Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих эсэх нь АВЛИГААС ХАМААРНА

2021 оны 12 сарын 08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ өнөөдрөөс гурван сарын  өмнө  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зургаан багц асуудлаа дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс албан ёсоор танилцуулаад байна. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Эдгээр хөгжлийг хязгаарлагч  хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн цаасан дээр  царцаж үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх зорилго ч, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого ч  энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай” гэв.

 

Түүний танилцуулсан зургаан багц асуудлыг тодотговол:

 

  • Боомтын сэргэлт
  • Эрчим хүчний сэргэлт
  • Аж үйлдвэржилтийн сэргэлт
  • Хот, хөдөөгийн сэргэлт
  • Ногоон хөгжлийн сэргэлт
  • Төрийн бүтээмжийн сэргэлт

 

Тэгэхээр МАН-ын дарга болоод Ерөнхий сайдын хувиар түүний танилцуулаад буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дээр багц асуудлууд төр-хувийн хэвшлийн хамтын хүчээр л шийдвэрлэгдэх юм.

Ерөөс Монголын эдийн засгийн хүрээг өргөтгөх, импортын хэт хараат байдлыг бууруулахын тулд сүүлийн арав гаруй жилд ач холбогдол өгч ярьсаар ирсэн ч, бодитоор хэрэгжүүлж гавиагүй төр хувийн хэвшлэлийн зохист түншлэлийг  шат ахиулахад энэхүү Шинэ сэргэлтийн бодлого хувь нэмрээ оруулж чадах уу гэдэг нь хүлээлт дагуулсан асуудал болж байна.

Дээрх багц асуудлуудын нэг болох “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн талаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод МАН-ын даргын хувиар хэлэхдээ:

“Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай... Төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлээ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, шийдэл олох нь нэн чухал юм аа.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.  Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.  Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын  гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай... Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ ҮЙЛЧЛЭГЧ байх ёстой” гэлээ.

Мөн авлигын асуудлыг МАН-ын генсек Д.Амарбаясгалан илтгэлдээ онцолсон. Тэрбээр  “МАН цаашид авлига, хүнд сурталтай тэмцэх болно. Тухайлбал, авлигын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдэгдсэн болон ёс зүйн зөрчил гаргасан хүнд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусгаж хэрэгжүүлнэ. Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулна" гэсэн юм.


Ер нь бол эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон олон төслүүдийн талаар өнгөрсөн жилүүдэд ярьсаар л өнөөдрийг хүрсэн. Гэвч тэдгээр асуудал бүр цаасан дээрээс буудаггүйн учиг шалтгаан нь шат шатанд нэвчсэн авлигын тогтолцоотой холбоотойг хаа хаанаа одоо ойлгож буй. Тиймээс ч Монголын ард иргэдийн олонхын сонголтоор, төрийн эрхийг хэрэгжүүлж буй МАН-ын удирдлагууд Их хурлынхаа индэр дээрээс авлигыг онилсон үгсийг итгэлтэй хэлж, ярьж буй нь нийгэмд таалагдаж байна. Ерөнхий сайдын хэлж ярьж байгаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл эрүүлжиж, улс төр, бизнес хоорондын зааг ялгаа гараад, соёл нутагшиж чаддаг бол энэ улс оронд ихээхэн эерэг өөрчлөлт гарна. Гол нь бодит хэрэгжилт чухал гэдгийг тэмдэглэхэд илүүц болохгүй биз ээ.

Эцэст нь хэлэхэд, засгийн эрхийг авах зорилготой, үзэл бодлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлийг “улс төрийн нам” гэнэ гэх тодорхойлолт байдаг ч, ардчилсан нийгэмд нам бол “дэглэм” биш, олонхын сонголтоор төрийн эрх мэдлийг хуулиар тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэг хүлээсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл юм.  Хаа хаанаа үүнийг ойлгох нь авлига нэвчсэн тогтолцоог халахад нэмэртэй байх болов уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top