-Б.Оюунчимэг донор болсон цагаас хойш 1.6 тонн сүү, 48 литр цусаа бэлэглэж, 680 гаруй хүний амийг аварчээ-
Энгэрээсээ эрдэнэ асгаруулсан эх хүний алдрыг магтаад баршгүй. Эхийн ариун сүү гэдэг юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ билээ. Өөрөөсөө төрсөн дөрвөн хүүхэд өрөөлөөс төрсөн 320 гаруй хүүхдийг цагаан сүүгээрээ тэтгэж хүн болгосон эх хүн үлгэр домог шиг амьдралаараа өдий хүртэл яригдсаар л явна. Гагц сүүгээр биш гал халуун цусаараа 300 гаруй хүний алтан амийг аварсан ачтан гээд бодохоор гайхамшиг байдаг гэдэгт итгэнэм. Мөн элэгний өвчтэй олон хүнд 120 литр сүү хандивлаж байжээ. Ингээд тэрбээр 680 гаруй хүний алтан амийг аварсан ачтай, буянтай нэгэн. Хүн юм уу бурхан юм уу гэж дуу алдан гайхан биширмээр гавьяатай Б.Оюунчимэг хэмээх эрхэм өдгөө 78 насыг зооглон, 20 гаруй ач, гуч нартайгаа өнөр өтгөн амьдарч байна.
ӨДӨРТ 10 ЛИТР СҮҮ СААДАГ БОЛОХООР ӨӨРИЙН НЭГ, ӨРӨӨЛИЙН 30 ХҮҮХДИЙГ ХӨХҮҮЛДЭГ БАЙСАН
Б.Оюунчимэг багш мэргэжилтэй. Багшийн ажлаа 30 жил хийж сурган хүмүүжүүлэх үйлсэд энэ биеэ зориулжээ. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн, өдгөө үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян айл болсон. Хүн гэдэг энэ хорвоод хүний төлөө л төрдөг юм байна. Тэгвэл Б.Оюунчимэг 680 гаруй хүний амийг аварсан гээд бод доо. Энэ эмэгтэй туг намируулсан баатар биш, чагнуур барьсан эмч ч биш. Энгэрээсээ эрдэнэ асгаруулсан эх хүн билээ.
Тэрбээр анхны хүүхдээ 1963 онд төрүүлээд яслид өгдөг байжээ. Цайны цагаараа хүүхдээ хөхүүлэнгээ, тэр яслийн 30 хүүхдийг бүгдийг нь хөхүүлчихээд явдаг байв. Өдөрт 10 литр сүү элбэгхэн гарчихдаг байсан болохоор 30 нялх амьтаныг бондойтол нь цатгачихаж дөнгөнө. Нэг өдөр мөнөөх 30 хүүхдийн 17 нь л иржээ. Хөх нь чинэрээд байхаар нь саатал хоёр литр сүү гарчээ. Тэрийгээ крантр руу асгаж байтал асрагч нь учиргүй сандарсан юм байх. Учир нь Архангай аймгаас гурван ихэр хүүхэд тэр яслид ирсэн байжээ. Тэжээлийн дутагдалд орж, ам нь ангалзаад харангадчихсан, цэлдэн хөх болчихсон гурван нялх хүүхэд байна гэнэ. Дуу ч гарах тамиргүй болтлоо доройтсон тэднийг амьд үлдэх эсэхэд эмч нар эргэлзэж байжээ.
Б.Оюунчимэг сүүгээ дахин саагаад 400 грамм хүрэхтэй үгүйтэй болгоод өгөв. Орой нь хүүхдээ авах гээд яслидаа иртэл нөгөө гурван ихэр час хийсэн хүчтэй хоолойгоор уйлах нь сонсогджээ. Эхийн халуун сүү тийм хурдан үйлчилж, тамир тэнхээ орсон байхыг хараад хөхний сүү хүүхдэдээ чандмань эрдэнэ юм байна гэдгийг бүрэн ойлгожээ. Ийнхүү дусал ч сүү дахиж асгаж болохгүй юм байна гэдгийг ухаарч ангаж цангасан ангаахай үрсийг өөрийн үр шигээ тэврэн тосдог болжээ.
