмаас сүнс нь махан биедээ муу сууж, дутуу холбогдсон байдаг. Тэр үед бид дутуу холбоосыг засаж, өвөг дээдсийнх нь амьдарч буй оршихуй, эсвэл сүнснүүдийн оршихуй, дэлхийн эрчмийн орон зайтай холбодог. Тийм л утгатай.

-Ховс гэдэг нь ерөөсөө л сүнсэн биетэй л харьцахыг хэлээд байгаа юм байна шүү дээ. Ховс нь ямар ач тустай вэ?

-Хүн болгон махан болон сүнсэн биетэй. Нийт хүмүүсийн биеийн, генийн, удмын сангийн мэдээллийг сүнсэн бие өгч, хадгалж явдаг. Махан бие үсрээд л таван хувийн мэдээллийг тээдэг юм. Сүүлийн үеийн оддын хүүхдүүдийн хувьд сүнслэг бие нь 97-98 хувийн мэдээллийг тээх бий. Дэлхийд эргэн мэндэлж буй эдгээр хүүхдүүдийн сүнслэг биед асар их ухаан, мэдлэг, авьяас билиг, ур чадвар агуулагдаж байдаг. Тэгэхээр бүх өвчний гол суурь, үндэс голомт нь эрчимт бие буюу сүнсэн биед байгаа юм.

Зарим өвчний голомт 100 хувь, зарим өвчнийх 50 хувь сүнслэг биед оршиж байдаг. Энэ утгаараа ховсын тусламжтайгаар сүнсийг сүнсний орон зайтай, эрчмийг эрчмийн орон зайтай холбодог. Ингэж холбохдоо шаардлагатай туяаг нь татаж байгаад бохир эрчмийг цэвэрлэхээр илүү хүчтэй эмчилгээ, засал болдог юм. Сүнслэг бие, эрчим бие дээрх өвчний голомтыг арилгачихаар махан биеэ мэдээж тойглоно. Эм тангаа ууна, амин дэмүүдээ хэрэглэнэ, зөв хооллоно, алхана, хөдөлгөөн хийнэ. Ингээд хавсруулахаар хүний бие төгс эмчлэгдэж, засагдаж байна гэсэн үг. Үүгээрээ ховсын эмчилгээ буюу ховсын увдис хүчтэй.

-Ховсын эмчилгээ яагаад одоо л хүмүүсийн сонирхлыг татаад байгаа юм бэ. Өмнө нь төдийлөн ойшоодоггүй байсан шүү дээ?

-Мэдээж аливаа юм бүхэн цаг хугацаатай. Ховсыг хэзээ, хэдийд ашиглуулах вэ гэдгийг дээрээс зохицуулдаг. Бид ерөөсөө ч шийдэж байгаа юм биш. Хүмүүс хэзээ жаахан гэгээрээд, ховсыг хамаагүй зүйлд ашиглаж болохгүй гэдгийг ухаарна, тэр цагт цагт нээж байгаа юм. Магадгүй 10, 20 жилийн өмнө нээж болохгүй байсан. Тэр үед маш олон бөө төрлөө. Буруу, зөрүү аархаж, намайг хэн мэдэж, усыг хэн хашдаг юм гэгчээр дур дураараа тонгочсон. Нэгэн рүүгээ элдэвлэж, янз бүрийн араншин гарган, мөн их юм боллоо шүү дээ.

Гэтэл сүүлийн үед бясалгал, иог, маш олон соён гэгээрлийн үйл ажиллагаа шат шатанд явагдаж, ямартай ч хүмүүс үйлийн үр гэж байдгийг ойлгочихлоо. Сайн эрчим түгээж, сайн үйл хийхээр бид дэлхий дээр ирсэн гэдгээ ойлгож, ухаараад, бидний хийсэн буруу зөрүү зүйл үр хүүхэд, удам хойчид маань нөлөөлдөг юм байна гэдгийг амьдралаараа харж байна. Хүмүүс жаахан гэгээрч эхэлсэн энэ үед ховсыг дээрээс нээж байгаа юм. Энэ бүхэн дээрээс ирсэн л санаа. Тэд хэзээ, юуг хэрэглэх вэ гэдгээ мэддэг юм.

-Одоо л ховсыг хэрэглэх цаг хугацаа нь ирж байгаа юм байна. Гэхдээ ховсыг хамаагүй хүмүүст зааж, дэлгэрүүлж болох юм уу. Хэтэрхий аюултай биш гэж үү?

