НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Монгол дахь дотоодын шилжин сууршигчдын гуравны нэг нь 20-29 насныхан байна. Хөдөө орон нутгаас шилжиж байгаа хүмүүсийн нас илүү залуужиж, олон залуус ахлах сургуулиа төгсөөд Улаанбаатар хотыг зорьж байна” хэмээжээ. Үүнийг “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” судалгаанд дурдсан байна.
Ийнхүү хөдөлмөрийн насныхан ихэвчлэн хот суурин газар бараадах болсон нь орлогоо дээшлүүлж, эдийн засгийн байдлаа сайжруулах зорилго агуулж буй. Энэ нь ч үр дүнгээ өгдөг бөгөөд шилжигчид өрхийн орлогоо 29-45 хувиар нэмэгдүүлснийг судалгаагаар тогтоожээ. Энэ нь орон нутагт иргэд ажлын байрны олдоц, үнэлэмж муу зэрэгтэй шууд холбоотой. Монгол Улсад 2018 онд хийсэн судалгаагаар, дотоодын шилжилт хөдөлгөөний үндсэн түлхэх хүчин зүйлд эдийн засгийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн үсрэнгүй байдал, мэдээлэл, нийгмийн үйлчилгээний хүртээмж зэрэг багтсан байдаг
Тэгвэл өнөөдөр ч хөдөөгийн хөдөлмөрийн насныхан ажил олох болон амьдралын нөхцөлөө дээшлүүлэх зэрэг эдийн засгийн хүчин зүйл нь хүмүүсийн нүүх үндсэн хүчин зүйл болсоор байна. Энэхүү дүгнэлт энэ удаагийн судалгааны үр дүнгээр давхар баталгаажсан болохыг судлаачид онцолсон байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан 2505 өрхөөс дийлэнх буюу 40.8 хувь нь ажлын байрны олдоц, бизнес хийх таатай нөхцөл зэрэг эдийн засгийн үндэслэлээр шилжин суурьшсан. Нөгөө талаас шилжилт хөдөлгөөнд нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь Улаанбаатар хотын амьдрах орчин нөхцөл болон боловсролын чанар байжээ.
Хэдийгээр иргэдийн шилжилт хөдөлгөөн хийх үндсэн шалтгаан өөрчлөгдөөгүй ч өнгөрсөн гурван жилд хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн буурсан гэдэг тоо баримт байна. Төрөөс 2017 онд нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хөдөөгөө хотод шилжин ирэгсдийг хязгаарласан. Гэвч бүртгэлгүй шилжин ирэгсдийн тоо өссөн байх магадлалтайг тус судалгааны баг тодотгожээ.
Улаанбаатарт хөдөө орон нутгаас шилжиж ирсэн мэдээллээ бүртгүүлсэн иргэдийн албан ёсны тоо 2017 онд 25 мянга байсан бол 2019 онд 6800 болж эрс буурсан дүр гарсан. Харин хамгийн сүүлийн хүн амын тооллого, захиргааны мэдээлэл, чанарын судалгаа зэрэгт дүн шинжилгээ хийж үзэхэд, энэ хугацаанд бүртгэлгүй шилжин суурьшигчдын тоо нэмэгдсэн байх өндөр магадлалтай аж.
Түүнчлэн нийт эдийн засгийн нөхцөл байдал шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг байна. Сүүлийн жилүүдэд албан ёсны шилжилт хөдөлгөөн буурах болсон шалтгаан нь 2012-2017 онд эдийн засгийн хөгжил саарсантай холбоотой байж болох гэнэ. Сүүлийн хорин жилийн тоо баримтаас харахад, эдийн засгийн өсөлт муу байх үед Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурах хандлага ажиглагджээ.
Тус байгууллагаас нийслэлд шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгааг мөн хийжээ.
Ингэхэд, дээр дурдсан шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бүртгэлгүй шилжигч өрхүүдийн болон эмзэг байдлыг нэмэгдүүлсэн байна. Эмзэг байдлын шинжилгээгээр дотоодын шилжин суурьшигчид нь эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн хувьд эрсдэлд өртөж, шилжигч бус иргэдтэй харьцуулахад эмзэг байдлын түвшин нь хавьгүй илүү нэмэгджээ.
Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үеэр Улаанбаатар хотод шилжин суурьшсан бүртгэлгүй иргэд Улсын бүртгэлийн мэдээллийн санд албан ёсоор бүртгүүлж, боловсрол, эрүүл мэнд болон бусад нийгмийн суурь үйлчилгээг хүртэх боломжгүй болсон учраас олон тооны бэрхшээл тулгарсан. Жишээ нь, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, байр, орон сууц түрээслэх эсвэл худалдаж авах, ажил олох, өмч хөрөнгөтэй болох боломжгүй болж ирсэн байна. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөний хязгаарлалт нь нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулахад төдийлөн нөлөө үзүүлж чадаагүй гэдэг дүгнэлт гарчээ.
Тиймээс шилжилт хөдөлгөөнийг үр дүнтэй удирдахын тулд богино болон дунд хугацааны зорилтот арга хэмжээг урт хугацааны шийдлүүдтэй хавсарган хэрэгжүүлэх хэрэгтэй НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас манай бодлого тодорхойлогчдод зөвлөжээ. Жишээ нь, орон нутагт хөгжил авчрах дэд бүтцийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүс нутаг руу чиглүүлэх, гамшгийн хор уршгийг бууруулах зэрэг нь шилжилт хөдөлгөөнийг бууруулахад том нөлөө үзүүлэх ач холбогдолтой аж.
Д.ДУЛМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )