Д.Түвшинжаргал: Үйлдвэрлэл эрхлээд ганц ч гэсэн өрхийн амьдрал дээшлээсэй гэж хүсдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Цаг үеийн сэдвээр Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалтай ярилцлаа.


-Завхан аймгийнхан сайхан өвөлжиж байна уу. Өвлийн бэлтгэл ажил хангагдаад дууссан уу?

-Манай аймгийн нийт нутгийн 80 хувьд зуншлага сайхан байсан учраас өвөлжилт гайгүй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 83 хувьтай цаг агаар тогтуун. Сүүлийн үед малын шүлхий өвчин бусад аймгаар дамжин манай аймагт орж ирснээр өвөлжилтөд бага зэрэг бэрхшээл учрууллаа.

-Энэ жил малын гоц халдварт өвчин орон нутагт их тархлаа. Танай аймгийн хувьд шүлхий болон малын бусад халдварт өвчин ямар байна вэ?

-Шүлхий өвчин Говь-Алтай, Увс аймгаар дамжин Завхан аймагт орж ирлээ. Одоо аймгийн тав, зургаан сумыг хамраад байна. Нийт 400 гаруй толгой малд шүлхийн вакцин хийх ажлыг зохион байгуулж явна.

-Хадлан тэжээлийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Энэ жил өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин их хэмжээний хадлан хураасан. Хадлан тэжээл элбэг учир үнэ хямдарна гэж тооцож байгаа. Гэхдээ хэт хямд үнэтэй байх нь тэжээл зардаг хүмүүст хүндрэлтэй, ирэх жил тэжээлээ зарахаа болих гэх мэт байдал үүсэх магадлалтай л даа.

-Коронавирусний халдварын нөхцөл байдал харьцангуй намжсан байх. Өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо, вакцинжуулалт хэр байгаа вэ?

-Коронавирусний халдвар хэдэн сарын өмнөхөө бодвол намжсан. Тохиолдлын тоо эрс буурсан. Завхан аймагт нэг болон хоёрдугаар тунгийн вакцинд хамрагдах явц 87 хувьтай, гуравдугаар тунгийн хамрагдалт 42 хувьтай. Улсдаа вакцинжуулалтын хурд хамгийн өндөрт тооцогдох аймаг болж байна. Иргэд вакциндаа сайн хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа учраас цар тахлын нөхцөл байдал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Аймгийн хэмжээнд өдөрт 10-20 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар халдвар илрээгүй. Аймгийн Халдвартын эмнэлэгт нийт 50 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна.

-“Номын баяр-2021” арга хэмжээ 21 аймагт зохиогдоно гэж байсан. Танай аймагт тус арга хэмжээ болсон уу?

-Хараахан болоогүй. “Номын баяр” аяныг сайшаан дэмжиж байгаа. Хамтарч ажиллаж аянд нэгдэнэ ээ.

-2021 он дуусах гэж байгаа учраас Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэрхэн дүгнэгдсэн бэ. 2021 онд танай аймагт шинэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэр хэрэгжив?

-2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ сарын 2-нд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар авч хэлэлцсэн. 87 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн. Энэ жил зургаан сар орчмын хугацаанд цар тахлаас шалтгаалсан хөл хорио, зарим төрлийн бараа материалын хомсдол, үнийн өсөлт, ажиллах хүчний асуудлаас шалтгаалж бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хэмжээнд явсангүй. Одоогоор Ургамал, Түдэвтэй сумын Засаг даргын Тамгын газрын барилга баригдаж ашиглалтад орууллаа.

Зарим сумдад сургууль, цэцэрлэгийн засварын ажлууд хийгдэж дууссан. Жишээлбэл, Япон улсын Засгийн газрын 2020 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах нь” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Их-Уул сумын цэцэрлэгийн засварын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд тус цэцэрлэгийн хоёрдугаар байрны гадна дотор засал, цахилгаан шугам, халаалтын болон агааржуулалтын систем зэргийг барилгын стандартын дагуу засварлаад байна.

-Саяхан “Завхан аймгийн Төрөх эмнэлэг хүйтэн байна” гэсэн асуудал олон нийтийн сүлжээгээр нэлээд яригдсан. Хүйтэн байсан нь үнэн үү. Юунаас шалтгаалсан юм бол. Асуудлаа шийдсэн үү?