-Буруу зүйлд ашиглавал тэр хүн л өөрөө дэнслэгдэнэ шүү дээ. Өөрөө л үйлээ эдэлнэ. Тиймээс ховсыг буруу зүйлд ашиглаж болохгүй гэдгийг бид таниулах үүрэгтэй. Түүнийгээ бол сайн хийж, сайн таниулж байна. Мэдлэг, хүч бүр хоёр талтай. Ховсыг цөмийн энергитэй адилтгаж болно. Зөв ашиглавал маш хэрэгтэй, буруу ашиглавал ихээхэн хор уршигтай. Түүнийг нь таниул гэж тэнгэр биднээр хөтлүүлээд байгаа юм. Сайн дураараа ямар нэгэн ашгийн төлөө, мөнгө олох гэж бид ажиллаад байгаа юм биш.

Бид мөнгө олъё гэвэл маш их боломж, хийх ажлууд байна. Ховсын цаана бид хүн бүрийг л сэрээж байгаа юм. Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ. Эмчлэхээс гадна тэнгэртээ тэтгэгдэж, өвгөдийнхөө цус, ясаар холбогдсон генийнхээ өгөгдөл дор ядаж л зөв амьдарч явахад нь сургаж байна.

-Ер нь ховс гээд л эртнээс яригддаг байсан. Чухам хаанаас гаралтай юм бэ?

-Ховс гэдэг эрдмийг монголчууд анх дэлхийд таниулсан хүмүүс. Түүнийгээ бүр түүхээрээ айлдчихсан. Эртнээс дайн байлдааны үед хүртэл цэргүүд нь ядарч, цуцах, эсвэл хүн хүчээрээ цөөдсөн тохиолдолд ховсын ид шидийг ашиглаад ялсан нь түүх болж үлдсэн. Гэхдээ цөөн тохиолдолд ашиглаж байсан гэдэг. Ховсын тусламжтайгаар 17 удаагийн түүхэн ялалт хийсэн буурай байдаг.

Түүнээс хойш энэ эрдэм огт тасраагүй. Сократ, Аристотель, Платоны үед ч тасраагүй. Тэд сүнс засал, сэтгэл засал гэдэг зүйлийг хийдэг байсан шүү дээ. Тухайн үед ч хүмүүс өвдөж, зовж байсан. Маш олон төлөөлөгчдөөр дамжиж явсаар өдгөө сэтгэл заслын гол техник болчихоод байна. Шар хадны эмнэлэгт сэтгэл зүйн өвчлөлтэй хүмүүсийг мэргэжлийн, бэлтгэгдсэн эмч нар ховс хийж эмчилдэг шүү дээ.

-Ховсыг ашиглаж хагалгаа хүртэл хийдэг байсан гэх юм билээ?

-Хийдэг байсан түүхүүд бий. Монте Кристо гүн зохиолд гардаг хамба лам Фариа ховс хийдэг хүн байсан. Тэр хүн бол ховсыг нэлээн сайн хөгжүүлсэн. Дараа нь түүний шавь нар гээд л өргөжсөн байдаг. Анх ховсын эрдмийг нээсэн бидний өвөг дээдсийн удам Франц эрдэмтэн Шарко тухайн үедээ Парис хотын язгууртнууд үйлчлүүлдэг эмнэлгийн ерөнхий эмч байхдаа ховсын аргаар стерик өвчнийг эмчилдэг байсан. Өөрөө мэдрэлийн эмч байсан болохоор мэдрэлийн гаралтай бүх өвчнийг ховсоор эмчлэхийг шинжлэх ухааны түвшинд гаргаж ирж, олон нийтэд таниулсан байдаг.

-Тэгэхээр ховс бол сэтгэл зүйн салбарын том ололт, салшгүй нэг хэсэг юм байна. Бас шашинлаг санагдаад байна л даа. Ховсоор сүнсний ертөнц, өвөг дээдэстэй нь холбодог гээд ярьж байна шүү дээ?

-Хүн болгон сүнстэй. Сүнстэй хүн сүнсний орон зайд суугаа өвөг дээдэстэйгээ холбогдох боломжтой. Заавал бөө дээр очих шаардлагагүй. Тарнийн хүчин дор ч холбогдож байгаа шүү дээ. Яг шашинлаг гэхэд бас биш. Шашнаас ч илүүтэй эмчилгээ, засал хийх боломжтой. Хүний бие долоон хүрдний сан, долоон сүнстэй байдаг. Тэдгээр сүнс нь амьдралын явцад гэмтэж, энерги муудсаныг сүнсний ертөнцөөр, эрчмээр холбож, эмчилж, аура, гэрлийг нь нэмэгдүүлж байна гэж ойлгож болно. Мэдээж эмчилгээ, үр дүн илүү хүчтэй.

-Долоон сүнсний үүрэг юу юм бол оо?

-Тэнгэрийн хоёр сүнсээр дамжуулж, тэнгэр дэх ах дүүс, өвөг дээдэстэйгээ холбогдоно. Газрын таван сүнс нь дэлхийн таван махбодын эрчмээр эрчимнэж, таван тивийн орон зайтай холбогдон, махан биеэ тэтгэж байдаг.

-Өвөг дээдэстэй холбоно гэж байна. Холбогдож байгаагаа мэдрэх боломжтой юу. Эсвэл Дэмч та хэлж өгөх үү?

-Зөнтэй, мэдрэмж өндөртэй хүн бол өөрөө мэдэрнэ. Хүрд, сүвнүүд нь хаалттай, мэдрэмж багатай хүн бол харьцангуй бага мэдэрдэг. Бөө гэдэг нь нэг ёсондоо тэнгэр, газар хоёрыг холбогч шүү дээ. Тэнгэр дээр өвөг дээдэс, газар дээр бид байна. Бясалгал хийж буй хүмүүс ч ялгаагүй эрчим биеэрээ эрчмийн орон зайд аялж, өвөг дээдэстэйгээ холбогддог. Бид ч гэсэн торгон эрчмийн судлуудаар чинад орон зайн өнгөт эрчмүүдтэй холбочихож байна. Дээд ариун эрчмийн зай руу хүний биеийг холбож, сүнсийг засан, эрчмийг нь цэвэрлэдэг гэсэн үг л дээ. Ингэж дутсан өнгөт эрчим, цацраг, гялбаадаар цэцэглэн, тэтгэн өгч байгаагаа ховсын засал эмчилгээ гэж нэрлэж буй юм.

-Ховсын талаар хүмүүс өөр ойлголттой байдаг. Ховсоор хайртай хүнээ өөрийн болгосон гээд л ярьдаг шүү дээ. Энэ ховс нь өөр ойлголт уу?

-Хүмүүс ховсоо ялгахгүй байна. Дом, шившлэг, янз бүрийн хар, шар дом, тарни, үгийн хүч ашиглаж юм хийчихээд түүнийгээ ховстой андуурах хүн бий. Мөн ховс ашигладаг хүн ч бий. Чин үнэндээ одоо хүн төрөлхтөн бүгд харын ховсонд унтаж байгаа. Яагаад сэрэхгүй байгаа юм бэ. Яагаад хүмүүс амьдралын зорилгогүй, эсвэл ямар нэгэн муу үйл хийж чадаж байгаа юм. Хүн төрөлхтөнг аль хэдийн маш хүчтэй үйлдэл, бодол, санаагаар ховсдчихсон юм шүү дээ. Сэтгэл гутралд орлоо, оройн хүрдүүд хаагдлаа гэж байна. Дандаа хар хүчний ховсонд орчихсон яваа хэрэг.

-Тэгвэл хар хүч хаанаас гарч байгаа вэ?

-Мөнгөний эзэд, дэлхийг захирагч нар, баялаг, эрх мэдэл бүгдийг атгачихсан хүмүүс байна. Бидний цаана үр хүүхэд минь сайн яваасай гэсэн сайхан сэтгэлтэй өвөг дээдсийн хүч байгаа бол тэдний ард зөвхөн миний үр хүүхэд, баян, эрх мэдэлтэй байгаасай гэсэн удам угсааныхан байдаг. Нөгөө талд далд ертөнцөөс ирсэн харь гарагийнхны наймаалж, луу, могой, аалзан төрхтөн хүмүүсийг хар ховсонд оруулсан. Наад зах нь цахим орчны цаана маш их хар хүч байна. Донгийн хар ховс хүүхдүүдийг маань эзэлчихээд байна шүү дээ. Дэлхийд анх ховсыг нээсэн өвөг дээдэс маань “Харын ховсонд нойрсуулаад унтаж буй үрс минь ээ” гэж хэлдэг. Ийм л болохоор дэлхийн хаа нэгтээ террорист ажиллагаа, хүчирхийлэл, түрэмгийлэл хүчээ авч, хүмүүс хамгийн их шуналтай, хар хорон санаатай, хүний мөн чанараа алдах дээрээ тулчихаад байгаа юм. Хар хүч гэдэг чинь хамаг дэлхийг эзэгнэж, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч бидний бие, сэтгэлд үргэлж муу муухайг мэдрүүлсээр байна.