Түүний хөхний сүүг шинжилгээнд явуулахад нэгдүгээр зэргийнх гэж гарсан бөгөөд шим тэжээл ихтэй, хүүхдийг хурдан тэнхрүүлж, мах мяраа суулгадаг байна. Нэг сонин түүх сөхөхөд түүний сүү татраад найман жилийн дараа охин нь хойно Оросод төрөөд нэг сартай хүүхдээ явуулжээ. Хүүхэд нь угж хөхөхгүй уйлаад байхаар нь мөөмөө хөхүүлсэн чинь Б.Оюунчимэг буцаад сүү орчихсон гэдэг.
Найман жилийн дараа хөхөнд сүү орно гэдэг ховор үзэгдэл учраас үүгээрээ тэр Геннисийн номонд бичигдэж байжээ.
Түүнийг 1996 оны нэгдүгээр сард Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн IX хурлаар Монголын "Геннис"-ийн Улаан номонд оруулсан түүх ийм бөлгөө. Мөн тухайн үедээ Оросын сэтгүүлд гарч байсан удаатай. Хөхүүл байхдаа сүүгээ татраах гэж будааны шүүс, модны холтос буцалгаж уусан ч сүү нь татраагүй гэдэг. Цаанаасаа л ундаргатай булаг шиг боргилж байдаг удамтай хүн дээ. Б.Оюунчимэгийн эмээ нь, ээж нь, охин нь, зээ нь гээд бүгд сүү сайтай. Ихэнх нь өдөрт зургаа, долоон литр сүү гардаг гэнэ лээ. Гойд их сүүтэй нь Б.Оюунчимэг. Түүний хоёр дахь төрөлтөн дээр Хөвсгөлийн гурван ихэр хүүхэд төрж таараад бас л бүгдийг нь хөхүүлж овоо хөөрхөн болгоодохжээ.
Харин гурав дахь төрөлтөн дээр нь Увсын гурван ихэр, дөрөв дэх төрөлтөн дээр нь Зүүнхараагийн гурван ихэр мөөм ээжтэй болжээ. Ихрүүдийг хөхүүлэхээс гадна сүүгээрээ угааж, нурсан цавь, сугыг нь анагаадаг байсан гэдэг. Түүнийг эмнэлгээс гарсан хойно гэр нь хол ч байсан, ойр ч байсан хүрч ирж аваад хүүхдүүдээ хөхүүлдэг болж мөөм эх, үрсийн ариун жим зүг зүг тийш салаалжээ. Мөөм ээж нь дөрвөн аймгийнхаа гурван ихрүүдийн нэрийг андахгүй. Бүгдийг нь овог нэртэй нь хэлнэ. Өдгөө үрс нь ханайсан сайхан эрчүүд, гунхсан сайхан хүүхнүүд болсон.
Б.Оюунчимэг “Орчин үед хүүхнүүд төрөхөөрөө гадаадынхныг дуурайгаад хүүхдээ хөхүүлэхээр биений галбир муудна гэсэн амин хувиа хичээсэн зан гаргадаг болчихож.
Нэмэлт тэжээл хэзээ ч эхийн сүүг орлож чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд эхийн сүүгээр хүн болж байж л эрүүл саруул, ой ухаан сийрэг, бие бялдар чанга байна. Сүүгээрээ хүн болоогүй хүүхэд андашгүй дархлаа муутай, өвчин эргүүлсэн хүн болдог” хэмээн халаглаж байлаа. Халуун сүүгээ хөхүүлсэн мөөм ээж нь өглөө бүхэн олон хүүхдийнхээ араас сүү өргөн, сайн сайхан яваасай гэж залбиран сүсэглэдэг. Үргэлж л үр хүүхдүүд минь хаана яваа бол, сайн л явдаг байгаа даа хэмээн сэтгэл дэнслэн бодно. Өөрийн, өрөөлийн хүүхдийг хөхүүлж байхдаа энэрэнгүй сэтгэлээр ивлэн ивлэн сүүгээ ундруулна. Тэдний дундаас гурван ихрүүдээ мөнхөд бодон залбирч явдаг билээ.
