Улаанбаатарын хотжих нутаг дэвсгэрийг 2040 оноос хойш тэлэхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран Улаанбаатар хотын 2040 он хүртэлх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал зөвлөмж авах уулзалтыг өнөөдөр /2021.12.08/  зохион байгууллаа. Уулзалтын эхэнд “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААҮГ-ын дарга Ч.Рэгзмаа, Ерөнхий менежер Ж.Баясгалан нар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах үе шат, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулав.

Тус төлөвлөгөө нь оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй тэргүүний технологид суурилсан, олон улсад байр сууриа эзэлсэн эдийн засагтай, Монгол Улсын хөгжлийн хөтөч, иргэн төвтэй нийслэл хот болгоход чиглэгдэж байгаа аж.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын иж бүрэн үнэлгээг 2010, 2017, 2021 онд хийсэн бөгөөд сүүлийн 10 жилд үнэлгээний балл 0,2-оор буурчээ. 2040 оноос хойш хотжих нутаг дэвсгэрийг тэлэхгүйгээр, хот байгуулалтын оновчтой бодлого төлөвлөлтөөр суурьшлын нягтралыг зохицуулах замаар хөгжүүлэхийг зорьж байна гэлээ.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ТОП-100 ААН, Танхимын дэргэдэх зөвлөлийн төлөөлөл, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл 50 гаруй хүн цахим болон танхимаар оролцож, саналаа илэрхийлэв. Тухайлбал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, авто тээвэр, түгээлт, тодорхой салбарын төлөвлөлт, нийгмийн дэд бүтэц, байгаль орчин, автозамын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц, дахин төлөвлөлт, тус төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, сонирхсон асуултууддаа дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Цаашид иргэд, олон нийтээс санал авах үйл ажиллагааг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар хэлэлцүүлж санал зөвлөмж авах бөгөөд https://ulaanbaatar2040.mn/ цахим хуудсаар орж, ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцах боломжтой аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top