-Нийтээрээ харын ховсонд орсон байж болно. Харин та бүхний хэдэн хүн харын ховсоос сэрчихсэн гэсэн үг байх нь ээ. Одоо бусдыг сэрээхээр ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Яг энүүхэндээ гэж хэлэхэд бид тэр харын хүчнээс монголчуудаа салгахаар хичээж байна. Бид эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгаран байж энэ ховсын үйлийг дэлгэрүүлж, ховсын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлээд байгаа зэрэг нь иргэдийг сэрээж байгаа явдал юм. Оройн хүрдүүд дээр тэр айхтар хар ховсоос салгахыг хичээж байна. Хэзээ байтлаа бид нэг нэгэндээ хорсоод, амиа хорлоё гээд эсвэл 10 давхар байшинтай болъё гэж Монгол хүн боддог байсан юм бэ.

Үүний цаана тийм байдалд байлгаад, хүн төрөлхтөнг боолчлох далд ертөнц, харь гарагийнхны асар хүчтэй бодлого явж байгаа шүү. Харь гарагийнхны төлөөлөл нь манай дэлхийгээр дүүрэн амьдарч байна. Нөгөөдүүл нь хэн юм, хүчирхийлэл, колончлолын дээрэнгүй бодлого явуулаад байгаа улс орны эзлэн түрэмгийлэгчид, мөнгөний эзэд л юм. Эдний цаана маш том бизнесүүд явдаг. Вакцин гэхэд маш том эмийн бизнес. Цар тахал гэдэг чинь хүртэл бизнес. Бүх юм хоёр талтай. Гэсэн ч бид хоргүй ховсыг ашиглаж нойрсоод байгаа хүмүүсийг сэрээх гээд үзээд байгаа юм.

-Айдсаас гаргах, өршөөл, уучлалын, гомдлын ховс гээд л та бүхэн ховсын эмчилгээ явуулдаг юм билээ. Одоо цагийн нийгэмд яг хэрэгтэй эмчилгээнүүд хийгдээд байх шиг. Хэдэн удаа явсны дараа үр дүн харагдах вэ?

-Зарим хүн магадгүй ганцхан удаа ороход үр дүн гарна. Зарим нь олон явна. Хүн хүний биеийн хүлээн авах чадвар, онцлог нь өөр. Сэтгэлгээний итгэл үнэмшил гэж бий. Энэ ч дээ, юу л бол гэж янз үзэж орж байгаа хүмүүс ч байдаг. Гэхдээ маш үр дүнтэй учраас хүмүүс хэтэрхий ховсын хамааралтай болчих вий гэдгээс бид эмээдэг.

-Эрүүл болоод, сэтгэл баясаад, ажил үйлс дэлгэрээд байвал донтох магадлалтай юм биш үү?

-Хүмүүсээс хааяа тийм төрлийн шинж илрээд байна. Хоёр, гурван сар яваад эрүүл болсноос үүдэж хэт шимтээд байгаа хүмүүс харагддаг. Гэхдээ хүн хэчнээн сайхан болсон ч өөрийн зан аашаа засахгүй бол нэмэргүй. Энд сайхан засал хийлгээд сүнсэн биеэ эрчмээр дүүргэчихээд хүнтэй муудаж, сөрөг энерги татаад байвал ямар нэмэр байх билээ. Эерэг үзэл бодол, зан ааштай, үргэлж бусдыг хайрлаж, дэмжиж явдаг хүн заавал ховсонд ороод эрчим, энергиэ засах гээд байх шаардлагагүй. Мэдээж ховсонд явж, сүнсэн биедээ эрчим хураах муу зүйл биш.

Байгалийн унаган эрчим, уул ус, хангай дэлхийгээсээ ч хүн энерги, эрчим авч болно л доо. Хүн гэдэг амьтны чинь 95 хувь нь энергиэс бүрддэг. Тэр 95 хувийн энерги нь төрөл төрлийнх байх ёстой. Нар, салхи, уул ус, өвс ногоо, цэцэг навч, хур бороо, цас мөсний, мөн түм түмэн од эрхсийн эрчим сүлэлдээд байх ёстой. Түүнээс биш хэдхэн хоол ундны дунд эргэлдээд байвал бусад эрчим дутагдана.

-Тэгэхээр ховсонд орсноор нэг ёсондоо засал болох нь ээ дээ. Өөрийгөө эмчлэх, засах боломжтой сургалтууд байдаг гэсэн байх аа?

-Бид ховсчин байхын тулд маш их мэдлэгтэй, өөрөө сүнснийхээ хувьд өсөн дэвжсэн байх ёстой. Миний сүнснээс цацраг гарч байж бид бусдад эмчилгээ хийдэг. Миний биений сүнснээс гялбаа гарах чадвартай байж бусдад гялбаат эмчилгээ хийнэ. Тийм байж бид засал хийж чаддаг. Сургалтын хүрээнд өөрийгөө эмчлэх, эрүүл байх, хамгаалах ховс заадаг. Нөгөө талаасаа бид маш их танин мэдэхүйн хичээл зааж өгдөг юм. Мэдлэгтэй байж ховс руу орох ёстой. Мэдлэггүй байж хэдэн үг цээжилчихээд ховс руу орвол өөрөө л бүдэрч унана. Ер нь ховсын эрдмийн цаана маш өндөр дэнс бий. Жинхэнэ үйлийн үрийн хөтөлбөр тэнд явдаг. Чадахгүй юмаараа оролдож нэмж өөртөө үйлийн үрийн хөтөлбөр аваад яах вэ дээ.

-Сонирхож байгаа хүмүүст нь хэрэгтэй байх. Яг ямар төрлийн сургалтууд зохион байгуулдаг юм бэ?

-Гурван төрлийн сургалт явуулж байна. Нэгдүгээрт, хүүхдийн сургалт зохион байгуулдаг. Үүнд, оюун ухаан, сэтгэл хөдлөл болон зөн билгийн танин мэдэхүйн хичээлүүд заадаг. Оюун ухааны танин мэдэхүйгээр IQ, шинжлэх ухаан талдаа мундаг болчихож байна. Гэтэл сэтгэл хөдлөлийн оюун ухаан суулгаагүйгээс сэтгэлийн хатгүй, ноён нуруугүй болж амьдралд алдах нь бий. Тиймээс сэтгэл хөдлөлийн танин мэдэхүйн хичээл ордог. Хүүхдийг сэтгэлээр нь, сүнсээр босгож ирэх ёстой.

Тэгэхгүй бол хүүхдийг нялх балчраас нь ямар нэгэн байдлаар сэтгэлийн айдаст автуулж, сэвтээсэн байдаг. Үүнийг энэ хичээлээр засна. Ингээд дээрээс нь SQ буюу зөн билгийн чадварыг суулгадаг. Наад зах нь үндсэн таван зөнг нь нээлгэхгүй, хаалгахгүй байя гэдэг сургалт юм. Үүний цаана тэнгэрийн хамгаалалтад л хүүхдүүдийг нь өгчихөж байна гэсэн үг. Эс тэгвээс цахим орчны ард дандаа хар ховсонд хүүхдүүд автаад байна шүү дээ. Сүүлийн үед маш их гоц авьяастай хүүхдүүд төрж байгаа учраас тэрийг нь сэрээж, бас хамгаалж өгч байгаа юм.

Ийм учраас хүүхдийн сургалт их чухал санагддаг. Хоёр дахь сургалт нь өөрийн ховс буюу эмчилгээний ховсын хичээл орж байна. Нийгэм өөрөө их стресстэй, бухимдуу болсон энэ үед үгийн зэв гэдэг хар, цагаан хэл ам, өс хонзонгоос яаж өөрийгөө хамгаалах, мөн өөрийгөө хэрхэн эмчлэх вэ гэх мэтийн сургалт ордог. Байгалийн олон төрлийн эрчмийг зориулалтаар нь хэрэглэх, заахаас гадна сүнснүүдийг нь таниулж өгнө. Гурав дахь нь сэтгэл заслын сургалт. Арай шидтэй, мэдрэмжтэй болоод засал хийх мэтээр гүнзгий шат руу орно гэсэн үг л дээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эн(192.82.73.169) 2024 оны 12 сарын 23

хаяг нь хаана байдаг вэ

1  |  0
Top