ЦАГААН СҮҮГЭЭ ХӨХҮҮЛЖ ӨСГӨСӨН ИХРҮҮДТЭЙГЭЭ 50 ЖИЛИЙН ДАРАА УУЛЗАЖ СЭТГЭЛЭЭ ДЭВТЭЭЖЭЭ
Б.Оюунчимэг мөөм ээж болохоосоо өмнө хүмүүст халуун цусаа хандивладаг байсан аж. Дүүгийнх минь бие өвдөөд Эрдэнэтийн эмнэлэгт сахиж байхдаа дүүдээ 500 грамм цус өгч амийг нь аварчээ. Хоёрхон хоногийн дараа мөнөөх эмнэлэгт нэг эмэгтэй төрж гэнэ. Тэр эмэгтэйн гурав дахь хүүхэд нь төрсөн аж. Хүүхэд нь эрүүл саруул байгаа боловч ээж нь цус алдаад шоконд орчихсон, хариугүй үхдэгийн даваан дээр харагдав. Төрсөн эмэгтэй эмнэлгийн асрагч охины дүү нь юм гэнэ. Асрагч охин "Дүү маань цус алдаад хариугүй явчих гээд байна аа. Та цуснаасаа өгж туслаач” хэмээн амь гуйжээ. Тэгээд дүүгийнх нь цусны бүлэг өөрийнхтэй нь таарсан тул 500 грамм цус өгчээ. Зүй нь бол донорууд нэг удаа цусаа өгчихөөд 2-3 сар болж байж дараагийн цус өгөх ёстой байдаг.
Гэхдээ тэнд нэг хүний амь хутганы ирэн дээр байхад яаж үгүй гэж хэлж чадах билээ. Донорууд ер нь үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс. Тэр охины царай нь зэвхий цайчихсан, яг үхчихсэн хүн шиг харагдаж байсан гэдэг. Халуун цус судас руу нь залгаад удаа ч үгүй охины уруул ягаанаар туяарч, хацар нь үл мэдэг татвага хийснээр тэр бүсгүй амьдралын гараас атгаж үлджээ. Энэ явдлыг нийслэл дэх Цусны төв мэдээд дарга нь "Оюунчимэгээс яагаад хоёр хоногийн зайтай нэг литр цус авдаг юм. Та нар өөрсдийгөө бодоод хүнийг бодсонгүй юу" гээд учиргүй загнажээ. Б.Оюунчимэг тэрийг нь сонсоод бидний төлөө бас санаа нь зовж л явдаг юм байна гэж сэмхэн баярлажээ.
Цусаа өгчихөөд эмнэлгийн шатаар доошоо уруудаж явахдаа "Хэрэв би энэ хүнд цусаа өгөөгүй бол гурван хүүхэд ээжгүй, нөхөр нь ханьгүй, эцэг эх нь охингүй болох байсан. Тэгэхээр энэ хүнийг аварсан нь аргагүй сайн зүйл боллоо" хэмээн өөрөөрөө бахархсан удаатай. Ийнхүү цус гэдэг чандмань эрдэнэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон тэрбээр цусны Хүндэт донор болсон түүхтэй. Улаан загалмайн их хурлаар түүнийг сүү, цусны хосолсон Хошой донор гэж зарлаж байсан.
Хүнд буян үйлдэж, олон хүний алтан амийг аварсан ач буяны хариуд түүнийг хоёр гурван удаа бурхан үхлийн савраас аварчээ. Олон жилийн өмнө автобусны буудал дээр зогсож байтал нэг машин хоёр автобусны дундуур хурдтай орж ирээд мөргөөд чулуудчихжээ.
Б.Оюунчимэг автобусан дээгүүр даваад замын голд унасан байгаа юм. Тархи нь гэмтэлтэй, хоёр хавирга хугаралтай, хэл яриа нь ээдрээтэй болжээ. Гэмтлийн эмнэлэгт тархиндаа хагалгаа хийлгээд сэхсэн гэдэг.