-Завхан аймаг жижиг уурын зуухнуудтай, уурын зуухнууд нь галлагаатай ажилладаг учраас хэрхэн халааж байгаагаас халуун, хүйтэн шалтгаалдаг. Уурын зуухаа сайн халаавал арай гайгүй гэсэн үг л дээ. Манай аймгийн Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг ашиглалтад орсон цагаасаа асуудал дагуулж, дулаан алдагдалтай гээд яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд аймгийн удирдлагууд, аймагт сонгогдсон УИХ-ын гишүүдээс анхаарал хандуулсан. Эмнэлэгт дулаан нийлүүлдэг компани үйл ажиллагаагаа жигд сайжруулбал асуудал шийдэгдэнэ хэмээн үзсэн.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5”, “Ковид 19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт” төслөөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Уг төслийн хүрээнд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн барилгын засвар тохижилтод 367.6 сая төгрөг, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжид 821.1 сая төгрөг, Ковид-19 болон амьсгалын замын хурц халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид 19.7 сая төгрөг, нийт нэг тэрбум 208 сая 579 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Харин Засаг даргын нөөц сангаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийг тохижуулах ажил санаачилсан. 2021 оноос өмнө тохижилт хийж дуусгах гэсэн боловч хилээр барилгын материал орж ирэхгүй хүлээгдэл их байлаа. Дотрын тасгийг тохижуулахад орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж гэхэд 200 гаруй сая төгрөг болох тооцоо гарсан.

 -Танай аймагт “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа болж байна уу, махны үнэ хэвийн байна уу. Ер нь хүнс, барааны хомсдол үүсэв үү?

-Тансаг хэрэглээг хязгаарлаж мах, гурилаа түлхүү хэрэглэх нь цар тахлын үед хамгийн тохиромжтой. “Өвлийн идэш-2021” арга хэмжээнд манай аймаг оролцож байгаа. Жишээлбэл, “Завхан хүнс групп” компани үйлдвэрийн аргаар боловсруулсан махаа үзэсгэлэнд дэлгэсэн. Цагаан сарын өмнө аймгийнхаа нийт сумдын махыг Улаанбаатарт хүргэж хямд үнээр борлуулах ажлыг сумын Засаг дарга нартай хамтран зохион байгуулахаар ярилцаж байна.

-Аймгийнхаа цаашдын хөгжлийг та хэрхэн харж байгаа вэ. Хотоос алслагдсан, эрс тэс уур амьсгалтай зэрэг онцгой нөхцөл Завхан аймагт бий. Ер нь ямар чиглэлд түшиглэн аймгаа хөгжүүлбэл зүйтэй бол?

-Завхан аймаг мал аж ахуйд түшиглэн хөгжиж байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээ бага хөгжсөн. Зам харилцаа тааруу байсан. Саяхан л Улаанбаатартай хатуу хучилтат авто замаар холбогдож дууслаа шүү дээ. Дэд бүтцийн асуудлууд хөгжилд мэдээж чухал учраас хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудлуудын нэг. Тиймээс зам харилцаанаас гадна Тосонцэнгэл суманд дулааны станц хувийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг бид дэмжиж байгаа. Дулааны станц баригдахад үйлдвэрлэл үйлчилгээ дагаж хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ.

Мөн Улиастайд Солонгосын хөрөнгө оруулалтаар дулааны станц барих ажлыг хөөцөлдөж байна. Ер нь дулааны станцуудыг дагасан үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байрыг бий болгож ажиллахыг зорьж байна. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, шударга, чирэгдэлгүйгээр иргэдэд хүрээсэй гэж хүсдэг. Тиймээс 2022 онд төрийн үйлчилгээг цахимжуулах, сайжруулах ажилд 170 сая төгрөг төсөвлөсөн.

-Завхан аймаг дотооддоо зарим нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хил хаасан цар тахалтай үед дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн ач холбогдлыг бид илүү ихээр ойлгож байгаа болов уу?

-Цар тахал иргэдийн худалдан авах чадварт ихээр нөлөөлж, худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажилладаг болтол хугацаа их шаардаж байна. Гэхдээ тодорхой хугацаанд хил хаасан үед зарим хүнс бараа материалын хомсдол үүсэж байгаа зэрэг асуудлаас харахад үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, энэ бүх хэрэгцээгээ зөв бодлогоор дэмжих шаардлага үүслээ. Өмнө нь ч дандаа яригддаг байсан энэ асуудлууддаа одоо жинхэнэ утгаар нь анхаарах цаг болсон. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд ганц ч гэсэн өрхийн амьдрал дээшилж л байвал хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэгбаяр(203.91.115.49) 2021 оны 12 сарын 15

Тэгж боддогийг нь мэдэхгүй л юм байна улс төр албан тушаалын наймаанд л ашигладаг гэдгийг нь сайн мэдэж байна

0  |  0
Гомбо(64.119.20.148) 2021 оны 12 сарын 15

Өөрөө ч бүтэхгүй нөхөр дөө... Энэ аймгийг элгээр нь хэвтүүлж байгаа хүн...

0  |  1
Top