А.Цогтсайхан: Төв талбайд 22 метр өндөртэй сүлд мод засна

2021 оны 12 сарын 09

Улаанбаатар хотод хэдийн шинэ жилийн уур амьсгал оржээ. Байгууллагууд гаднах талбай, дотор орчноо төрөл бүрээр чимэглэсээр л байна. Жил бүрийн өдийд нийслэлийн төв цэг болох Сүхбаатарын талбайд сүлд модоо сүндэрлүүлэх ажил эхэлдэг. Уламжлал ёсоор ийнхүү чимэглэж буй сүлд модны чимэглэлийг Гэрэлтүүлэг чимэглэл компани хариуцан ажилласаар ирсэн байна. Энэ жилийн сүлд модны чимэглэл, бэлтгэл ажлын талаар тус компанийн захирал А.Цогтсайханаас тодрууллаа.


-Хэзээнээс эхэлж төв талбайн сүлд модыг чимэглэж эхэлсэн бэ?

-Манай компани 1964 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Төв талбайн шинэчилсэн сүлд модыг 2008-2012 оны хооронд босгож, сүндэрлүүлж байлаа. Түүнээс хойш хоёр жил завсардсан. Улмаар 2014 оноос хойш тасралтгүй долоо дахь жилдээ төв талбайн сүлд модыг босгох, чимэглэх ажлыг хариуцаж байна.

-Сүлд модыг босгож, чимэглэхэд хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?

-Ерөнхийдөө шинээр бус хуучин гацуурыг сэргээн засварлаж босгодог юм. Нийт 20 хоног зарцуулдаг. Хуучин төмрүүдийг ахин сайжруулж, рамны бэхэлгээг хийн, шилмүүсийг шинээр тавих гэх мэт ажлуудыг жил бүр хийх шаардлагатай байдаг юм л даа. Дотоод ажлуудыг хийхэд 14 хоног зарцуулдаг. Сүлд модоо талбай дээр босгоход долоо хоног шаардлагатай.

-Гацуур модоо тэдэн жилд нэг удаа солино гэхгүйгээр хуучныгаа л сайжруулдаг юм байна шүү дээ?

-Тийм. Хуучин гацуурны гэрлэн чимэглэлийг хамаагүй солих боломжгүй. Гацуур, чимэглэл зэргийг бүтэн солино гэвэл сүлд модныхоо гаднах загварыг нь өөрчлөх шаардлагатай. Тиймээс зарим гэрлэн болон гоёлын чимэглэлүүдийг сольдог юм.

-Төв талбайд чимэглэл хийхэд хэчнээн хүн ажилладаг вэ?

-Нийт 16 хүн ажилладаг. Жил бүр тогтмол эдгээр хүмүүс л чимэглэлийн ажлыг хийдэг.

-Сүлд модны чимэглэл зарим жилд онцгой байдаг. Тухайлбал, хүүхдүүдийн хийсэн чимэглэлээр төв талбайн гацуураа засаж байсан. Энэ жилийн хувьд чимэглэл дээр иймэрхүү онцлог байгаа юу?

-Энэ жилийн хувьд онцлог, онцгой чимэглэл байхгүй. Харин үндсэн чимэглэлээр гацуураа чимэглэнэ. Ямар нэгэн байдлаар онцгой чимэглэлтэй холбоотой зүйлийг энэ жил яриагүй. Чимэглэлээ сайжруулъя гэсэн ч энэ жилийн хувьд хил хааснаас үүдэж чимэглэлийг сайжруулах боломж байхгүй тул нөөцөө ашиглаж байна. Хоёр жилийн өмнөх чимэглэлүүдээ ашиглахаар төлөвлөсөн байгаа.

-Сүлд модны угсралтын ажлыг хэзээ хийж дуусгах төлөвтэй байгаа вэ?

-Энэ эрчээрээ угсралтын ажлыг хийвэл 13-ны өдөр гэхэд дуусгана хэмээн төлөвлөсөн.

-Нэг гацуурыг ойролцоогоор хэчнээн төгрөгөөр чимэглэж, угсардаг вэ. Энэ жилийн хувьд хэчнээн хэмжээний төгрөг зарцуулахаар тооцоолов?

- Ажиллах хүн хүчний зардал нэмэгдсэн л дээ. Өргөгч дөрвөн кран, 16 ажилчны цалин гэх мэтээр тооцвол 14-15 сая төгрөг хамгийн багадаа л бодогдож гарна. Эцсийн байдлаар зардлыг тооцоолоогүй.

-Энэ жилийн гацуурыг хэр өндөр засахаар төлөвлөв. Гэрэл, чимэглэл хэр ихийг зарцуулах вэ?

-Гацуурны хэмжээ өнгөрсөн жилтэй ижил 22 метр өндөр байхаар тооцоолсон. Лед гэрлийг хоёр метрийн урттайгаар 1,000 ширхэг, шилмүүс 1,000 ширхгийг сүлд модонд ашиглан хэмээх тооцоо гарсан байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top