Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян өрнөж, “Сэтгүүлчид хүчирхийллийн эсрэг!” уриан дор цуврал арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Энэ хүрээнд “MEDIA WATCH” хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 8-ны 17.00 цагт цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээнд цацагдсан хүчирхийлэлтэй холбоотой зарим жишээг авч мэргэжлийн судлаачдын тайлбар, зөвлөмжтэйгөөр хүргэсэн. Тухайлбал, Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийн нууц, хувь хүний эрх, нэр хүндийг тодорхой хэмжээгээр хамгаалж хэвшиж байгаа боловч хохирогчийг буруутгах хандлага ажиглагдсан хэвээр байгаа тухай судалгааны дүнг мэдээллэв.
Мөн сүүлийн үеийн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан кейсүүдэд хүчирхийллийн асуудлыг дөвийлгөх, асуудлыг буруу ташаа агуулга руу чиглүүлэх зэрэг байдал ажиглагдаж буйг ярилцав. Үүнтэй холбоотойгоор Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах хүчирхийллийн сэдвийг хэрхэн хөндөх, хохирогчийг буруутгах хандлагаас хэвлэл мэдээлэл хэрхэн зайлсхийж, хохирогчийг буруутгах нь ямар үр дагаварт хүргэх, хохирогчтой хэрхэн ярилцах зэрэг асуудлаар сэтгүүлчдэд мэргэжилтний хувьд мэдээлэл өглөө.
Энэхүү үйл ажиллагааг ХЗДХЯ болон АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэн зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )