ОЛОН ӨНГӨ: Өөрийгөө хүлээхүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 11

Хүн гэдэг ертөнцийн олон үзэгдэл юмс, хүмүүний олон араншинг танин мэдэх гэсээр хорвоог бардаг юм шиг. Өөрийгөө таньж мэдэрсэн сэн бил үү, өөртэйгөө ярьсан сан бил үү гэж боддог нь хэд бол. Гадаад үзэмж, нэр алдар, зоосны нүхээр орчлонг хэмжиж, нэг нэгээсээ илүү гарах гэсээр ядарч гүйцдэг юм биш байгаа. Бас хэн нэгэнд хайртай болчихоод түүнийхээ төлөө шаналан санагалзаж, шархлан үлдэх нь ч олонтаа.

Гэтэл өөрийгөө хайрлаж, өөрийгөө чагнасан нь хэзээ вэ.

Сүүлийн хэд хоног би нэг хүнийг аргадан гуйн цөхөх болов. Он цагийн тэртээд нэг жаахан охин ажиггүй гэрэлтэн суусаар л байх юм. Ус мөрөн мянгантаа сэлбэгдэвч усгал нүдтэй мөнөөх жаахан охин нэхэл хатуу ширтэн суух нь гачлантай. Хэзээ нэгэн цагт би тэр охинд их ээ гэгээн сайхныг амлаж байсан нь там тум санагдана. Тэр амлалтаа биелүүлж, хүслийг нь гүйцээлүү гэж бодохоор дутуугийн нэхэл дотроос зулгаана. Ай, би тэгэхээр худалч болж таарлаа. Хорвоогийн олон өнгөнд хувьсан уусаж, хонгорхон охины сэтгэлийг үрсэн байх нь.

Цагаан дорнын алсад тунирхан суух охин чамайг аргадахын ятгаар аялгуу нисгэн гуйнам. Сэтгэл чинэрэн дүүрээд асгарах гэж байгаа юм шиг байж ядан тэлчилнэ. Гэвч нэг л гачлантайгаар дуншаад л байх. Энэ нэгэн үелзлийн тайлал нь мөнөөх охин тул өнө мөнхөд өөдөөс ширтсээр л суух өөрийгөө хүлээсээр л байнам. Хүлээсээр л.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top