Гэмтлийн эмч "Оюунаа минь чи аргагүй л их буян үйлдэж дээ. Чам шиг гэмтэл авсан хүн нэг бол газар дээрээ нам явдаг, нэг бол насаараа өрөөл татанхай болдог. Гэтэл чи юу ч болоогүй юм шиг л явж байна" гэжээ. “Б.Оюунчимэг “Олон хүнд цусаа бэлэглэж, сүүгээ өгсний буян намайг аварсан л гэж бодож явдаг юм. Би донор болсон цагаасаа эхлээд нялх хүүхдэд 1.6 тонн сүү, элэгний өвчтэй хүнд 120 литр сүү өгсөн. Мөн 48 литр цус өгсөн байна. Цусыг хүнд өгөхөөс гадна 12 төрлийн эм бэлдмэлийг гаргаж авахад хэрэглэж хэрэгтэй хүмүүсийнхээ гарт очдог. Сайхан эрүүл чийрэг залуу үеийгээ донор болоосой гэж уриалмаар санагддаг юм аа. Хүнд өгч болох хамгийн том бэлэг амьдрал учраас тэр шүү дээ. Нэг хүний цус өгөхөд гурван хүний амь авардаг гэж ярьдаг.
Хүмүүс миний өмнөөс сүү, цусыг минь харамлана шүү дээ. Та хайран юм хамаагүй битгий цацлаад бай гэдэг. Биед минь багтаж ядан халгиж цалгиж байгаа юмыг асгалтай нь биш дээ, хариу нэхэлгүй хүмүүст түгээж байлаа.
УИХ-д Донорын ерөнхийлөгчдөөс хоёр ч хүн нэр дэвшин гарсан. Энэ хүмүүс доноруудынхаа эрх ашиг, эрүүл мэнд, амьдрал ахуйд анхаарч, дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Сүүлийн үед доноруудад Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Шударга журам өгдөг болсон байна лээ. Хүний амь аварна гэдэг гавьяатай үйлс биш үү дээ” хэмээн даруухан өгүүлж байлаа. Түүнд төр засаг Алтан гадас одон ч хайрлаагүй л байна. Тэрбээр өдгөө Яармагийн дэнжид намуухан аж төрж байгаа билээ. Мөөм ээж нь ихрүүдтэйгээ уулзах юм сан гэж дандаа мөрөөддөг байсан. Түүний охин Ч.Нарантуяа ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлэгт захидал бичсэнээр ээжийгээ мөөм үрстэй нь уулзуулжээ.
Тэр цагаас хойш Увс аймгийн Самдангийн гурван ихэр, Майдарын гурван ихэр, Хөвсгөл, Архангай, Зүүнхараагийн ихрүүдтэйгээ холбоотой байгаагаа ч инээмсэглэн хэлэв. Мөн халуун сүүг минь хөхөж амь ургаж төлжсөн мөөм үрстэй нь уулзуулсан “Тавилан” нэвтрүүлгийнхэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Гурван ихрүүд нь эх орныхоо өнцөг булан бүрд амьдарч аль хэдийн эмээ, өвөө болцгоожээ.
Эхийн цагаан сүүгээр холбогдсон мөөм ээжийдээ 40, 50 жилийн дараа алд цэнхэр хадаг барин, аньсага дүүрэн нулимстай учран золгох мөч гэдэг юунаас ч үнэтэй агшин билээ. “Миний хүү” хэмээн хошуу дэвсэн хацрыг нь үнэрлэн тэврэн золгох эхийн сэтгэл гэдэг юутай агуу. Олон жилийн өмнө эхийн ариун сүүгээр зүг зүг тийш салаалан мөчирлөсөн сүүн цагаан зам эргээд хүний сайхан сэтгэлээр, үгүйлэн талархахын үлэмж хайраар ийнхүү эргэн нэгдэн биесээ эрж олжээ. Хүн гэдэг энэ орчлонд хүний л төлөө төрдөг юм байна шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )