ОЛОН ӨНГӨ: Оюутолгой ярьж байхаар Э.Оюунболдоо ярьж байсан нь дээр

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Сүүлийн үеийн цахим ертөнц Улсын арслан Э.Оюунболдын зураг хөрөг, түүний тухай сэтгэгдлээр давалгаалж байна. Ихээхэн ач холбогдол өгч, цахим орчинд түгжрэл үүсгэн шуугиж байгаагаас харахад монголчууд бид бөхдөө хайртай, тэднийг хүндэлдэг, бас мэддэг ард түмэн гэдэг нь илт. Уг нь бид хэдхэн хоногийн өмнө сүрхий том зүйл ярьж байсан л даа.

Дэлхийд данстай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүнд байгаа алдаа оноог шүүмжлэх, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний ханш,  өсөлт уналт, валютын ханш гээд мэдэх мэдэхгүй зүйлээ бурж байв даа. Үүнээс гадна төр, түмнээ зүхэж хараасан давалгаа ч мундахгүй. Бид чинь яасан ч их “юм” мэддэг болсон юм. Ямар ч олон газар тэнүүчилж, нүднийхээ хорыг гаргасан юм, мэдэхгүй. 

Иргэн хүний хувьд ам.долларын ханш, уул уурхайн бүтээгдэхүүний ханшаа мэдэж байх нь зүйн хэрэг ч Оюутолгойн гэрээний алдаа оноог шүүх нь арай хэтийдсэн хэрэг болоод байсан л даа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог УИХ-ын гишүүн, эдийн засагч гэх С.Ганбаатар нар л ялгаж салгаж ойлгодоггүй гэдгийг нэртэй эдийн засагчид ярьдаг юм шүү дээ.

Монголчууд биднийг ийнхүү цахим орчинд Олон улсын валютын сангийн шинжээчид ч шиг байр сууриа бат нут илэрхийлж байхад Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан нь “шинжээч”-дийн давалгааг өөр тийш эргүүлэв. 

Эсрэгээрээ Э.Оюунболдыг өмөөрсөн хамгаалсан, харамсаж халагласан давалгаа бий болов. Тэр ч бүү хэл өмнөөс нь боож үхэхдээ тулан харамсаж байгаа хүн ч харагдана лээ. Нэг сэргээш хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хасаа л биз. Үүнд сүржигнэж халаглах ямар хэрэг байна вэ гэж бодох болов. Түүнийг барилдлаа гээд улс орны амьдрал дээшлэхгүй. Барилдахгүй байлаа гээд амьдрал уруудчихгүй. Нэг барилддаг нөхрийн хувийн л асуудал.

Гэхдээ нэг сайн тал байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад ойн тойнд амар буудаггүй зүйлээр бус Э.Оюунболдоор халаглаж байгаа нь сайшаалтай. Яаж ч бодсон сөхөж хараагүй, сөхөж хараад ч ойлгохгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ярьж байхаар Э.Оюунболдыг ярьж байх нь амар. Хүн ер нь мэддэг зүйлээ ярих нь сайхан. Э.Оюунболд гэж барилддаг залууг мэдэж ядах юм алга. Үндэсний бөхөө ч мэднэ гэхээр болчихно. Мэдэхгүй, харж үзээгүй зүйлээ ярих, тэр тусмаа шүүмжлэх гэдэг даанч утгагүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.23) 2021 оны 12 сарын 10

Оюунболд оо ярьж байхаар оюутолгойгоо ярь

1  |  0
Эгэл(103.57.92.28) 2021 оны 12 сарын 10

Одоогийн байгаа Оюутолгойн гэрээг зөв гэж өмөөрч байгаа бол 1-р ангиасаа дахиж сур гэж зөвлөэ.

1  |  0
Top